Тус кинонд жүжигчин Н.Ялалт, соёлын тэргүүний ажилтан Г.Золбоот, жүжигчин С.Ариунбямба, А.Баттүшиг, МУГЖ Б.Жаргалсайхан, М.Дорждагва, Н.Чинзориг, Д.Мөнхтөмөр, Б.Бодьбаатар, Д.Шагдарсүрэн, Д.Энхбаяр, А.Алтантөр, Л.Баярсайхан, О.Долгор нарын уран бүтээлчдээс гадна “Хэцүү анги” киноны Тэмүүлэн, Билгүүний дүрээр олны танил болсон залуу жүжигчин Н.Наранмөнх, М.Баярбат нар тогложээ.
Киноны ерөнхий продюсерээр “Соёмбо” пропакшны захирал Д.Нямдорж,гүйцэтгэх продюесэрээр түүний хүү Н.Ганхүлэг, Зохиолчоор “Алтан-Өд” наадмын эзэн Х.Болор-Эрдэнэ, зөвлөхөөр Соёлын тэргүүний ажилтан оператор Г.Маш, ерөнхий найруулагчаар С.Нэргүй, зургийн даргаар Л.Баярсайхан, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр нар ажиллажээ. Сэтгэл нийлсэн энэхүү баг өнгөрсөн зуны турш зураг авалтаа амжилттай хийж дуусгасан юм. Мэдээж зураг авалтын явцад санаанд багтамгүй олон адал явдал, эргэн санаж байгаа цаад үйл явдал нь жирийн хүний хувьд туулж барамгүй хүнд хэцүү агшнаар дүүрэн байсан юм. “Муу залуу” туужаар та бүхэнд хүрсэн киноны дотоод үйл явдал туужаас арай өөр болсныг дашрамд сануулъя. Туужийн зохиол илүү уран сайхны хавчуурга ихтэй бол кино маань бодит үйл явдлаа хөөж хийгдсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх аа.
"МИ-8"-ын осол болсноос хойш гурван жил өнгөрч байна. Зарим талаараа мартагдаж байгаа нь ч бий. Тэдгээр залуусын дурсгалд зориулаад хөшөө босгосон. Гэхдээ хөшөөнд мөнхлөхөөс гадна гавьяаг нь урлагт мөнхлөнө гэдэг үеийн үед дурсагдах үнэт зүйл юм.
“Ми-15” кинонд Өлзийгийн дүрийг бүтээсэн гол дүрийн жүжигчин Н.Ялалттай уулзлаа.
-“Ми-15” киноны нээлт болж байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Мэдээж уран бүтээлч хүний хувьд энэхүү бүтээл маань үзэгчдэд таалагдаасай, бидний бүтээлийг олон хүн үзээсэй гэж хүсч байна.
-Олон кинонд дүр бүтээж байсан ч энэ киноны хувьд онцлог нь юу байв аа?
-Энэ бүтээл маань нэг талаар түүхэн кино гэж нэрлэж болохоор. Урьд урьдны киног бодвол ах нартайгаа болон залуу жүжигчидтэй, хамтран тоглолоо. Монголын ард түмэн мартаагүй байгаа энэ зүйлээр кино хийж үзэгчиддээ хүргэнэ гэдэг бол хэцүү. Ямар кино болсныг үзэгчид л хэлнэ дээ.
-Мэдээж киноны үйл явцад энэ олон сайхан залуучуудын харамсалтай үйл явдлыг гаргаж үзүүлж дүр бүтээж байхад үнэхээр харамсаж байсан зүйл юу байв?
-Мэдээж харамсалгүй яахав. Тухайн үед юу болж байсан яг тэр зураглал одоо ч гэсэн миний цээжин дотор байна л даа. Тэр залуучууд үүрэг даалгавраа аваад яаж явж байсан, юу болсон, монголын ард түмэн гурав хоног яаж хүлээж байсан, ямар эмгэнэлтэй үйл явдал болсон бэ гэдгийг монголчууд бид нар бүгдээрээ мартаагүй байгаа. Тийм болохоор үүгээр уран сайхны кино хийж үзэгчдэд хүргэнэ гэдэг нэг талаараа хүнд даваа. Гэхдээ хамгийн гол нь тэр бодит үйл явдалаас сэдэвлэсэн боловч уран сайхны кино гэдгийг үзэгчид маань маш зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна.
Тус кинонд зургийн даргаар ажилласан Л.Баярсайхантай цөөн хором ярилцлаа.
-Киноны зургийн дарга гэдэг бол том ачааг үүрч явдаг. Кино үзэгчиддээ хүрлээ сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Их баяртай байна. Уг кино маань эх орныхоо төлөө ажиллаж, амиа өргөсөн, одоо ажиллаж байгаа эх оронч залуус баатарлаг хөвгүүддээ зориулсан. Залуучуудаа цэрэг эх оронч хүмүүжлээр хүмүүжээсэй гэсэндээ энэхүү киног бүтээсэн. Зургийн даргаар ажиллахад хүндрэл бага гарсан.
-Хамтран ажилласан баг, жүжигчдийнхээ хувьд ямар байв?
-Манай хамтран ажилласан баг гар нийлэн сайхан ажилласан. Манай жүжигчид маань чадварлаг байлаа. Сүүлийн үеийн өсч яваа залуу жүжигчидтэйгээ хамтран ажилалаа, сэтгэл өндөр байна.
“Ми-15” кинонд гол дүрийн жүжигчин С.Ариунбямбаас киноны талаархи сэтгэгдлийг нь сонслоо.
-Киноныхоо сэтгэдлээс хуваалцаач. Та бүтээсэн дүрийнхээ талаар товч сонирхуулахгүй юу?
-Сэтгэл бол маш өндөр байна. Ямар ч байсан хичээж тоглолоо. Бид нарыг ямар дүр гаргасныг ард түмэн маань л шүүх байх даа. Киноны багийн 70 хувь нь залуучуудаас бүрдсэн. Ер нь их дажгүй кино болсон гэж бодож байгаа.
-Киноны үйл явцад энэ сайхан залуусын дүрийг бүтээж байхад амаргүй л байсан байх
-Мэдээж сэтгэлд маш хүнд байсан. Кино маань өөрөө нөхөрлөлийн тухай өгүүлдэг кино. Хичнээн ажил дээр хамт олон, тараад гэр гэртээ харьдаг ч гэсэн тухайн нөхцөлд найзууд нөхөрлөж чаддаг гэдгийг харуулсан тийм кино болсон гэж бодож байгаа.
Тус киноны гол дүрийг бүтээсэн соёлын тэргүүний ажилтан жүжигчин Г.Золбооттой ярилцлаа.
-Энэ кинонд залуучуудтай хамтран ажилласан туршлагатай жүжигчний хувьд киноныхоо талаар товч ярихгүй юу?
-Уран бүтээлч хүнийхээ хувьд шинэ уран бүтээлээ нээж байгаадаа маш их баяртай байна. Уг кино гуравдугаар сараас зураг авалт нь эхэлж наадмын дараа дууссан. Өнөөдөр нээлтээ хийж байна. Би энэ кинонд гавьяат нисгэгч Т.Сугар гуайн гэгээн дурсгалд зориулж тоглосон байгаа. Үндсэндээ Ми-8 онгоцны нисгэгчээр дүр бүтээх гэж оролдсон байгаа л даа. Бусад залуучууд маань дандаа онцгой байдлын шүхэрчид, аврагчийн дүрд тоглосон. МУГЖ Б.Жаргалсайхан ах бас шүхэрчин гал сөнөөгчөөр тоглосон. Энэ зураг авалтанд ороход их хүнд байсан.
-Та энэхүү дүрийг бүтээгээд онгоцны жолоочоор ажиллаж байхад хүндрэл бэрхшээл байсан уу?
-Зөндөө байдаг юм байна лээ. Ядаж л дотор нь байгаа механик эд ангиуд тоног төхөөрөмжүүд гэхээр нисгэгч хүний хийдэг ажил гэдэг бол мундаг байдаг юм байна лээ. Миний ухаан лав гүйцэхгүй. Гэхдээ л чадан ядан ойр зуурын юм заалгасан. Мэргэжлийн нэгдүгээр нисгэгчтэй агаарт 500-1000 метрт хөөрөөд буусан. Тэгж л нислэг үзлээ шүү. Ёстой эр хүний ажил байдаг юм байна. Бид нар хэдийгээр тайван байдаг ч гэсэн энэ тусгай албаныхан бол эх орныхоо төлөө үхэх сэхэхээ үздэг эрчүүд байдаг юм байна лээ. Би энэ хүмүүсийг хувьдаа маш их хайрлаж хүндэтгэж байгаа.
-Тухайн үед тэдгээр залуусын авч явж байсан Т.Сугар нисгэгчийн дүрийг бүтээж байхад ямар байв?
-Ослын газар очсон хамгийн анхны хоёр хүн манай зөвлөхөөр ажилласан. Тэр залуучуудыг онгоцтой олдоход ямар аймар байсан гэдгийг бид нарт үнэхээр голд ортол ярьж өгсөн юм. Тэгээд л бид орой болгон тэгэхээр яах уу, ингэхээр яах уу гэж зөвлөгөө аван тоглосон. Үнэхээр эвгүй, аймаар байсан. Ямар ч байсан кино маань гарлаа. Энэхүү бүтээл маань ямар болсныг үзэгчид маань л дүн тавих байх даа.
Эх орон нь эрэлхэг хөвгүүдээ мартаагүй. Гурван жилийн өмнө Минжин хангайд гарсан ойн хээрийн гал түймрийг унтраах гэж яваад осолдсон “Ми-8” нисдэг тэргэний сүйрлийг харуулсан кино болжээ. Эх орноо хамгаалахаар яваад алтан амиа өргөсөн 15 залуугаа эргэн дурсан кино эхлэхийн өмнө киноны уран бүтээлчид үзэгчдийн хамт нэг минут босч, эмгэнэл илэрхийллээ.
15 мөрөөдөл, 15 хүсэл, 15 амьдрал. тушаал авсан хөвгүүд “Ми-15” уран сайхны кино Онцгой байдлын залуус үүрэгт аван ажилдаа гарч буйгаар эхлэдэг. Тэд түймрээс буун буцах замдаа машины тэвшин дээр амьдралаа ярилцан инээлдэнэ. Шинэхэн гэрлэсэн нэгэн гэргийгээ санан байхад ээждээ амласнаа биелүүлэх гэж сэтгэл зовнин ярих залууг тайтгаруулан зоригжуулах нөхрийн яриа. Үүрэгтээ ажлаасаа буухаар бааз дээрээ ирсэн ч ойн түймрийн дуудлага ирсэн тул замын тоосоо ч гөвөлгүй бэлэн байгаа залуус эргэн нисдэг. Хулгайн анчдын гаргасан түймрийг дарахаар яваад осолдож буй онгоцны сүйрэл нүд дальдран сэтгэл эмтэрмээр агшинуудаар ээлжлэн үргэлжилнэ. Хүний амь хэдий бөх, найз нөхөрлөлийн үнэ цэнэ, эх орноо гэсэг тушаал авсан цэрэг эрчүүдийн эрэлхэг зоригийг харуулсан киног хэрхэн цааш үргэлжлэхийг хүсвэл “Соёмбо” кино театрыг зориорой.
“Ми-15” киноны дуу
Дуучин П.Идэржавхлан
Ая Д.Бямбабаяр
Үг. Х.Болор-Эрдэнэ
Холын шувуудын цувааг дагаад
Хөх тэнгэрийн гүн рүү ниссэн
Тушаал аваад харьж ирээгүй
Хөвч тайгадаа мөнх нойрссон
Нүүх үүлсийн аясаар тэд
Нууж үлдээсэн үгсээ шивнэнэ
Хааж залгисан нулимсаа бид
Хариу болгон дотогш залгина
Харьж ирээгүй хөвгүүдээ бид
Хайж олохоор шувуудыг тосно
Шүүдэр дундуур туучсан хөвгүүд
Газар шороондоо үүрд шингэжээ
Хүсэл дундуур гүйлдсэн жаалууд
Салхи болон тэнгэрт үлджээ
Харьж ирээгүй хөвгүүдээ бид
Хайж олохоор шувуудыг тосно
Г.Даша