Өөрийгөө алтан медаль авна гэж бодоогүй

Хуучирсан мэдээ: 2010.08.31-нд нийтлэгдсэн

Өөрийгөө алтан медаль авна гэж бодоогүй

Монголын спортын гимнастикийн түүхэнд цоо шинэ хуудсыг спортын
гимнастикийн олон улсын хэмжээний мастер Г.Эрдэнэболд, дасгалжуулагч
багш олон улсын хэмжээний мастер Ц. Алтантөгс нар нээж чадсан билээ.
Тэднийг  эх орондоо ирээд хоёр хонож байх үеэр нь уулзаж,  ярилцлаа.

-Юуны өмнө Монголын спортын гим­нас­тикийн түүхэнд  бах­дам амжилт
гаргаж  олимпийн авар­га төрүүлсэн танд баяр хүргэе. Сэтгэгдлээс 
хуваал­цахгүй юу?

-Үнэхээр бахдам амжилт гаргалаа. Энэ амжилт маш их өндөр үнэтэй олдсон
юм шүү дээ. Яагаад гэвэл гимнастикийн спортод элэгтэй олон хүний хүч
хөдөлмөр, сэтгэлийн дэм,  сүүний цацал,  зорилго байж энэ амжилтад
хүрсэн гэж бодож байна. Спортын гимнастикийг дэмждэг хүмүүс төдийгүй
Монголын ард түмэн  бидний төлөө залбирч байсан болов уу. Сэтгэл үнэхээр
өег байна.

-Одоогоос жилийн өмнө тантай уулзаж байхад Өсвөрийн олимпоос медаль авах
зорилготой байгаа гэж байсан шүү дээ.  Та зорилгоо давж биелүүлжээ. Таны шавь аварга болно гэж төсөөлсөн үү?

-Үнэнийг хэлэхэд алтан медаль авна  гэж төсөөлөөгүй. Амжилттай оролцохыг
л хүсч байсан. Гэхдээ далдхан  хүсэл байснаа нуугаад яахав.  /инээв/
Тэмцээндээ явах сүүлийн өдөр бэлтгэлээ хийж дуусах үед аваргыг нь
авчихмаар бодол, мэдрэмж төрсөн. Хамгийн гол нь тамирчин маань хоёр
жилийн өмнөөс энэ төрлөөрөө тууштай хичээллэсэн, бэлтгэл сайн
хангагдсан  болохоор итгэлтэй байлаа. Сингапурт очоод өрсөлдөгч
тамирчдаа судлахад урьд нь тэмцээнд оролцож байсан  хүчтэй өрсөлдөгчид
цөөнгүй байсан.  Бэлтгэл сургуулилтын үед ажиглаж байхад хөдөлгөөнүүддээ
шинэ шинэ элемент оруулсан байна лээ. Харин бидний хувьд хоёр жилийн
өмнөөс хийсэн хөдөлгөөн, элементүүдээ чадварлаг гүйцэтгэхийг л хичээсэн
юм.

-Монгол Улсын тамирчин дэлхийн хэмжээнд өрсөлдөж аварга болсонд спортын
гимнастикийн олон улсын шүүгч, спорт сонирхогчид их гайхаж, бахдаж
байгаа байх даа?

-Тэгэлгүй яахав. Энэ амжилт үнэхээр дэлхийн хэмжээнийх юм. Олон улсын
шүүгчид баяр хүргэхдээ “Монголын гимнастикийн спорт дэлхийн хэмжээнд
хөгжиж байгааг баталлаа”  гэсэн шүү. Бахдам байгаа биз. Шавь маань ч
хоёр хүнд харайлтыг амжилттай гүйцэтгэсэн нь гол үзүүлэлт болсон болов
уу. Тийм хүнд харайлтыг  алдаагүй, төгс гүйцэтгэсэн тамирчин байгаагүйг
хэлэхэд таатай байна.

-Медаль авсан мөчөөс эх орондоо ирэх хүртэл маш олон баярын мэндчилгээ
ар араасаа хөвөрч байгаа нь гарцаагүй. Гэнэт ийм их талархал сонсоход
ямар мэдрэмж төрж байна?

-Маш олон хүн баяр хүргэж, амжилт хүсч байна. Зарим нэгэнд нь хариу
илгээж амжихгүй л явна. Тэд маань ойлгох байлгүй дээ. Энэ бүхний ард
өндөр үүрэг хариуцлага байгаа гэдгийг ойлгодог. Цаашдаа амжилтаа улам
ахиулж, ард түмнийхээ итгэлийг алдахгүй юмсан л гэж хичээж байгаа.

-Та спортын гимнастикийн тамирчин байсан. Хэдийнээс дасгал­жуулагч багшаар  ажиллаж эхэлсэн бэ?

-Тийм ээ. Спортын гимнастикийн төрлөөрөө багаасаа хичээллэж тодорхой
амжилт үзүүлж улсын шигшээ багт орж байлаа. Дараа нь дээд сургуульд багш
дасгалжуулагчаар суралцаж төгсөөд 21 дүгээр дунд сургуульд гимнастикийн
дасгалжуулагч багшаар хоёр жил ажилласан.  Энэ үеэр манай улс зах
зээлийн нийгэмд шилжиж, нийгмийн байдал хүнд болж эхэлсэн. Би тухайн үед
хоёр хүүхэдтэй амьдрал зохиох гэж мэрийж яваа залуу хүн байлаа шүү дээ.
Тэгээд хэсэг спортоо орхиж, дэлхийн хэд хэдэн оронд циркчнээр 
ажилласан. Харин 2005 оноос Монголынхоо спортын гимнастикийг хөгжүүлье,
хувь нэмрээ оруулъя гэсэн бодолтойгоор дасгалжуулагч багшаар ажиллаж
эхэлсэн . Ирээд удаагүй байхад Г.Эрдэнэболд маань  манай шавь болон ирж
байсан юм.

-Таныг дасгалжуулагчаар ажиллах хугацаанд олон хүүхэд ирж байсан байх л
даа.  Харин тунаж үлдэн амжилт үзүүлж байгаа нь цөөхөн болов уу?

-Тэгэлгүй яахав. Ер нь спортод амжилт үзүүлхэд маш олон хүнээс шалгарч
үлддэг. Асар их тэсвэр тэвчээр, хатуужил, хүмүүжил хэрэгтэй. Хэцүү
бүхнийг даван туулж чадсан цагт сая амжилтад хүрдэг нь спортын алтан
дүрэм юм даа. Дасгалжуулагчаар ажиллах хугацаанд хэдэн зуун хүүхэд ирж
миний гараар дамжиж байсан байхаа. /инээв/

-Манай улсад гимнастикийн спорт нэг үе уналтанд орсон гэдэг. Таны шавийн
үзүүлсэн энэ амжилт Монголд гимнастикийн спорт дахин сэргэн мандаж
байгааг баталлаа шүү дээ?

-Тийм шүү дээ. Спортын гимнастикийн суурийг анх тавьж байх Орос улсаас
мэргэжлийн дасгалжуулагч авчирч байх үед л гимнастикийн спорт монгол
хүүхдүүдэд тохиромжтой амжилт гаргах боломжтой гэдэг нь олон зүйл дээр
харагддаг юм.  Учир нь монгол хүүхдүүд бие хөнгөн, авхаалжтай,
авьяаслаг. Сайн хайх юм бол гимнастикт амжилт гаргах хүүхэд олон бий.
Үүнийг нь нэг амжилт л харуулах ёстой байсан. Тэр нь өнөөдөр манай
тамирчин олимпийн аварга болсон явдал. Үнэхээр монгол хүүхдүүд чаддаг
гэдгийг нотолж, баталж, үзүүлж чадлаа. Харин боловсон хүчин л
дутагдалтай л даа.

-Ялангуяа спортын  гимнастикийн  мэргэжлийн дасгалжуулагч цөөхөн үү?

-Цаг наргүй ажиллада болохоор дасгалжуулагч байх амаргүй. Тиймээс энэ
спортыг хөгжүүлэхэд тамирчинтай адил тэсвэр хатуужил, тууштай зан чанар
шаарддаг.   Дасгалжуулагчийн ажил хүнд учраас халширах хүн цөөнгүй бий.

-Тэмцээний үеэр тамирчин  сандрах, сэтгэл зүйгээ сайн бэлдээгүй байснаас
ал­даа гаргаж,  оноо алдах тохиолдол цөөн­гүй байдаг.  Ийм алдаа
гаргахгүйн тулд бүх талаас нь сайн бэлдсэн байх даа?

-Тамирчин хүнд сэтгэл зүйн бэлтгэл хамгийн чухал.  Сэтгэл зүй сайн байна
гэдэг бэлтгэл сайн байна гэсэн үг. Бэлтгэлээ ханатал хийчихсэн үед
өөртөө итгэлтэй, айж сандрах зүйлгүй байдаг. Нөгөө талаар манай шавь
өөрөө сэтгэл зүйгээ төвлөрүүлж чаддаг шүү.

-Үзүүлбэрээ үзүүлж байхад нь алдаа гаргачих вий гэж эмээж байв уу?

-Бэлтгэлийн үеэр бүх зүйлээ сайн гүйцэтгэсэн учраас  алдаа гаргана гэж
бодоогүй. Миний бодол ч хол зөрөөгүй. Бага зэргийн алдаа бол байсан ч
амжилтад нөлөөлөөгүй.

-Аль улсын тамирчид хүчтэй өрсөлдөгч байв?

-Бүх улсын тамирчид жигд сайн байсан. Ялангуяа мөнгөн медаль хүртсэн
Укрианы тамирчин, бас  Чили, Турк, Испани улсын тамирчид  хүчтэй
өрсөлдөгч байж чадсан. Ялангуяа харайлтын хувьд 4-5 эн тэнцүү тамирчин 
ширүүн өрсөлдсөн. Хэн алдаа гаргалгүй үзүүлбэрээ гүйцэд зөв хийсэн л
ялагч болж байгаа юм даа.

-Одооноос эхлэн спортын гимнастикаар хичээллэх хүүхдүүд, энэ спортыг дэмжин хүмүүсийн тоо хурдтай өснө гэдэгт итгэж  байна?

-Би ч гэсэн итгэж байна. Манай багш нар хүртэл урт цагаар бэлтгэл хийж
байна. Гэхдээ аюулгүй байдлыг сайн хангахгүй бол болохгүй. Нэг зааланд
олон уран гимнастик, спортын гимнастик гэсэн хоёр төрлөөр хамт хичээллэж
байгаа болохоор заал талбай  хүрэлцэхгүй байх жишээтэй. Манайх шиг ийм
нөхцөлд ийм заалнаас  амжилт гарахад хэцүү л дээ. Тиймээс олон улсын
стандартад нийцсэн заалтай болох хэрэгтэй.  Ер нь хүмүүс манай заалыг
том гэж ярьдаг юм. Гэхдээ спортынхоо яг энэ төрөлд бол хангалттай биш
юм. Дэлхийн аль ч улс оронд  спортын гимнастикийн төрөл тус бүр тусдаа
заалтай байдаг. Тэр ч байтугай зарим өндөр хөгжилтэй оронд эрэгтэй
эмэгтэйгээрээ ялгарч хичээллэдэг байх жишээтэй. Одоо бол бид нар уран
гимнастикийнхаа хүүхдүүдтэй цагаараа зохицоод л бэлтгэлээ хийж байна.

-Спортын гимнастикаар хичээллээд нэлээд гайгүй болж байгаа хүүхдүүдийг циркэд оруулах тохиолдол байдаг гэж сонссон?

-Үүнд нэг учир байгаа юм. Энэ бол гимнастикаар яваад амжилтад хүрэхгүй
гэдэг нийтлэг хандлага юм л даа. Энэ хандлагад ч гэсэн бас нэг хариулт
болж байгаа юм. Спортын гимнастикаар хичээллээд овоо гайгүй болж байгаа
хүүхдийг ямар нэг байдлаар циркэд оруулах тохиолдол байна. Юу ч мэдэхгүй
хүүхдийг сургаад овоо болж байтал янз бүрийн амлалт өгөөд аваад
явчихаар хэцүү санагддаг. Дахиад л эхнээс нь бэлтгэх хэрэгтэй болно. 
Одоо бие биенийхээ хөдөлмөрийг хүндэтгэж сурах болов уу гэж боддог.

-Цаашдаа төлөвлөсөн зүйл их байгаа байх. Ойрын хугацаанд тэмцээн уралдаанд оролцох уу?

-Саяын тэмцээн бол залуучуудын аварга шалгаруулах тэмцээн. Цаашдаа
насанд хүрэгчидтэй өрсөлдөнө. Ази тив, дэлхийн аваргын тэмцээнд орж
эхэлнэ. Насны хувьд залуу ч гэсэн насанд хүрэгчидтэй хүчтэй өрсөлдөнө
гэж бодож байна. Тийм  ч учраас өнөөдрөөс бэлтгэлдээ орсон.

-Олимпийн наадамд оролцоход бэлтгэл сургуулилт, зардал мөнгөнөөс эхлээд тусалж дэмжсэн хүн олон уу?

-Тийм ээ. Нэрлээд байвал олон. Сүүлийн жилүүдэд томоохон тэмцээний
бэлтгэлийг нэгдсэн журмаар сайн хангадаг болжээ. Жишээ нь олимпод
оролцох бүхий л зардлыг олимпийн хороо, олимпийн эрх авах, бэлтгэх
хангах ажлыг Биеийн тамир спортын газар, тамирчин дасгалжуулагчийн
асуудлыг холбоодууд нь  тус бүрдээ хариуцсан.

-Энэхүү бахдам амжилтыг гаргахад тусалж дэмжсэн олон хүнд талархлын үг хэлэх хэрэгтэй байх?

-Тэгэлгүй яахав. Нэгэн санаагаар ажилладаг спортын гимнастикийн холбоо,
тамирчдын ар гэрийнхэн, сургууль цэцэрлэг, бизнесийн байгууллага,
холбоод гээд дурьдаад байвал олон байна. Энэ хүмүүсийн тус дэмийг үнэлж
баршгүй юм. 

-Та бүхнийг бас олон  гавьяа шагнал хүлээж байгаа байх?

-Биднийг явахаас өмнө Засгийн газраас хэрвээ олимпийн наадмаас алтан
медаль хүртвэл тамирчинд 40 сая төгрөг, дасгалжуулагч багшид 20 сая
төгрөгийн мөнгөн шагнал олгох  тухай хэлж ярьж байсан. Төр засгаас
үнэлэх байхаа.

Спортын гимнастикийн ОУХМ Г.Эрдэнболдын амжилтаас

Спортын гимнастикийн ОУХМ Г.Эрдэнэболд 2008 онд Азийн хүүхдийн  наадам
чөлөөт хөдөлгөөний төрөлд хүрэл Москва хот ОУ-ын тэмцээнээс харайлтын
төрөлд мөнгөн медаль, 2009, 2010 онд ОХУ-ын Ленинск-Кузнецк хотод болсон
тэмцээнээс харайлтын төрөлд алт,  Ази тивийн аваргаас мөнгөн медаль
хүртэж байсан юм. Түүнийг эх орондоо ирээд бэлтгэлээ хийж байх үеэр нь
цөөн хором ярилцлаа. 

-Өсвөрийн олимпийн наадмаас алтан медаль аваад төрийнхөө дууллыг эгшиглүүлж байх үед ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Үнэхээр сэтгэл догдолж байсан. Өөрийгөө алтан медаль авна гэж бодоогүй
ээ. Гэхдээ сурсан зүйлээ алдаагүй, зөв хийхийг л хичээсэн. Тэмцээний
үеэр ялах ялагдах тухай бодож ч амжаагүй. Харин хамгийн сүүлийн
үзүүлбэрээ хийж дуусаад алдаа гаргаагүй болохоор мөнгө юм уу хүрэл
медаль авах болов уу гэж бодсон. Бүх тамирчдаас мянганы 12 оноогоор
түрүүлж аварга болоход үнэхээр  их баярласан.

-Спортын гимнастикаар хичээллэхэд нөлөөлсөн зүйл байгаа юу. Хэдэн жил хичээллэж байна?

-Анх 2005 онд 12 настай байхдаа Г.Алтантөгс багшдаа шавь орсон.  Тав
дахь жилдээ хичээллэж байна. Манай гэр бүлийнхэн аав, ээж спортоор
хичээллэдэг, спортод сонирхолтой хүмүүс болохоор надад их нөлөөлсөн.

-Бэлтгэл сургуулилтын үед хэцүү санагдах шантрах үе байсан уу?

-Эхний хоёр жил хэцүү байсан шүү. Гэхдээ тууштай бэлтгэлээ хийгээд
байхаар шантрахаа мартаад улам сонирхолтой болдог юм байна лээ. Бэртэл
авах тохиолдол гарна. Тэр үед өөрийн эрхгүй уйлах үе ч байсан.

-Тэмцээний үеэр сандарсан уу?

-Бараг сандраагүй. Өмнө нь олон улсын чанартай тэмцээнд оролцож байсан
болохоор харьцангуй гайгүй байсан гэж болно. Ер нь би тэмцээний үеэр
сандраад байдаггүй юм.

-Дасгалжуулагч багшийнхаа тухай ярихгүй юу. Хэр хатуу багш бэ?

-Манай багш хатуу, зөөлөн хосолсон хүн. Аливаа зүйлийг заахдаа товч
тодорхой тайлбарладаг. Бэлтгэлийн үед буруу хийхээр уурлах үе байна л
даа. 

-Таньтай адилхан олимпийн аварга болох зорилготой хүүхэд олон байгаа. Дүү нартаа хандаж захиж хэлэх үг байгаа байх?

-Хамгийн гол нь зорьсон зүйлдээ тууштай, тэвчээртэй байх хэрэгтэй. Нэг ч
өдөр алгасахгүй бэлтгэлээ хийж, амжилтаа үргэлж ахиулах юм бол амжилтад
хүрч чадна гэж хэлмээр байна. Бас намайг үргэлж дэмжиж байдаг аав ээж,
багш нар, гимнастикийн холбооныхон болон тэмцээнд оролцоход тусалсан бүх
хүмүүс­тээ баярласнаа илэрхийлмээр байна.

-Цаашид олон амжилт хүлээж байгаа шүү дээ?

-Тийм ээ. 2012 оны Лондонгийн олимпод амжилттай оролцохын төлөө өнөөдрөөс  эхлэн бэлтгэлээ хийж хичээх болно.

-Баярлалаа. Амжилт хүсье.


С.Отгонсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж