
Хоёр орны Засгийн газрын хоорондын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу энэ оны хичээлийн жилд манай улсаас тав дахь удаагаа ОХУ-ын Перм хотын балетийн сургуульд 12 хүүхдийг балетийн жүжигчин мэргэжлээр бэлтгэх гэж байна. 22 жил тасраад байсан сонгодог урлагийн боловсон хүчин бэлтгэх асуудал, сүүлийн арав гаруй жил эрчимтэй яригдаж, хоёр орны Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэсэн. Бяцхан 12 сурагч маань Ж.Бадраагийн үг, Ц.Намсрайжавын ая “Халуун элгэн нутаг” дуугаа багшийн хамт дуулан тэнд цугласан олны сэтгэлийг хөдөлгөж, ээж аав нь нулимс дуслуулан үдлээ. Эх орноо төлөөлөн холын нутагт эрдэм сурахаар явж байгаа бяцхан дүү нартаа амжилт хүсье.
Ирээдүйн балетын жүжигчдээ үдэн гаргасан УДБЭТ-ийн захирал Б.Сэргэлэнтэй уулзан ярилцлаа.
-ОХУ-д УДБЭТ-ын залуу халааг бэлтгэхээр 12 хүүхдийг өнөөдөр үдэж мордуулах гэж байна. Энэ сайхан баяраасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-ОХУ Монгол Улсын Засгийн газрийн хоорондын хэлэлцээрийн дагуу 22 жил завсардсан байсан ОХУ-д балетийн боловсон хүчин бэлтгэх уламжлал өнөөдөр сэргэж, хүүхдүүд маань сургуульдаа явж байна. Урьд нь бэлтгэж байсан системтэй балетийн жүжигчдийг бэлтгэх боловсон хүчний бодлого 22 жил тасарсан байсан. Энэ асуудлыг маш олон жил хөөцөлдсөн. Монгол Улсын засгийн газар арваад жилийн өмнөөс сонгодог урлаг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр яригдаж байсан ажил өнөөдөр биеллээ олж байгаад маш их баяртай байна. Юуны өмнө Монголын сонгодог урлагийг хайрлан хүндэтгэдэг, түүнд амьдрал, авъяас, зүрх сэтгэлээ зориулсан бүх уран бүтээлчдийн нэрийн өмнөөс БСШУЯ-ны сайд Отгонбаярт баярлалаа гэж хэлмээр байна. Хүүхдүүдээ ОХУ-д сургах зөвшөөрлийг авсны дараа эдгээр насанд хүрээгүй хүүхдүүдийн хүмүүжүүлэгч багш, хоол унд, байрны мөнгийг нь шийдвэрлэх том тулгамдсан тулгарсан. Үүнийг маш богино хугацаанд, оновчтой ухаалаг шийдэж өгсөн Ё.Отгонбаяр сайдад баярлаж байна. Бага наснаасаа нарийн мэргэжлээрээ дагнан суралцаж, бага наснаасаа бүхэл бүтэн жүжигчин болоод ирэх гэж байгаа ийм сайхан эхлэл өнөөдөр тавигдаж байна.
-Хүүхдүүдийн суралцах сургуулийн талаар та товч танилцуулахгүй юу?
-ОХУ-ын Перм хотын балетын сургууль 65 жилийн түүхтэй, дэлхийн жишигт хүрсэн сургууль. Монголоос өмнө нь Кирмийн балетийн сургуульд хамгийн олон балетийн жүжигчин бэлтгэсэн гэдэг стастик судалгаа байдаг юм. Жишээлбэл, 1956, 1947, 1981, 1988 онд дөрвөн элсэлт авч байсан. Энэ бол 22 жил завсардаад тав дахь удаагаа элсэлт авч байгаа нь юм.
-Та энэ ОХУ-ын Перм хотын Гейденрейхийн нэрэмжит балетын академийг балетын жvжигчин мэргэжлээр төгссөн байх аа?
-Би гурав дахь төгсөлтийнх нь балетийн жүжигчин. 1981 онд элсэн найман жил суралцаж төгссөн. Тиймээс би энэ сургуулиа маш сайн мэдэж байгаа болохоор өөртөө итгэлтэй ярьж байна. Тухайн сургуулийг төгссөн уран бүтээлчдийнх нь амжилт, гавьяа шагналаар тухайн сургуулийг үздэг. Өнөөдөр дэлхийд нарийн мэргэжлийн маш олон сургууль байгаа. Гэхдээ монголчуудад элэгтэй монголчуудад ойрхон, ойлгомжтой, бидэнтэй дотны харьцаатай, бидэнд өөрсдийнхөө нарийн мэргэжлийн нууц техник, ёс зүйн хүмүүжлийг өгдөг гоё сургуулийн нэг бол яалт ч үгүй Пермийн сургууль. Энэ сургуульд хүүхдүүд явуулж байгаадаа баяртай байна.
-Өнөөдөр хүүхдүүдээ сургуульд нь явуулж байна. Эргээд эдгээр хүүхдүүдтэйгээ яаж, ямар ходбоотой ажиллах вэ?
-Хүүхдүүдээ сургуульд үдэж өгөх нэг хэрэг. Би өөрөө мэргэжлийн балетчны хувьд ийм гоё сургуульд явуулчихсан юм чинь сайн хүн гарч ирнэ гэж бодож байгаа. Яагаад гэвэл бид, эцэг эхчүүд хүүхдүүдээ нэгэнтээ л энэ замыг сонгож байгаа болохоор өндөр шаардлага тавьж байгаа. Мэдээж боловсон хүчнээ бэлтгэхээр явуулж байгаа бид ч гэсэн хариуцлага үүрэг ёстой. Жил болгон хүүхдүүд маань юу сурч байна гэдгийг шалгадаг байх хэрэгтэй л дээ. Жишээ нь, наадмын концертод оролцуулах ч юм уу. Зун амралтаараа ирэхээр нь ард түмэндээ ийм зүйл сургаад ирлээ гэж тайлагнадаг байх талаар анхаарна. Наадмын концертод хөөрхөн хүүхдийн тоглолт үзэхийг хүмүүс хүсэн хүлээж байдаг шүү дээ. Зөвхөн сургуульд нь сургах биш эцэг эх нь хүүхдүүдээ эх оронч сэтгэлгээтэй болгож ийм нарийн мэргэжлийн ийм өндөр үнээр ийм хэцүү эзэмшиж авдаг гэдгийг энэ хүүхдүүд сайн гаргаж өгөх юм бол дараа дараагийн нарийн мэргэжлийн боловсон хүчний гарааг нь тавьж өгч байна гэсэн үг юм.
-Сонгодог урлагт балетийн жүжигчний боловсон хүчний асуудал тулгамдаад байсан шүү дээ.
-Өнөөдөр зөвхөн Монголын сонгодог урлагийн боловсон хүчний тулгамдсан асуудлуудын нэг бол балетийн жүжигчин мөн. Мөн зайлшгүй хэрэгцээтэй асуудал бол маш сайн хөгжмийн удирдаач, найруулагч, хорместер, балетместер, концертместер гээд тэр болгон суралцсан хүн бүр мундаг болоод төгсөж ирж чаддаггүй хүнээс айхавтар авъяас шаарддаг өвөрмөц мэргэжлүүд байгаа. Энэ талаар манай Засгийн газар цаашдаа анхаарч ажил хэрэг болгоно гэдэгт итгэлтэй байгаа. Нэгэнт эхлэлийг нь тавиад өгсөн энэ боломжийг бид өөрсдөө хариуцлагатай санаачлагатай байх хэрэгтэй. Зөвхөн хоёр улсын Засгийн газар асуудлыг шийдчихнэ гээд орхих нь инээдтэй. Тэр сургууль нь сургадаг юм байгаа биз гэсэн хоцрогдсон ойлголт байвал таслан зогсоох хэрэгтэй. Үүнд эцэг эх, хүүхдүүдийн ч, бидний ч гэсэн үүрэг чухал байх ёстой. Энэ асуудлаар бид хатуу тохирсон байгаа.
-Та хүүхдүүдийг сонгон авах комиссийн гишүүнээр ажилласан. Хүүхдүүдийн талаар юу хэлмээр байна?
-Сургуульд явуулах хүүхдүүдийг маш сайн сонгож авсан. Би өөрөө мэргэжлийн хүний хувьд балетийн урлаг юу шаарддаг тэр шалгуурыг тавьсан. Одоо тэгэхдээ нарийн хэлж мэдэхгүй шүү дээ. Энэ гоё “материал”-аас ямар “бүтээгдэхүүн бүтээл” гарч ирэхийг харж, хүлээж бурханд нь залбирахаас
-Энэ хүүхдүүд өмнө нь балетаар хичээллэж байсан уу, Монголд хэр бэлтгэл хийсэн?
-Зарим нь нэг, хоёр жил бэлтгэгдсэн, зарим нь бэлтгэгдээгүй, зарим нь Хөгжим бүжгийн коллежид суралцаж байсан. Өөрөө энэ нарийн мэргэжлийн урлаг чинь биеэс гадна эрүүл мэндийн хувьд цоо эрүүл байх ёстой, хөдөлгөөний эвсэл, оюун ухааны хөрвөх чадвар, нүдний харц гээд маш их мэдрэмжүүдийг шаарддаг. Өөрөө энэ чинь хөдөлгөөний урлаг. Дээрээс нь гоо сайхан. Энэ дэлхийн хамгийн хэцүү хувцсыг өмсөж, хамгийн хэцүү элментүүдийг хийж, гоё гүнж, ханхүүгийн дүрд нисэн дүүлэн хувирдаг, хэтэрхий их юм шаардаг, маш хэцүү мэргэжил. Гэхдээ бид нар баяртай байна аа.
Г.Даша