
-“Ми- 15” киноны нээлт сайхан болж байна. Баяр хүргэе, сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. “Ми 8”-ын ослын талаар монголчууд маш сайн мэднэ. Тэр үед хүмүүс маш их айдас түгшүүртэй байсан. Би ч гэсэн тэднийхээ нэгэн адил их харамсч байсан. Эх орныхоо төлөө явж байгаад алтан амиа алдсан эрэлхэг эрчүүдийнхээ тухай кинонд тоглосондоо бахархаж байна.
-Та олон кинонд тоглосон. Уг кинонд тоглоход хэр хүнд байв?
-Тийм ээ. Би 40 гаруй кинонд тоглосон. “Ми-15” миний өмнө нь тоглож байсан кинонуудаас хамгийн хүнд байлаа. Осолд өртснөөс хойш хүнд ямар ямар мэдрэмж төрж, яаж тэсч байгааг үзүүлсэн. Зургийн хувьд үнэхээр хүнд байв. Гэхдээ манай зөвлөхүүд маш их зүйл хэлж өгсөн л дөө. Уг киноны зураг авалтыг гуравдугаар сараас эхэлсэн юм.
-Кинонд тоглож байхдаа их айж, эмээж байв уу?
-Тэгэлгүй яахав. Ер нь их аймшигтай байсан. Яана даа л гэж бодсон. Гэвч жүжигчин хүнийхээ хувьд чадан ядан тоглосон. Өөрийгөө мундаг тоглосон гэж хэлэлтэй нь биш. Үзэгчидэд маань хүрч чадвал боллоо шүү дээ. Бидний гол зорилго үзэгчиддээ хүргэх. Тэдэнд маань хүрвэл хамгийн их баярлана.
-“Ми-8”-ын ослоор амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийхэн та бүхэнд санал бодлоо хэлсэн үү?
-Хэлэлгүй яахав. Киноны нээлтэнд баатарлаг эрчүүдийн маань ар гэрийнхэн урилгаар ирсэн.
Б.Анхаа