Ерөнхийлөгч Засгийн газарт илгээлт явуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Засгийн газарт илгээлт явуулжээ

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор Монгол Улсын засгийн газрын хуралдааныг Өмнөговь аймгийн төв Баяндалай сумын нутаг дахь Гашууны хоолой хэмээх газар өнгөрөгч 27-ний өдөр хийсэн билээ. Энэхүү онцлог хуралдааныг хийх болсонтой холбогдуулан Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт дараах илгээлтийг явуулсан аж.  Уг илгээлтэнд “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт нь аль хэдийн хүн төрөлхтний хэвийн амьдрах нөхцөлд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн бөгөөд Монгол Улсын төдийгүй дэлхий дахины өмнө тулгамдсан асуудал болоод байна. Энэ чухал асуудалд өндөр ач холбогдол өгч өмнийн говьд Монгол Улсын Засгийн газар хуралдаж, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Монгол Улсын баримталж буй идэвхтэй байр суурийг дэлхий дахинд илэрхийлж байгаад талархал илэрхийлье.
Малчдын болон улс орны эдийн засагт үлэмж хохирол үзүүлсэн өнгөрсөн өвлийн зуд, хөрш орнууд, дэлхийн бусад бүс нутагт болсон хэт халалт, ган гачиг, үер  усны гамшигт үзэгдлүүд нь эдийн засагт асар их хохирол үзүүлснээс гадна олон мянган хүний амь насанд хүрсэн гунигт ул мөрийг үлдээлээ. Уур амьсгалын өөрчлөлтийн хор нөлөөг хамгийн ихээр мэдэрч байгаа хүмүүс бол манай малчид, тариаланчид юм. Байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, ундны ус, хүнсний хомсдол нь цаашид ч улам гүнзгийрэх төлөвтэй байгааг манай үндэсний болон гадаадын эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагууд мэдэгдсээр байна. Ялангуяа эх газрын эрс тэс уур амьсгалтай, хамгийн эмзэг эко системтэй Монгол орны хувьд ойрын ирээдүйд цөлжилт, усны хомсдол, бэлчээрийн доройтол зэрэг уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлээс үүдэлтэй сөрөг нөлөөллүүд асар хурдацтай явагдаж улмаар 2080 он гэхэд нийт нутгийн 80 гаруй хувь цөлжих аюул нүүрлэж байгааг ч сануулж, сэрэмжлүүлсээр байна.

Улс орны хөгжлийн ойрын болон хэтийн төлөвлөлтийг байгаль цаг уурын өөрчлөгдөн буй нөхцөлд уялдуулан зохицуулж байх нь тулгамдсан асуудал болоод байна. Ялангуяа төрийн бүх шатны байгууллагуудын бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөлөөллийг саармагжуулах зорилттой уялдуулан, уг бодлогыг хэрэгжүүлэх тодорхой хариуцах эзэн, нэгж байгуулан ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

Өнөөгийн нөхцөл байдалд байгаль орчныг хамгаалах асуудал улам бүр хурцаар тавигдах боллоо. Байгаль орчныг хамгаална гэдэг нь үнэн чанартаа хүний амьдрах орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийн асуудал бөгөөд, иргэдийн болон бизнес эрхлэгчдийн эдийн засгийн сонирхолтой уялдуулсан тохиолдолд бодит үр дүн авчрах юм. “Зохистой ашиглалт нь хамгаалалт байна” гэсэн үндсэн зарчмыг баримтлан ажиллах шаардлагатай байна. Мөн үүний зэрэгцээ байгальд болон иргэдийн амьдрах нөхцөл, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа аливаа үйл ажиллагааг таслан зогсоох, хариуцлагын тогтолцоог чангатгах, буруутай үйлдэл хийсэн хэнд ч болов хатуу хариуцлага хүлээлгэх талаар шийдвэртэй алхамуудыг хийх цаг нь болсон гэж үзэж байна.

Ялангуяа уул уурхайн салбарын нөхөн сэргээлтэд онцгой анхаарч, өндөр шаардлага тавьж ажиллах нь зүйтэй юм. Энэ салбарын хөгжил нь уламжлалт мал аж ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байж, эцсийн дүндээ Монгол Улсын эдийн засаг, монголын ард түмний аж амьдралд бодит өгөөжөө өгөх цорын ганц зарчимд суурилах ёстой.

 Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилтийг саармагжуулах, хөгжлийг байгаль орчинд нөлөө багатайгаар төлөвлөх зэрэг бодлого үйл ажиллагаанд нийт иргэд, дотоод, гадаадын төрийн бус байгууллагууд, НҮБ, олон улсын байгууллагууд, бусад улс орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулан нягт хамтран, идэвхтэй ажиллах шаардлагтай байна.  
 
 Монгол Улсын Засгийн газрын хуралдааны ажиллагаанд амжилт хүсэж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн үзүүлж буй сөрөг нөлөөллийг буруулах талаар гаргах шийдвэр нь цаг үеэ олсон, оновчтой байж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна” гэсэн байв.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж