
Улс орны хөгжлийн ойрын болон хэтийн төлөвлөлтийг байгаль цаг уурын өөрчлөгдөн буй нөхцөлд уялдуулан зохицуулж байх нь тулгамдсан асуудал болоод байна. Ялангуяа төрийн бүх шатны байгууллагуудын бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөлөөллийг саармагжуулах зорилттой уялдуулан, уг бодлогыг хэрэгжүүлэх тодорхой хариуцах эзэн, нэгж байгуулан ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.
Өнөөгийн нөхцөл байдалд байгаль орчныг хамгаалах асуудал улам бүр хурцаар тавигдах боллоо. Байгаль орчныг хамгаална гэдэг нь үнэн чанартаа хүний амьдрах орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийн асуудал бөгөөд, иргэдийн болон бизнес эрхлэгчдийн эдийн засгийн сонирхолтой уялдуулсан тохиолдолд бодит үр дүн авчрах юм. “Зохистой ашиглалт нь хамгаалалт байна” гэсэн үндсэн зарчмыг баримтлан ажиллах шаардлагатай байна. Мөн үүний зэрэгцээ байгальд болон иргэдийн амьдрах нөхцөл, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа аливаа үйл ажиллагааг таслан зогсоох, хариуцлагын тогтолцоог чангатгах, буруутай үйлдэл хийсэн хэнд ч болов хатуу хариуцлага хүлээлгэх талаар шийдвэртэй алхамуудыг хийх цаг нь болсон гэж үзэж байна.
Ялангуяа уул уурхайн салбарын нөхөн сэргээлтэд онцгой анхаарч, өндөр шаардлага тавьж ажиллах нь зүйтэй юм. Энэ салбарын хөгжил нь уламжлалт мал аж ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байж, эцсийн дүндээ Монгол Улсын эдийн засаг, монголын ард түмний аж амьдралд бодит өгөөжөө өгөх цорын ганц зарчимд суурилах ёстой.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилтийг саармагжуулах, хөгжлийг байгаль орчинд нөлөө багатайгаар төлөвлөх зэрэг бодлого үйл ажиллагаанд нийт иргэд, дотоод, гадаадын төрийн бус байгууллагууд, НҮБ, олон улсын байгууллагууд, бусад улс орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулан нягт хамтран, идэвхтэй ажиллах шаардлагтай байна.
Монгол Улсын Засгийн газрын хуралдааны ажиллагаанд амжилт хүсэж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн үзүүлж буй сөрөг нөлөөллийг буруулах талаар гаргах шийдвэр нь цаг үеэ олсон, оновчтой байж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна” гэсэн байв.
Б.Мандах