Дэлхийн дэвжээ Монголд

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Дэлхийн дэвжээ Монголд

Яармагийн дэнжид сүндэрлэх Спорт цогцолбор ашиглалтад ороход цөөхөн хоног үлдлээ. Спортын бүхий л төрлөөр хурд хүч, авхаалж, самбаагаа сорих торгон дэвжээ Яармагийн дэнжид аравдугаар сарын эхээр ашиглалтад орох гэж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр тус цогцолборын ажилтай танилцлаа. Тэрбээр ирэх сард болох дэлхийн залчуучуудын аварга шалгаруулах боксын тэмцээнийг зохион байгуулах хорооны дэд даргаар ажилладаг. Иймээс цогцолборын ажил хэрхэн өрнөж байгаа, тэмцээн эхлэхэд бэлэн болох эсэх, ус дулаан, цахилгаан, зам тохижилтын ажил дуусах болсныг нүдээр үзэхээр очсон. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар босох спорт цогцолбор 2007 онд шаваа тавьж, барилгын ажил өрнөсөн юм. Барилгыг Шанхай групп гүйцэтгэсэн байна. Хятадын талаас уг барилгыг стандарт шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн бөгөөд одоо Монголын талд хүлээлгэж өгөх үлджээ. Анх гадна тохижилтын ажлыг Монголын компаниуд гүйцэтгэхээр зураг төсөлдөө тусгасан ч дахин өмнөд хөршид санал тавьснаар гадна талбайн тохижилтыг ч мөн хийж өгөхөөр болсон аж. Спорт цогцолбор 5040 хүний суудалтай. Гурван машины зогсоолтой, зогсоол бүртээ ойролцоогоор 80 орчим машин тавих хүчин чадалтай ажээ. Харин ирэх сард болох боксын аварга шалгаруулах тэмцээн болохоос өмнө төв зам цогцолбор хоёрыг холбосон авто зам, хашаанаас гаднах талбайг Монголын тал тохижуулах гэнэ. Тендер зарлаж, 2,9 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн энэ ажил хугацаанаасаа хоцорч байгааг барилгын гүйцэтгэгчид хотын мээрт дуулгалаа. “Тохижилтын ажлыг хурдавчлах шаардлагатай юм байна. Одоо тендер зарлаагүй байна гэдэг оройтож л байгаагийн шинж. Аравдугаар сард болох тэмцээнд 18 чиглэлд 200 гаруй автобус үйлчилнэ гэсэн урьдчилсан тооцоо бий. Гадна талбайд дор хаяж 2000 машин, хашаанд дотор 100-200 машин зогсох болно. Тиймээс бүх талыг бодолцон хурдан гүйцэтгээрэй” хэмээн хэллээ.  Дашрамд сонирхуулахад цахилгаан, ус, дулааны асуудлыг бүрэн шийдсэн цогцолбор ямар ч төрлийн тэмцээн уралдааныг дэлхийн түвшинд зохион байгуулах бүрэн боломжтой аж.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж