
Түүнчлэн зөвхөн монголчууд ч бус ОХУ-ын тал Монголын ураныг Японы талтай хамтарч ашиглана гэдгээ аль хэдийнэ тохирчихсон. Бусад оронд манайхаас уран ашиглаж болохгүй гэх маягийн хориглолт хийж, хэнтэй хамтрахыг нь шийдэхэд оролцоно гэдгээ ил тодоор илэрхийлэх болсон Оросын талын дэмжлэг Японд байгаа нь тэдний давуу тал. Мөн Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компанийн удирдлагууд ч өнгөрсөн онд Японы “Марубени” корпорацитай Дорнод ураны ордыг ашиглахад хамтарч ажиллана гэсэн санамж бичигт гарын үсэг зурчихсан. Гэхдээ энэ санааг Монголын Засгийн газраас тэдэнд өгсөн гэх бөгөөд хамгийн их нөөцтэй Дорнод ураны ордыг хэн ч ашигласан тэнд гол түнш, технологи нийлүүлэгч нь, найдвартай хамтрагч нь Японы тал байх нь ойлгомжтой болсон гэхэд хэтрүүлсэн болохгүй. Дээр нь Дорнод ураны ордтой зэргэлдээ оршдог 1.11 мянган тонн ураны нөөцтэй Мардайн ордын лицензийг Японы “Адамсмайнинг” компани эзэмшиж буй. Мөн тус компанид 2.75 мянган тонн ураны нөөцтэй Нэмэрийн ордын хайгуулын лиценз ч бас бий. Тэгэхээр эндээс Японы өмнө Монголын уран нээлттэй болсон хэмээн шууд утгаар урьдчилсан дүгнэлт хийхэд алдах зүйлгүй. Иймээс ч тус улсын Гадаад хэргийн сайд айлчлалынхаа үеэр “Ураны салбарт хамтрах хүсэлтэй” хэмээн ил тодоор зарласан. Ер нь сүүлийн хоёр жилийн хугацаанд манай улсад айлчилж буй өндөр хөгжилтэй, түүхий эдийн шинэ нийлүүлэгч хайсан улс орны тэргүүнүүд, төрийн өндөр дээд албан тушаалтнууд бүгд айлчлалынхаа үндсэн зорилгыг Монголын байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай яриагаар илэрхийлж ирсэн. Окада Кацуяа сайдын хувьд ч тэр жишгээр Монголд айлчлаад буцсан гэхэд болно.
Тус улс байгалийн баялаг ховор ч хамгийн том хэрэглэгчийн тоонд зүй ёсоор бичигддэг. Зөвхөн ураны тухайд гэхэд л жилдээ 8388 тонн уран гаднаас авдаг. Мөн 2017-2022 оны хооронд дээрх хэрэглээ нь 10457 тонн болж өсөх урьдчилсан тооцоо бий. Одоогийн байдлаар улсынх нь хэмжээнд 53 реактор ажиллаж байгаа бол цаашид нэмж 15 реактор барихаар төлөвлөсөн. Харин нүүрсний хувьд Австрали тус улсын олон жилийн байнгын ханган нийлүүлэгч нь байсаар ирсэн. Нүүрсийг чанараас нь хамаараад тонн тутмыг нь 87-132 ам.доллараар худалдаж авдаг. Тэгвэл Монголоос нүүрс авсан тохиолдолд дээрх үнийг харьцангуй бууруулах боломжтойн дээр тээвэрлэлтийн хувьд цаг алдах хэрэггүй болно. Иймд Тавантолгойд оператор компаниар оролцох хүсэлтээ илэрхийлсэн “Мицүй энд Ко” компани болон “Иточу” корпорацийн удирдлага дор зангидагдаж байгуулсан “Сожиц”, “Марубени”, “Сумитомо” группийн гишүүнчлэлтэй консорциумыг Засгийн газраас нь дэмжиж буй. Уг нь жилд 200 орчим сая тонн нүүрс хэрэглэдэг япончууд нүүрсний хэрэглээгээ бууруулж, атомын цахилгаан станцаас эрчим хүчээ хангах зорилго тавьж буй. Гэсэн ч нүүрс хийгээд ураны салбарт Монголыг өөрсдийн хараа хяналтаас гаргахгүй байх шаардлага нь эрдэс баялаггүй тус улсын төрийн өндөрлөгүүдийн хувьд яах аргагүй гол түлхэц нь болж байгаа аж.
Одоогийн байдлаар хоёр тал урьдчилсан тохиролцоонд хүрээгүй ч Гадаад хэргийн сайдынх нь энэ удаагийн айлчлал хоёр улсын улс төр, эдийн засгийн харилцаагаар дамжуулаад дээрх хоёр гол сэдэвт эргэлдэж байсан нь үүнийг нотолно.
Улс хоорондын түншлэл хийгээд эдийн засгийн хамтрагчийнхаа хувьд хамгийн найдвартай, бас хамгийн итгэлтэй түншид тооцогддог Японыг Монголын байгалийн баялагтай холбоотой тоглолтын гадуур үлдээх сонирхол манай талд байхгүй.
Ерөнхийдөө Япон улсын Гадаад хэргийн сайд Окада Кацуяагийн айлчлал хоёрхон өдөр үргэлжилсэн ч Монголын уран, Монголын Тавантолгойд япончууд оролцоно гэдгийг ил тодоор илэрхийлж, Засгийн газраас дэмжлэг хүссэн гуравдагч хөршийн найзархаг нөхөрлөлөө баталгаажуулснаар өндөрлөлөө.Г.ОТГОНЖАРГАЛ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин