
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр илжгэн хэмээх туулай жилийн тоглолтоо энэ сарын 12-нд Ж.Вердийн “Трубадур” дууриар эхэлнэ. Дэлхийн шилдэг таван дуурийн нэг болох “Трубадур” дуурийг Ж.Верди Испанийн зохиолч Antonio Garcia-гийн “El Trovador” гэх эмгэнэлт зохиолоос сэдэвлэн зохиожээ. Salvatore Cammarano либреттог нь бичсэн энэ дуурийг Ж.Верди 1852 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 29-ний хооронд ердөө 30 хүрэхгүй хоногийн дотор бичиж дуусгасан гэдэг. 1851-1852 он суут хөгжмийн зохиолчийн оргил цаг үе нь байв. Тэрээр энэ л хугацаанд “Rigoletta”, “Еl Trovatore”, “La Traviata” гэх хамгийн гэдэг хамгийн цуутай гурван дууриа туурвиж байжээ. Анх Ж.Верди “Трубадур” дууриа цыган эмэгтэй Азученагийн нэрээр нэрлэх гэж байжээ. Тэгээд сүүлдээ хөгжимчин залуу Манрикогийн дүр Азученагийнхээс илүүтэй тодорч ирсэн тул түүгээр “Трубадур” гэж нэрлэсэн байна. Дуурийн үйл явдал 15 дугаар зуунд Испанид өрнөнө. Иргэний дайн, гүн нууц, хайр сэтгэл, үзэн ядалт, өшөө хорсол бүхэн энэ дуурьд багтжээ. Манрико, гүнтэн ди Луна нар ах дүү хэдий ч үүнийгээ мэддэггүй. Тэднийг нялх балчирт нь салгасан байлаа. Тэд Леонора гэх нэгэн эмэгтэйд зэрэг сэтгэл алдарч, эх орон, хайр дурлалынхаа төлөө эцсээ хүртэл тэмцдэг. Хөгшин цыган эмэгтэй Азучена хоёр хүүгийн аавд эхийгээ хөнөөлгөсөн өшөөг авахаар бяцхан хүү Манриког багад нь хулгайлж, өөрөө өсгөж хүмүүжүүлдэг. Тэгээд эцэст нь ахынх нь гараар Манриког хөнөөлгөж өшөө хорслоо авна. Цаазаар авах тушаал өгсний дараа цыган эмгэн “Чи дөнгөж сая төрсөн дүүгээ хөнөөчихлөө” гэж ди Лунад хэлснээр дуурь төгсөнө.
“Трубадур” дууриас гадна театр үзэгчдэдээ 13-нд Римский-Корсаков “Шехерезада” балет, Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” балет, 19-нд Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурь, 20-нд Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балет , 26-нд Ж.Россиний “Севилийн үсчин” дуурь , 27-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг хүргэхээр бэлтгэж байна.
М.Урин