
Швейцарийн Цюрих хотноо хэдхэн хоногийн дараа шатрын оюутны дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн эхлэх гэж байна. Ирэх сарын 5-11-ний өдрүүдэд үргэлжлэх оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 1982-1992 оны хооронд төрсөн шатарчид оролцох бөгөөд одоогоор 27 орны 100 гаруй тамирчид оюун ухаанаа сорин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлсний дотор 11 их мастер, мөн 20 гаруй олон улсын мастер шатарчид багтжээ. Харин манай улсаас тус тэмцээнд эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрөв, нийт найман шатарчин өрсөлдөнө. Манай шатарчдаас олон улсын мастер Б.Мөнгөнтуул /2421/ тэмцээний шилдэг, хүчтэй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор багтаж байгаа бөгөөд чансаагаараа тэргүүнд бичигдээд байгаа юм. Түүнээс гадна манай улсаас эмэгтэйчүүдийн төрөлд их мастер Т.Батчимэг /2321/, олон улсын мастер Д.Янжиндулам /2224/, У.Лхамсүрэн /2206/, харин эрэгтэйчүүдийн төрөлд Б.Гүндаваа /2460/, Г.Эрдэнэ /2330/, Г.Мөнхгал /2289/ болон Г.Оргил нар оролцох ажээ.
С.Цэлмэг