Тийм ч учраас яг ийм цаг мөчид асар их баялгийнхаа үүдийг нээх гэж байгаа Монгол Улсад Зүүн хойд Азийн эдийн засгийн форумыг зохион байгуулах тохиол ирсэн нь сонирхол татам. ОХУ, АНУ, БНСУ, БНХАУ, Япон гээд дэлхийн томоохон эдийн засгийн цөмийн 100 гаруй зочин төлөөлөгч, судлаач мэргэжилнүүд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг дэх Төрийн ордон чуулав. Тэдэнд энэ удаад дэлхийд дээгүүрт орох алт, зэсийн Оюутолгой, дэлхийд мөн хоёрдугаарт бичигдэх нүүрсний Тавантолгойн орд газрын талаар Монгол Улсын холбогдох яам, стратегийн орд газруудыг хууль ёсны төлөөлөл “Эрдэнэс МГЛ” төрийн өмчит компани албан ёсны танилцуулга хийв. Дараагийн анхаарал татах нэг сэдэв нь Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн ашиглалт байв.
Хуралдагсад анхаарлаа хандуулсан хоёр гол асуудал буюу уул уурхайн болон эрчим хүчний салбарын хувьд энэ бүс нутгийн асуудлыг хөндөхөд Монгол улс жинтэй хувь нэмэртэй. Дээр хэлсэнчлэн дэлхийн эрчим хүчний асар том нөөц энд байгаа учраас.
Газар зүйн байрлалаар авч үзвэл Алс дорнодын бүсэд олборлогдсон эрдэс баялгийн 70 хувь Европ болон Ойрхи дорнод руу, дөрвөн хувь Хойд Америк руу, харин нийт металлын нэг хүрэхгүй шахам хувь нь Зүүн хойд Азийн орон руу экспортлодог аж. Ингэхдээ Зүүн хойд Азийн орон руу экспортлож байгаа баялгийн хэмжээг орноор нь авч үзвэл 35 хувь, Хятадад, 20 хувь Япон, 10 гаруй хувь нь БНСУ –д хамаардаг байна.
Зүүн хойд Ази дундаа байгалийн баялгийнх нь гол цөм нь Алс дорнодын бүст оршдог. Тус бүсэд Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалтыг татах сонирхол ихээхэн бөгөөд судалгаагаар 30 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Гэвч Зүүн хойд Азийн орнууд руу ийм их хэмжээний хөрөнгө оруулалт татаж, чадах нь эргэлзээтэй. Хэдийгээр дээр дурдсанчлан томхон эдийн засаг, байгалийн баялаг, газар зүйн байрлал соронзон мэт татах ч энэ бол зөвхөн хөрөнгө оруулалт хар аяндаа цутгаад ирнэ гэсэн үг биш. Тийм ч учраас зүүн хойд Азийнхан хөрөнгө оруулалт татахын тулд хичээх бас дахин хичээх хэрэгтэй. Тэр тусмаа монголчужудынэ хувьд.
Өнгөрсөн он жилүүдийг авч үзвэл БНСУ металлургийн чиглэлээр уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын 25 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө оруулсан, Хятад улс 375 сая ам.долларыг арван жилийн хугацаанд оруулахаар болжээ. Тиймээс Зүүн хойд Азийн орнудын хөрөнгө оруулалтыг татах сонирхол тус улсын хувьд ихээхэн чухал байгаа юм байна. Энэ зорилгод хүрэхэд Зүүн Азийн орнууд руу чиглэсэн хамтын ажиллагаа чухал хэмээн хуралд оролцогсод онцолж байна.
Мэдээж энэ талаар цаашид хэрхэн хамтран ажиллах талаараа зүйн хойд азичууд нухацтай хэлэлцэв. Цаашид ч хэлэлцэх ёстой биз. Энэ бүс нутагт дэд бүтцийг сайжруулах, ОХУ, БНХАУ, Монгол, БНСУ цаашилбал далайн тээвэртэй холбох дэд бүтцийн бүхэл бүтэн системийг байгуулахаар яригдаж байгаа. Түмэн голын төсөлд БНХАУ нэлээд хүч тавьж байгаа. Энэ оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айчлахад мөн л энэ сэдвийг хөндөж байсан. БНХАУ-ын Чанчунь мужийг Зүүн хойд Азийн зүрх болгон хөгжүүлэх зорилт тавиад байгаа юм билээ. Оросууд ч мөн Хайлаар, Манжуур хотуудаад үсрэнгүй хөгжлийн од болгоно гэж буй юм. Зүүн хойд Азийн бас нэгэн содон бөгөөд, сүүлийн үед хамгийн их анхаарал татах болоод буй монголчууд бидний хувьд ч “дотроо бодсон бодолтой, доороо жийсэн суурь”-тай л байгаа. Энэ удаагийн чуулганы зохион байгуулагч эзэн орны хувьд ч бүс нутгийн XIX чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан гэсэн үнэлгээг авч чадсан байх. Дашрамд сонирхуулахад 1991 оноос Зүүн хойд Азийн эдийн засгийн чуулганыг зохион байгуулж буй. Анхдугаар чуулганаас эхлэн тасралтгүй жил бүр чуулга уулзалтад идэвхтэй оролцож байгаа монголчууд ийнхүү 19 дэх удаагийн чуулга уулзалтын буухиаг үргэлжлүүллээ. Өнгөрсөн жил тус чуулга уулзалт БНСУ-д болж байсан юм.
А.ТУЯА