Түншлэлийн хэлэлцээр хийхээр ярилцлаа

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Түншлэлийн хэлэлцээр хийхээр ярилцлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд К.Окада өчигдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Сайд Г.Занданшатар, К.Окада Гадаад харилцааны яаманд албан ёсны хэлэлцээ хийв. Сайд нар Япон Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал энэ оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад айлчлалын бэлтгэлийг хангахад чиглэсэнээрээ ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Талууд хоёр орны харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хамтын ажиллагааг ялангуяа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжууулах шаардлагатай байгааг санал нэгтэй тэмдэглэж, Монгол улсын эрдэс баялаг, эрчим хүч, хөдөө аж ахуй мөн дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах замаар хамтран ажиллах,  эдгээр салбарт японы байгаль орчинд ээлтэй, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар Япон болон гуравдагч зах зээлд гаргах боломж зэрэг асуудлаар санал солилцов. Мөн уран, цөмийн эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой буйгаа талууд харилцан илэрхийлэв. Японы тал эрдэс баялагийн салбарт хувийн хэвшлийнхэн орж ажиллахад эрсдэл ихтэй байдаг учраас хууль эрхзүйн орчин тогтвортой боловсронгуй байхын чухлыг тэмдэглэв.  Сайд нар Монгол, Японы харилцааны ач холбогдол, агуулга, хөгжлийн цаашдын төлөвийг харгалзан өнөөгийн иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг цаашид шат ахиулан хөгжүүлэх сонирхолоо харилцан илэрхийлэв. 

Хоёр орны эдийн засаг бүтцийн хувьд өөр, газар зүйн байршлын хувьд ойр дөт учир бие биенээ харилцан нөхөж дээрх чиглэлээр үр ашигтай хамтарч ажиллах бүрэн боломжтойг талууд тэмдэглээд хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр(EPA) байгуулах боломж, нөхцлийн талаар санал солилцов.

Талууд мөн бүс нутгийн олон талт  харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах, Солонгосын хойг болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг өргөтгөх зэрэг харилцан сонирхсон бусад асуудлаар байр сууриа танилцуулж ярилцав. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан томоохон асуудлыг шийдвэрлэхэд гүйцэтгэж буй Япон Улсын үүрэг ролийг Монгол улс өндөр үнэлдэгийг тэмдэглээд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг өргөтгөх, байнгын гишүүнээр сонгогдох Япон Улсын байр суурь, эрмэлзлэлийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Хэлэлцээний дараа сайд Г.Занданшатар Япон Улсын Гадаад хэргийн сайд ноён К.Окадаг хүндэтгэж үдийн зоог барьсан талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж