-Энэ хорвоод эх хүнээс илүү ачтан үгүй. Таны ээж аль нутгийн хүн бэ?
-Миний ээж Булган аймгийн Баян-Агт сумын Цагаан гол гэдэг газар төрсөн Д.Даваа гэж буурай бий. Ээж маань есөн сайхан хүүхэд төрүүлж, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн. Үр бид нь муу ижийгээ уйлуулж, дуулуулж л хүн болсон байх даа.
-Сэтгэлдээ ижийгээ хэчнээн бодовч ганц шүлэг тэрлэж амжихгүй нь. Харин та их хувьтай юм. Ээждээ олон сайхан шүлэг зориулсан биз дээ?
-Ер нь ээждээ зориулж уран бүтээл туурвидаггүй уран бүтээлч байхгүй. Ижийдээ зориулсан шүлэг, дуу минь бидний өлгий дээр аялсан бүүвэйн дууны дэргэд өчүүхэн шүү дээ. Өнөөдөр өдий дайны уран бүтээл туурвиж яваа минь ижийтэй минь холбоотой. Учир нь, миний ээж хүүхэд байхдаа шүлэг бичдэг, сургуульдаа сурлагаараа тэргүүлдэг байсан гэдэг. Тэр сайхан авъяас билгийнх нь өчүүхэн хэсгийг би өвлөсөн болов уу гэж санадаг. Би дөнгөж оюутан болоод ирэхдээ "Сэтгэлийн мөргөл" гэдэг шүлэг бичиж байлаа.
…Мөндөр цайрсан тэнгэрийн дор
Өлгийтэй бурхан байхад минь
Мөнхийн энэрэлт ижий минь надад
Мөргөж үнсдэг байлаа.
Бойтогны хонхонд хөл оруулж
Борвио тэнийлгэн гүйхэд минь
Бодолдоо нартай ижий минь надад
Сөгдөж үнсдэг байлаа
Айлын азайд магтуулан
Тусад орохын цагт минь
Авралын тэнгэртэй ижий минь
Залбирч үнсдэг байлаа
Нойтон даль дэвсээр
Шувууд буцахын цагаар
Намрын нар шиг ижийдээ би
Залбирч үнсүүлдэг боллоо.
Хаврын цэнхэр яргуйн дээр
Жаргал нүдлэхийн үеэр
Хайрын далай ижийдээ би
Сөгдөж үнсүүлдэг боллоо
Тэнгэрийн цагаан цасан
Санчиганд нь гэрэлтсэнээс хойш
Дэлхийн нар ижийдээ би
Мөргөж үнсүүлдэг боллоо…
-Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн шүлэг байна. Энэ сайхан уран бүтээлийн онгод хэрхэн орсон бол?
-Ээжийнхээ дэргэдээс нэг их холдож үзээгүй болохоор санаад бичсэн шүлэг л дээ. Сүүлд нь энэ шүлэгт маань морин хуурч, хөгжмийн зохиолч А.Буян-Арвижих ая хийж гавъяат жүжигчин Х.Үнэнхүү 2003 оны "Морин хуур" наадмын үеэр дуулж олны хүртээл болгосон юм.
-Та 2005 онд "Би хаан зүгийн хүн" уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхдээ ээждээ үнсүүлээд уйлж байгаа харагдсан?
-Тийм ээ. Тэр үед миний ээж Дарханд том ахынд маань ирсэн байсан. Гэхдээ миний тоглолт дээр ирнэ гэж хэлээгүй. Тоглолт дуусахаас өмнө ирж амжихгүй байж магадгүй гэсэн юм. Гэтэл гэнэт тайзан дээр гарч ирээд үнсэхээр нь өөрийн эрхгүй баярлаад уйлчихсан. Миний амьдралын олон сайхан дурсамжтай мөчүүдийн оргил үе дээ.
-Ээж тань ямар ажил хийдэг байв?
-Саальчин. Ээж минь хөдөөний эгэл бор малчин шүү дээ.
-Миний бодлоор уран бүтээлийн тань дийлэнх нь хайрын тухай үгүүлээд байх шиг санагддаг. Ээжийн тухай уран бүтээл хэчнээн хувийг эзэлдэг бол?
-Ер нь аль ч сэдвийг нь хөндөж бичдэг. Ээжийн тухай уран бүтээл багагүй бий шүү. Цаашдаа ч ээжийнхээ тухай бичсээр байх болно. Ийм сайхан ээжтэй байж хийсэн уран бүтээл маань миний сэтгэлд дийлэнхдээ хүрдэггүй. Тийм ч учраас би цаашдаа бичсээр байх болно.
-Ээждээ барьсан хамгийн том бэлэг тань юу вэ?
-"Болор цом"-ын эзэн Ц.Хулангийн
"…Манцуйдаа ирж таныг ганцхан удаа баярлуулсан
Магадгүй түүнээс хойш дандаа зовоосон…" гэдэг шиг ер нь ганц л удаа баярлуулсан байх даа. Гэхдээ үр нь болсон хойно улам л их баярлуулах юмсан гэж байнга бодож явдаг. Болж өгвөл залуу насыг нь, өөрийнх нь хайртай бүхнийг эргүүлээд олоод ирэх юмсан гэдэг "бүтэшгүй" мөрөөдлийг тээж явдаг.
-Хүн өдөрт ижийгээ есөн удаа бодож чадвал үйлс нь бүтдэг гэдэг юм билээ?
-Үнэхээр хүн өөрөө дэргэдээ ээж гэдэг бурхантай байж шүтэж чадахгүй бол өөр хэдэн мянган бурханд мөргөөд ч үйлс нь бүтнэ гэж үү.
-Ээжийгээ хамгийн өрөвдөж хайрлаж байсан үе тань хэзээ вэ?
-Миний муу ижий хоёр дахь эгчийг минь алдчихаад байж суух газраа олохгүй суухад нь сэтгэл минь их өмөрч байлаа. Саяхан элэгний хагалгаанд ороход нь "Биднээс л боллоо доо" гэж өөрийгөө зэмлэж суусан. "Элэг уйлдаг, инээдэг эрхтэн" гэдэг дээ. Миний хувьд ээжийнхээ элгийг их уйлуулж дээ гэж гэмшиж байлаа /нүдэнд нь нулимс цийлэгнэв/.
-Найрагч залуугийн ээж хүүдээ юу захидаг бол?
-"Олны газар зөв яваарай. Нэрээ битгий хугалаарай" гэж захидаг.
-Захиасыг нь хэрхэн биелүүлдэг вэ?
-Ер нь тавь тавин хувьтай даа.
-Оюутан байхад намар сургуульдаа явах үеэр ээжүүд сүү өргөөд нулимсаа арчаад хоцордогсон. Тэр үед үгээр хэлэхийн аргагүй уярал төрдөг. Таны хувьд?
-Эргэж харахыг боддоггүй. Уйлчих гээд байдаг юм. Мэдээж ээж маань нүдэндээ нулимстай зогсож байгаа шүү дээ.
-Таныг их уянгалаг бичлэгтэй уран бүтээлч гэдэг юм билээ. Уран бүтээлийн тань тэр уянгыг юу тэгтэл нь хөглөв өө?
-Нутаг ус. Миний өвөө эмээ, ээж аав болоод намайг унахад тоссон тэр нутаг бол "Сэр сэр салхитай сэрүүн бумбын орон" гэдэг шиг зүйрлэшгүй сайхан. Яагаад ч юм, би нутагтаа очихоор сайхан шүлэг бичиж чаддаггүй. Тэр их сүр хүчинд нь дарагддаг юм байлгүй дээ. Мөн үүнээс гадна миний уран бүтээл уянгад нөлөөлсөн гол түлхүүр бол шавь бидний ээж гэж хүндэтгэн авгайлдаг "Хаан найргийн хатан”, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Дулмаа багш маань. Ээжээсээ хол суухдаа Ш.Дулмаа багшийнхаа гэрээр эргэлдэж, гарынх нь цай, сэтгэлийнх нь сүүгээр дайлуулж явдаг. Ш.Дулмаа багш бол миний уран бүтээлийн ээж юм шүү дээ.
-Ижийгээ амьд байхад үхэх нь байтугай өвдөх эрх байхгүй юм шиг санагддаг?
-Тийм шүү.
"…Алтан дальтай шонхрын жигүүр надад байлаа ч
Агуу ихийн дээгүүр нисэж үл зүрхэлнэ
Арслангийн омгоор дүрэлзэх зориг надад байлаа ч
Аав, ээжийнхээ амьдад үхэж үл зүрхэлнэ" гэсэн миний шүлэг байдаг юм.
-Ээждээ хэлж амжаагүй сэтгэлийн үгээ илэрхийлэх боломжийг танд олгоё?
-Өлгийтэйдээ үүрээр босгон зовоож, өдий зэрэгт хүрчихээд мөн дандаа сэтгэлийг тань өвтгөж явдаг муу хүүгээ өршөөгөөрэй. Танаасаа хүү нь мянган нарны гэрлээс ч илүү гэгээн илчийг авдаг шүү. Та минь урт наслаарай.
Б.Анхцэцэг