Би Оюутолгойд ажилд ормоор байна

Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

Би Оюутолгойд ажилд ормоор байна

Оюутолгойн бүтээн байгуулалтад гар бие оролцох хүсэлтэй монголчуудын цуваа өдгөө “Оюутолгой” ХХК-ийн цахим хуудаснаа анкет бөглөхөөс гараагаа эхэлж байна. Гэхдээ тэрхүү анкет нь жирийн бус жигтэй сонин агуулгатай байгаа тухай мэдээлэхгүй өнгөрч болохгүй нь. Учир нь өдгөө ажил, амьдралтай болохыг хүссэн мянга, мянган монголчууд албан байгууллага хийгээд хувийн компанид анкет бөглөлөө гэхэд хэзээ ч “Оюутолгой” ХХК-ийнх шиг этгээд сонин агуулга бүхий анкет бөглөдөггүй гэхэд мөрийцөхөд ч алдахааргүй юм билээ. Шалтгаан нь “Оюутолгой” компанийнхан шинэ ажилтнуудаасаа улс төрийн аль нэгэн намын гишүүн болохыг нь юун түрүүнд асуудаг аж. Гэхдээ энэ бол уг анкетын хамгийн энгийн асуулт гэдгийг тодотгох хэрэгтэй.

Харин мөнөөх анкетийн дараагийн хуудсыг эргүүлэхэд “Таны хамаатан садан, найз нөхдөөс хэн нэг нь Монгол Улсын төрийн байгууллагад ажилладаг бол энэ тухайгаа заавал бичнэ үү” гэсэн асуулт байх ажээ.  Уг асуулт нь анкетдаа онцолсон тэр хамаатан, найз нөхрийнхөө “Овог нэр, албан тушаал, таны юу болох талаар дэлгэрэнгүй бичнэ үү” гэсэн даалгавраар үргэлжилнэ. Тэгэхдээ бүр Засгийн газар, орон нутгийн, хотын засаг захиргаанд ажилладаг албан хаагч, Засгийн газрын ажилтан, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, Олон улсын байгууллагын ажилтан /Тухайлбал: НҮБ, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага гэх мэт/ уу гэдгийг тус бүрт нь тодруулж асуусан байгаа. Мөн болоогүй ээ, “Эсвэл дээрх төрийн болон бусад байгууллагын ажилтан биш боловч эдгээр байгууллагыг төлөөлөх эрх бүхий хувь хүн үү” гэдгийг нь ч лавлаж. Түүнчлэн улс төрийн намуудын гишүүн буюу улс төрийн байгууллагад нэр дэвшигч үү гэдгийг нь тодруулаад нэмэлтээр Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн албан хаагчид тооцогдох бусад албан тушаалтан уу хэмээн асуусан байна билээ.
Ийм утгатай анкетийн төгсгөлд “Миний өгсөн мэдээлэл бүр үнэн зөв бөгөөд ямар нэгэн зүйл буруу буюу худал байсны улмаас учирсан хохирлыг бүрэн хариуцах ба хэрэв шаардлагатай бол энэ нь тус компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн даалгаварт гарын үсэг зуруулдаг аж.

Тэгвэл тэрхүү анкетийг буруу бөглөсний улмаас ажил олгогчид үүсэх хохирол нь юу байж болох вэ. Хэн гэдэг, хаана, хэзээ төрсөн, хэн хэнтэйгээ амьдардаг гэдгээ худлаа мэдүүлэх хүн гэж байх уу. Дээр нь төгссөн сургууль нь дипломаар нь баталгаажна, хэлний мэдлэг нь ажилд орох ярилцлагын үеэр тодорхой болчихно. Ажлаас гарсан шалтгаан нь хэт ноцтой л биш бол ажил олгогчид татгалзах шалтгаан болохгүй. Тэгээд бодохоор тэрхүү худал мэдүүлгээс үүдэж болох хохирол нь юу байж болох вэ. Энэ талаар жирийн нэг сэтгүүлч битгий хэл хэнбугай нь ч байсан “Оюутолгойд ажилд ороход Засгийн газрын гишүүн хамаатантай байх, байхгүй нь ямар хамаатай юм бэ” гэж гайхаж бодох нь ойлгомжтой. Иймд бодлын үүднээс чамгүй олон хүнээс “Оюутолгойн анкетад дээр дурдсан асуулт байгаа тухай сонирхуулж, ямар бодол төрж байна вэ” гэж асуухад бүгд “Хэзээ ч, хаана ч ажилтнаасаа ийм асуулт асуудаггүй. Ийм асуулт асууна гэдэг нь хэт бүдүүлэг. Нөгөө талаасаа Оюутолгой шиг ордыг ашиглах гэж байгаа хөрөнгө оруулагчийн хувьд увайгүй, бас цаанаа төрийн албан хаагчдын талаар мэдээлэл цуглуулах зорилготойгоор асуусан байж болох юм” гэдэг дүгнэлтийг хийж байлаа.

Энэ бол ханцуй дотроо наймаалцаад өнгөрдөг улстөрчдийн хий хоосон дүгнэлт бус жирийн иргэний хардах эрхээс үүдсэн дүгнэлт. Сэтгүүлчдэд ч гэсэн мэдээлэл дундаас сэдэв сонгож, түүнийхээ дагуу эрх баригчид болон олон нийтэд болгоомжлол болгох үүднээс анхааруулах зорилгоор нийтлэл болгон хүргэх үүрэг байдаг. Нэг ёсны энэ нь орчин цагийн сэтгүүл зүйн хардах эрх хэмээх том ойлголттой холбоотой юм.

Ийн Оюутолгойд ажиллагсдын хувьд хамаатан саднаа ил тодоор өөрийнх нь хэн болох, хаана ажилладаг, тэр бүү хэл Засгийн газрын гишүүн эсэхийг нь мэдээлнэ гэдэг бол шууд утгаараа төрийн албан хаагчдын талаарх багц мэдээлэл цуглуулах үндэслэл болохгүй гэдгийг үгүйсгэх хэрэг алга. Тэгээд ч монголчуудын хувьд зөвхөн Оюутолгой битгий хэл төсвийн нэг байгууллага дунд ч “Энэ, тэр даргын хүн. Тэр даргын найз” гэх мэтээр ярилцах нь олонтаа байдаг. Нэгэнт нөхцөл байдал ийм байхад энэ зэргийн дүгнэлт хийхэд буруудаад байх зүйл үгүй. Ядахад зөвхөн хамаатан садан ч бус найз нөхдийг нь хүртэл төрийн байгууллагад ажилладаг эсэхийг асууна гэдэг бол барууны, соёлтой, зарчмаа баримталж ажилладаг гэх хөрөнгө оруулагчийн хувьд хамгийн бүдүүлэг анкет байж мэдэх юм.

Энэ тохиолдолд “Оюутолгой” ХХК-ийн төв байранд ажиллахыг хүссэн нэгэн иргэн “Ерөнхий сайд бол миний ах. Их ойрын хүн” эсвэл “Тэр УИХ-ын гишүүн миний сайн найз. Би Оюутолгойд ажилд ормоор байна” хэмээн анкет бөглөвөл тэд үнэхээр ажилд авахгүй байж чадах уу. Чадах, чадахгүй нь гол бус харин ийм асуулт асууж байгааг хүлээн зөвшөөрөх монгол хүн, Монголын талын удирдлага байна гэдэг бол өөрөө хэтэрхий ойлгомжгүй, хэтэрхий хүний хувийн нууцад халдаж байгаа хэрэг. Тэгээд ч кран жолоодож, орчуулга хийж, газар ухахад Засгийн газрын гишүүн, төрийн албан хаагч ах, дүүтэй, найз нөхөдтэй байх нь ямар хамаатай юм бэ. Энэ бол МАХН болоод Ардчилсан намын удирдлагуудын л дундаа тохироо хийж, ах дүү хамаатан саднаараа эрх мэдлийг атгах гэсэн сонирхлоо хэрэгжүүлэхдээ ашиглаж болох судалгааны асуулт. Тэртээ тэргүй улс төрийн намд иймэрхүү судалгааг зөвхөн анкетаар ч бус ам хэлээрээ ч хийчих боломжтой нь ойлгомжтой. Харин Оюутолгойн удирдлагуудын хувьд заавал анкетаар авч, асуудлыг бүртгэдэг журамтай нь дээрх баримтаас ил тод харагдаж буй.
  
Түүнчлэн “Оюутолгой” ХХК-ийн ажилчин, ажилтан авах бүртгэлтэй холбоотой дараагийн нэг том асуудал бол тэд ажилд орлоо гэхэд эрүүл мэндээ хамгаалуулж чадах уу гэдэг нь дараагийн нэг том асуудал юм. Тус компанид өдгөө Засгийн газраас 3300 иргэнээ ажиллуулна хэмээн сурталчилж байгаа. Үүнийг нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд өөрөө ажил олж өгч байгаа мэтээр сурталчилж, төрийн буян гэх утгатай тайлбараар баяжуулсхийн сууж байна. Гэтэл ирээдүйн 3300 ажилчинг ундлах нь бүү хэл цөөхөн хэдэн монгол ажилчдаа хоолны хордлогод оруулсан тохиолдол хөрөнгө оруулагч талд бий. Тухайн үед нь компанийн зүгээс 30 гаруй ажилчин нь хоолны хордлогод ороод байхад  “Хөнгөн чанарын хордлого. Ажилтнуудынхаа эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж байна” хэмээн мэдэгдэл гаргаад өнгөрсөн. Үүнд нь Засгийн газар ч онцгой анхаарал хандуулах нь бүү хэл зөвхөн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажиллагааг хурдасгахад л гол анхаарлаа хандуулж байсан юм. Тэгэхээр мөнөөх Засгийн газрын ажилтан ах дүүтэй, найз нөхөдтэй эрхмүүд нь хамаатан садан, найз нөхдөө ажилд оруулчихаад иймэрхүү асуудал үүсвэл дуугүй өнгөрч чадах болов уу. Сонирхолтой л хэрэг. Ажилгүй иргэнээ ажилтай болгох тухай бодох нь төрийн зүй ёсны үүрэг. Гэхдээ ажиллах орчных нь удаа дараагийн зөрчлийг арилгаж чадсан уу, эрүүл мэндийг нь жинхэнэ утгаар хамгаалж чадах уу гэдэг нь ч үүнтэй зэрэгцэж тавих том асуудал баймаар. Гэтэл тэгээгүй. Энэ мэтээр Оюутолгойтой холбоотой хөндөх сэдвийг дэд бүлгүүдэд салгаж, асуудал болгон дэвшүүлэхэд харанхуй шөнө зүү эрэхээс хавьгүй амархан гэж хэлж болно. Харин ингэлээ гээд бид Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг огт эсэргүүцээгүй гэдгийг хэлэх хэрэгтэй.

Өнгөрсөн хугацаанд Оюутолгойн орд газрын бүтээн байгуулалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүй ёсны шаардлага байсан уу гэвэл байсан. Манай сонин ч тэр л байр суурийг баримталж ирсэн. Харин хаагуур нь ч юм урсаад өнгөрч болох том асуудлын тоонд ордоггүй хэрнээ жижиг гээд зүгээр өнгөрүүлж боломгүй олон асуудлыг нэхэн бичих нь сэтгүүл зүйн үндсэн үүрэг гэдэгт бид итгэлтэй байдаг. Нэг ёсны Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах тухайд бус харин Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулах тэрхүү явцад иргэд юун дээр нь анхаарлаа хандуулах ёстой байна вэ гэдгийг сөхөж бичих зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг онцолмоор байна. Бид “Оюутолгой” ХХК-ийн өмнө тэднийг хамгаалах үүрэг хүлээгээгүй. Үүрэг хүлээх ч шаардлага байхгүй. Хэн нэгнийг дуугүй болгох нь амархан ч гэсэн үнэт зүйл рүү нь халдана гэдэг соёлтой хөрөнгө оруулагчийн хувьд арай ахдах алхам байж болох. Иймээс ч бид дуугарахад алдахгүй, дуугарлаа гээд буруудахгүй тэр л сэдвүүдийг үргэлжлүүлэн хөндөх болно.

Ямар ч тохиолдолд бид “Манай ах УИХ-ын гишүүн. Би Оюутолгойд ажилд ормоор байна” гэж гуйхгүй. Тэгээд ч надад лав тийм ах байхгүй. Харин бусад хүнд бол иймэрхүү тодотголоор, ийм хүсэлт гаргах боломж нээлттэй байгаа нь дээрх жишгээс харагдаж байна. Аз байгаад боломж байвал ашиглаад үзэхэд ч асуудалгүй л бололтой. Хэдийгээр энэ мэт асуулт асуух нь тухайн байгууллагын эрх ч ямар ч асуултын цаана зорилго мэт байдаг гэдгийг эцэст нь тодотгоход буруудахгүй  болов уу.

Г.ОТГОНЖАРГАЛ.

Зохиогчийн эрх:
 "УЛС ТӨРИЙН ТОЙМ" СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж