“Их дуулга”-ын аварга

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

“Их дуулга”-ын аварга

Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул эмэгтэй жүдоч түүнийг Мөнхбаатарын Бундмаа гэдэг. Түүнийг спорт сонирхогчид андахгүй. М.Бундмаа багаасаа л их эршүүд, ах нартайгаа ноцолдож өссөн гэдэг. Энэ нь ч түүний хувьд жүдо хэмээх их спортод хөтлөх гараа болсон байх. 1997 онд Монголд болсон Азийн аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээнийг телевизээр үзээд энэ спортоор хичээллэх зорилго тавьж зүтгэснээс хойшхи амьдралынх нь цаг мөч бүр түүний хувьд амжилт байсан гэхэд нэг их буруудахгүй л болов уу. Түүний амжилтыг дурьдвал ДАШТ-ий хүрэл медаль, Азийн аваргын хоёр мөнгө, нэг хүрэл, Дэлхийн цомын хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, Дэлхийн оюутны Универсиадын алтан медальтай. Хамгийн сүүлд гэхэд уржигдар шөнө Францын нийслэл Парис хотод болсон “Их дуулга” тэмцээнээс 52 кг-ын жинд М.Бундмаа маань барилдаж аваргын алтан медаль зүүлээ. Дээрх амжилтууд М.Бундмаа гэдэг шавилхан бүсгүйгээс эх орондоо оруулж буй хөрөнгө оруулалт гэхэд болно. Спорт сонирхогчид түүний энэ их амжилтыг Монголын төр гавьяат тамирчин цолоор мялаах ёстой гэж үздэг ч өдийг хүртэл түүний амжилт, ялалтыг төр үнэлээгүй л байна. Яах вэ, нэг л өдөр түүний гавьяаг төр нь харж, түмэн олныг баярлуулах биз ээ.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж