Хүүхдийн олимпийн аваргуудад цол өгөх үү?

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Хүүхдийн олимпийн аваргуудад цол өгөх үү?

Монголчууд бид энэ наадмын нэрийг  одооноос эхлэн зөв хэлж тогтмоор
санагдана. Бид энэ олимпийн угтал нэрийг эхнээсээ авахуулан будилж,
эргэж төөрөн янз бүрээр хэлж, бичиж ирсэн. Спортын байгууллагууд нь үүн
дээр тоймтой юм одоог болтол хэлсэнгүй. Олимпийн хороо болохоороо
“Залуучуудын олимп” гэж орчуулах хэрэгтэй гэсэн юм байх.  Уг нь “Youth
Olympic games” гэдгийг шууд утгаар нь монгол хэлэнд орчуулбал
“залуучуудын” гэж хэлнэ л дээ. Гэхдээ энэ наадамд оролцсон тамирчдын
насны ангиллыг авч үзвэл 14-18 нас буюу өсвөр буюу хүүхэд насныхан
гарцаагүй мөн. Дэлхий нийтийнхэн  17-35 насыг залуу нас гэж авч үздэг.
Энэ наадамд 14 настай хүүхэд түрүүлбэл бид залуучуудын олимпийн аварга
гэх үү. Үгүй, залуучуудын гэж нэрлэх нь зохимжтой биш байна. Би энэ
салбарт олон жил ажилласан мэргэжилтэн, судлаачийн хувьд  энэхүү наадмын
нэрийг “Хүүхдийн олимп“ гэж нэрлэнэ. Яагаад гэвэл энэ олимпийн насны
ангиллын эхлэлийг 14 наснаас нь авч үзэх хэрэгтэй.

Манай тамирчид тив, дэлхийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээнүүдэд
“Youth”  оролцож байгаа. Мөн залуучуудын тэмцээн “Junior” -д бас орж
байгаа. Эдгээр тэмцээний насны ангилал нь тус бүртээ өөр өөр байдаг.

Монголын өсвөр үеийнхэн гадаадад бол 4 жил тутамд ОХУ-ын Якутск улсад
болдог Азийн хүүхдийн спортын олон улсын наадамд оролцдог. Энд насны
хязгаарыг ч бас тогтоосон байдаг ба заавал “хүүхдийн” гэсэн тодотголыг
зүүсэн байдаг. ОХУ-ын Москва хотноо 1998 онд дэлхийн хүүхдийн спортын
наадмыг зохион байгуулж байсан. Бид оролцсон, бас л ийм нэртэй байсан.
Мөн энэ оны 9 сард Монгол туургатан хүүхдүүдийн спортын наадам БНХАУ-ын
Хөх хотод болох гэж байна. Өнгрсөн жил Улаанбаатар хотноо болсон.
Түүнчлэн манай улсын БТС-ын хуулиар бол хүүхдийн спортын наадам зохион
байгуулахыг хуульчлан зааж 4 жил тутамд энэ наадам зохиогддог. Аймаг,
дүүрэгт ч жил бүр сурагчдын дунд хүүхдийн спортын наадам зохион байгуулж
зөвхөн 10 жилийн сургуулиудад сурч буй хүүхдүүд л оролцдог. Гадаад,
дотоодын наадмын нэрс ингэж л нэрлэгддэг юм.

Сингапурт болсон хүүхдийн олимпийн наадамд аварга болсон 2 хүүхэд маань
энэ зун 10 жилийн сургуулиа төгссөн хүүхдүүд байна лээ. Тэд энэ намраас 
эхлэн оюутнууд болно. Тэднийг залуучуудын олимпийн аварга гэхээр утга,
агуулга, тэгээд ч нэр нь тун зохимжгүй байна. Үүнийг анхаарах хэрэгтэй.
Тиймээс би хүүхдийн Олимпийн наадам гэж нэрлэх нь зөв, оновчтой  ба
тохиромжтой, гэж үзээд байгаа юм. Монголчууд бид чинь утгаар нь ойлгохыг
илүүд үздэг онцлоготой ард түмэн шүү дээ. Тиймээс ард түмэн дундаа
тогтсон нэртэй, зөв ойлголттой болье гэсэн санал гарган хэлэлцүүлж
байна.


Хүүхдийн олимпийн наадмын тэмцээний утга, учир

Наадмын тухай олон зйүл хэвлэгдэн, яригдсан учраас нуршихыг бодсонгүй.
Энэхүү наадам анх удаагаа болж өндөрлөлөө. Анх удаагын наадам болохоор
амжилттай болсон зүйл ч байгаа ба бас дутуу бодсон, сонгон
шалгаруулалтан дээр алдаж оносон зүйл байсан. Зарим спортын төрөл дээр
маш баг тооны тамирчид оролцсон.Энэ нь хүлээн авах тамирчдын тоог
хязгаарлах тухай Сингапурын ЗБХ-ны бодлоготой ч холбоотой байх. Жижигхэн
улс хүлээн авах байр сав бага, тэмцээний заал танхимын хүрэлцээ зэрэг
асуудлууд ч үүсэнтэй холбоотой байж мэдэх юм. Багийн төрлүүдэд заавал
тивүүдийн төлөөлөл байна гээд сул орнууд орж, урьдчилсан тоглолтын
онооны харьцаа хол зөрүүтэй байх жишээтэй. Сонголтыг сайн хийх хэрэгтэй л
дээ.
Боксын тэмцээний нэг жинд 8 тамирчинг тоо тогтоон оруулсан. Тамирчин нэг
хожиход л хүрэл медаль дээр бууна. Энэ үеэд медалийн чанарын асуудал
яригдана. Мөн жүдогийн багийн тэмцээн гэж явуулсан байх юм. Тив бүрээс
тамирчид нийлж ороод манай тамирчин мөнгөн медаль хүртсэн. Энэ медаль нь
Монголын баг тамирчдын медалийн тоонд огт орж тооцогдоогүй байх
жишээтэй. Тэгэхлээр яаж энэ медалийг тухайн улс орон нь үнэлэх юм вэ.
Хоёр дах наадмаас эхлэн олон зүйл дээр анхаарах, зарим зүйлийг засч
сайжруулах, боловсронгуй болгох нь зүйтэй байна.


Өсвөрийн тамирчдыг ялгаварлах хэрэггүй

Хүүхдийн олимпийн наадамд амжилттай оролцож анхны алтан медаль хүртсэн 2
хүүхдэд гавьяат цол олгох гэж байна хэмээн шуугиж эхэллээ. Тэгвэл
саяхан манай улсаас шатрын олон улсын хэмжээний тамирчин 17 настай
А.Энхтуул дэлхийн хүүхдийн спортын аварга болсон. Мөн Ц. Хонгорзул
буудлагын спортын дэлхийн залуучуудын аварга болсон зэрэг өндөр
амжилтуудыг манайхан гаргасан. Тэдний амжилтыг нь төр хэрхэн үнэлэх юм
бэ гэдгийг олон түмэн, тухайн спортын төрлийнхөн харж л байгаа шүү дээ.
Нэг хэсгийг нь үнэлээд нөгөө хэсгийг нь орхиж ялган гадуурах болбол
Монгол улсын үндсэн хуулийг зөрчих болно.
Ер нь спортоор нь болон дэлхийн аварга, хүүхдийн олимп зэргээр нь
ангилан ялгаж үзмээргүй байна. Жингийн туухай дээр тавьж үзвэл дэлхийн
өсвөр үе, залуучуудын аваргын тэмцээнд оролцогчдын тоо, чанарын хувьд
хүүхдийн олимпоос ч илүү байж мэднэ. Миний хувьд хүүхдийн олимпийн
наадмын нэгдсэн заавартай танилцаагүй учраас сайн мэдэхгүй байж болох
юм. Гэхдээ шатар, буудлагын энэ хоёр хүүхэд ч бас тухайн төрлүүд дээрээ
анх удаагаа л энэ өндөр амжилтанд хүрсэн гавьяатай хүмүүс юм билээ.
Спортынхон маань тамирчидад олгох мөнгөн шагналын асуудал дээр Монгол
улсын үндсэн хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд асуудал нь хүрч
байсан удаатай.


Ер нь наадмуудыг мэргэжлийн байгууллага, хүмүүсээр удирдуулах хэрэгтэй

Манайд олимпийн хороо гэж байгууллага бий. Энэ нь олон улсын
байгууллагад Монгол улсыг төлөөлөх, харилцаж байх эрхтэй. Гэтэл эрх
үүргээ хэт товойлгон үзсээр ирсэн. Энэ наадамд ажиллах багийн ахлагчаар
спортын мэргэжлийн хүмүүс ажиллуулах байсан юм. Гэтэл МҮОХ-ны гадаад
хариалцааны хүн баг тамирчидаа хариуцсан байх жишээтэй. Гадаад
харилцааны хүн тэр ажлаа хийе. Харин спортын төрийн байгууллагын хүн
мэргэжлийн тэр ажлаа хийх бололцоог МҮОХ олгох хэрэгтэй. Ер нь бид
иймэрхүү буруу жишгээр явж ирснээс одоо болтол урьдах наадмуудаас
дүгнэлт хийж чадаагүй. Мэргэжлийн хүн тухайн наадмаас ямар үр дүн хүлээж
байсан, юунд хүрсэн, ололтой тал нь юу байв, дутагдал ба алдаа, цаашид
юун дээр анхаарах гэдэг талаар тайлан, дүгнэлт гаргах ёстой.
Харин тамирчидаа төөрүүлэхгүй тэмцээнд нь оруулах, хоол унд, байр,
тээврийн асуудлыг нь зохицуулж өгч байгаа байх ажлаа гадаад харилцааны
хүн багийн ахлагчийн удирдлага дор хийх ёстой. БТСГазраас зөвхөн
ажиглагч ба зочны байр сууринаас оролцсныг маш буруу үзэгдэл гэж үзэж
байна. Харин тэд наадмыг удирдаж, хариуцлагаа үүрэх ёстой. Эрхээ
хэтрүүлдэг МҮОХороо гэдэг олон нийтийн байгууллагын эрхшээл дор хэр
удаан явах юм бэ. Төр нь хүчтэй, ажлаа мэдэж юмаа хийе. Үнэхээр
тамирчдыг бэлтгэж, сургах, цалин мөнгийг нь олгох, бэлтгэлийн үр дүнг
хянах, тэмцээний зардлыг нь гаргах асуудлыг БТСГазар буюу үндэсний
шигшээ багийн алба  л холбоод, дасгалжуулагч нартай хамтран хийдэг. Тэд л
өдөр тутмын зовлон бэрхшээлийг тэдэнтэй хамтран туулж байдаг. Гэтэл энэ
албанаас нэг ч хүн энэ наадамд оролцоогүй байх юм. Хар ажлыг нь төр
буюу БТСГазар хийдэг, эрх эдлэх, төлөөлөх болохоороо МҮОХ хэрэгжүүлдэгээ
зогсоое. Хийдэг газар нь үүрэг, эрхээ хэрэгжүүлье. МҮОХороо нь
төлөөлөөх, бичиг баримтаа явуулах ажлаа хийдэг баймаар юм.

Мэргэжлийн хүн удирдаагүйгээс наадмын бэлтгэл ажил, оролцуулсан тухай
дүгнэлт, юун дээр анхаарах вэ гэдэг талаар цэгцтэй асуудал боловсруулж 
ярьдаггүй. Өмнө ч яригдаж байгаагүй гэхэд бараг болно. Тэнд хэрэгтэй
хэрэггүй, МҮЛОХ-ны ажилтай ажилгүй олон хүн явж байснаас спортын
эрдэмтэн, мэргэжилтэнүүдээс бүрдсэн баг ажиллуулж дараагийн наадамд
тамирчидаа хэрхэн, яаж бэлтгэж оролцуулах вэ, ямар төрлүүдэд дээр
анхаарах вэ зэрэг олон асуудлаар судалгаа дүгнэлттэй ирэх байсан юм.

Үнэнийг хэлэхэд бид анх удаагаа болж өнгөрсөн энэ наадамд тун бэлтгэл
муутай оролцсон. Сонгон шалгаруулах олон тооны тэмцээнүүдээс манай
багийнхан ороогүй хоцорч байсан ба энэ удаа цөөн хүн эрх авсан гэдгийг
хүлээн зөвшөөрөх хэрэгтэй (манайтай адил хөгжилтэй бусад орныг бодвол
шүү дээ). Манайхан зарим төрлүүдэд цагаан хуудсаар орсон. Бид хэт том
олимпдоо анхаараад бага олимп буюу хүүхдийн олимпдоо муу анхаарч байсны
илрэл болов уу. Тэгээд ч спортын холбоод ч сонгон шалгаруулах тэмцээнүүд
аль улсад болох, хэдэн тамирчин оролцож хэдэн эрх авах байсан талаар
дутуу дулмаг ойлголтой байсан. Энэ чиглэлд л МҮОХ сайн ажиллах хэрэгтэй
байв.


Хүүхдийн олимпийн аваргуудад гавьяат өгөх шаардлага байгаа юу

Учир нь хүүхдийн олимпийн аварга Б.Батцэцэг, Г.Эрдэнэболд, түүний багш
нарт байгаа юм биш. Энэ тамирчидыг цаашид дэлхийн өсвөр үеийн болон
залуучуудын аваргын тэмцээнд хэр орох, амжилтаа бататгахыг харах
хэрэгтэй. Энэ тамирчид дэлхийн болон олимпийн наадамд медаль  авбал ямар
шагнал өгөх вэ гэдгийг бодолцох ёстой. Одоо амьдрал дээр мөрдөгддөг
жишгээр бол насанд хүрэгчдийн дэлхий, олимпийн тэмцээнээс медаль хүртвэл
гавьяат тамирчин цол олгож байгаа.

Ер нь тухайн наадам, тэмцээний утга учир, цаг хугацаа, чанар, ирээдүйд
болох үйл явдлаа  бодож сайн тунгаах хэрэгтэй биз. Манай залуучуудад
амжилтаа харуулах цаг хугацаа бий, түүнийг нь харья. Манайхан чинь
ажилдаа сэтгэлийн хөдлөлөөр хандан, хөөрцөглөх дуртай хүмүүс юм. Хөөрөөд
хаана буух, хөлөөрөө буух эсэхээ ч мэдэхгүй явна. Юмны мөн чанарыг
ойлгон, асуудлыг ул суурьтай бодож шийдвэрлэх нь зүйтэй.

Би бол тамирчид дасгалжуулагч нарт гавьяатын цол олгох шаардлага байхгүй
ба тохирсон шагналыг нь харин олгох, хүүхдийн сэтгэл зүй, хүлээн авах
байдал, амжилтыг харж тохирсон хэмжээнд нь тааруулан үнэлэж үзье. Бид
бүхэн сэтгэлийн хөөрлөө дарж асуудлыг ул суурьтай харья. Хүүхдийн
олимпийн олон аварга төрсөн гадаадын зарим орнуудын жишгийг ч бид нар
дагах ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж