-Та аль нутгийн хүн бэ?
-Монголын төв халх, ламын гэгээний төрсөн нутаг Баянхонгор аймгийн бурхан шашин дэлгэрсэн газар буурал аав ээжийнхээ сургаалаар өсөж торнисон доо. Намайг бага байхад аав, ээж маань хоёр тийш болж эмээ, өвөөгийнхөө гар дээр хүн болсон. Хүүхэд байхад олон юманд сонирхолтой, янз бүрийн юм цуглуулдаг байв. Хүмүүс догшин газраас хамаагүй юм авч болохгүй гэнэ. Хөгшчүүлийн ярьдаг ад зэтгэрийн тухай яриа тайлагдашгүй оньсого мэт санагддаг байсан. Манай нутгийнхан их уран хүмүүс байж. Тамхиа татаад сууж байхдаа хүртэл гаансны цохиур хийдэг байсныг санаж байна. Миний буурал аав бага наснаасаа хийдэд шавилан суусан их номтой хүн байсан. Бас зураг зурж нутгийн олондоо шагшин гайхагддаг байлаа. Тийм ч учраас тэр сайхан ёс заншил, эрдэм ухаанааас нь бага ч болов өвлөн авсан гэж боддог.
-Та бол зураач, уран барималч, бас эртний эдлэл цуглуулагч шүү дээ. Энэ бүхэнд өссөн орчин, нутаг усныхан, буурал аав ээж тань их нөлөөлжээ?
-Тэгэлгүй яахав. Би гэдэг хүн мундагтаа ийм юм хийчихлээ гэх эрхгүй. Нутгийн хөгшчүүл хүртэл “энэ хүү эхийгээ тэжээх хүн байгаа юм, авъяастай их уран хүүхэд, зовохгүй хоолоо олоод иднэ” хэмээн ерөөдөг байсан. Удалгүй хөдөөний юу ч мэдэхгүй жаахан хүү зураач болохоор Дүрслэх урлагын сургуулийг зорин ирэхэд хэцүү үе бишгүй тохиолдоно. Гэхдээ л зураач болох хүсэл мөрөөдөл байсан болохоор сургуулиа амжилттай дүүргэж, Одоогийн Санктпетрбург хотод бэхэн зургийн чиглэлээр суралцахаар мордож байсан үе маань үргэлж санаанд байдаг юм. Хичээлүүд нь дандаа орос хэл дээр. Хэдийгээр эх орондоо суурь сургуульд нь суралцсан ч гэсэн тэндэхийн хичээлийн программыг гүйцэхэд идэвхи чармайлт гаргах хэрэгтэй болно. Монголын нууц товчоонд байдаг “Амрах жаргах аргагүй алалдан тулалдаж явлаа, Ухран дутаах газаргүй урагшлан тулалдаж явлаа” гэсэн үгээр өөрийгөө зоригжуулж, зорилгынхоо төлөө хатуу тэмцсэн дээ. Орост сурч байхдаа Дорно дахины номын санд сууж Чингис хааны тухай ном судар уншиж, гайхалтай ишлэлүүдийг бичиж тэмдэглэнэ. Мөн уран барималч мэргэжлийг зэрэг эзэмшсэн. Оюутан ахуй цагаасаа судалгаа шинжилгээний ажлаа эхлүүлж урлаг судлалын ухаан докторын зэрэг хамгаалсан. Монголын түүх дурсгалын тухай өгүүлсэн ном тохимол байвал гэрэл зурагт буулган үлдээж байсан маань судалгааны ажилд их нэмэр болсон.
-Хувийн цуглуулгаараа байгуулсан “Чингис хааны өв соёлын музей” тань таны олон жилийн нөр их хөдөлмөрийг дэлгэн харуулж байх шиг?
-Эртний олдвор, үзмэрийг цуглуулахад учир бий. Тухайн хүнд урлагийн суурь боловсрол, мэдрэмж, урлагт сэтгэл зүрхээ өгсөн найз нөхөдтэй хүн байх ёстой юм л даа. Ямарваа нэг зүйлийг цуглуулна гэдэг мөнгөөр зодож хийдэг баян чинээлэг хүний хийдэг зүйл биш. Буурал аав, ээжээсээ өвлөн авсан судар номоос эхлээд нутаг усны номтой хөгшчүүлийн эдэлж хэрэглэж байсан зүйл, судар номыг солилцож унших гээд л. Манай гэрт нэг том хүрэн шогол байдаг байлаа. Даллагын уутан дотор нь манай буурал аавын номын багшийн хатсан баас нь хүртэл хадгалагдаж байсан. Харахад шохой шиг болохоор нь хазаж үзэж билээ. /инээв/ Дунд сургуульд байхдаа дайны үеийн холбогдолтой ховор сонин гэрэл зургууд цуглуулж, дараа нь Дүрслэх урлагийн сургуульд орохдоо багшийнхаа нөлөөгөөр хувьсгалын эсэргүү гэгдэж хэлмэгдэж байсан хүмүүсийн зургийн цуглуулсан. Харин Орост сурч байхдаа ховор сонин ном, эртний эд зүйл цуглуулж нэлээдгүй цуглуулгатай болсон. Ингээд сонирхол хобби байснаа томоохон цуглуулга болж, бүр сүүлдээ жижиг бизнес, музей болтлоо өргөжсөн юм шүү дээ. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдгийн адил амьдрал хүртэл аяндаа дээшлээд ирдэг юм байна.
-Өчүүхэн жижиг зүйлийг ч болов цуглуулах таны сонирхолд дургүйцэх хүн байсан байх даа. Дараа нь олон хүний нүдийг хужирлаж, оюуныг цэнэглэх сайхан зүйл хийж байгаа гэдгийг тань анзаарч байсан болов уу?
-Хүн өөрөө өөртөө үнэнч байх, өөрийнхөө зөн совинд итгэнэ гэдэг сайхан чанар. Сайн муугаар хэлэх үе зөндөө байсан. Музейгээс юм аваад байна уу, хаанаас энэ бүхнийг олоод байна гэж хардаж сэрдэх хүн ч таарна. Тийм хүмүүс чин өөрсдөө ажлаасаа өөр юм олж харах билгийн нүдгүй, орчлон ертөнцөд болж байгаа содон сонин бүхнийг огтхон ч анзаардаггүй. Бүр гай болно, нас барсан хүний сүнс хорогдсон эд зүйл гэх мэтээр хэлэх хүмүүс ч байсан. Би огтхон ч тийм зүйл боддоггүй. Урлагийн ховор нандин дурсгалууд зөвхөн музейд байдаг юм биш. Музейд байхгүй юм жирийн иргэд, лам нар, гандан хийдээр их байна. Миний хувьд их мөнгөөөр цуглуулгаа худалдаж авч байсан удаагүй. Хүмүүстэй сайхан харилцаж, тохиролцож авна. Заримдаа нутгийн хүмүүс бэлэглэх жишээтэй. Ер нь хуучны эд зүйлийг их мөнгөтэй хүн цуглуулдаггүй юм.
-Цуглуулгуудаа хэдийнээс музей болгон өргөтгөж олонд дэлгэн харуулсан бэ?
-Эхлээд гэртээ л байрлуулж гэрийнхээ таазанд тултал өрчихсөн байдаг байлаа. Хамаатан садан, хадмууд, найз нөхөд зочлохдоо мөргөж адис авна. Нэг удаа хөдөөнөөс манай дүү ирээд энэ авдруудад нь юу байдаг юм бол гэж сонирхоод нээж үзсэн чинь дүүрэн судар байсан гээд л одоо ярьдаг юм. Хоргой торго байгаа л гэж бодсон юм шиг байна лээ. /Инээв/ Сүүлдээ бүр гэрт багтахаа болиод 2004 оноос Яармагт эхнэр бид хоёр зуны байшин авч тэндээ музей нээж дэлгэн тавьсан. Урлагийн зөвлөлөөс гаргадаг жуулчдад зориулсан танилцуулгад оруулж, гадаад дотоод аянчин жуулчдын орж гарах хөлийн газар болсон юм. Зуны байшин болохоор өвөл ашиглаж чадахгүй, зарим чухал гэсэн зүйлсээ гэртээ аваачих хэрэг гарна. Нааш цааш нь зөөхөд хуучны эд зүйл эвдрэх, эмтрэх нь амархан гээд хүндрэлтэй зүйл цөөнгүй байсан болохоор хотын төвд хоёр өрөө байр авч музейнхээ бүх үзмэрийг энд авчирч тавьсан.
-Яагаад “Чингис хааны өв соёлын музей” гэж нэрлэсэн юм бэ?
-Миний цуглуулгад Чингис хаантай холбоотой зүйл нэлээд бий. Ерөнхийдөө бүхий л цуглуулга маань ямар нэг байдлаар Чингис хааны үлдээсэн соёл, уламжлалтай холбоотой. Чингис хаан гэхээр л их цэрэг хөлөглөөд аян дайн хийгээд яваад байсан юм биш. Монголын сүр хүчийг бадрааж, соёлыг түгээж, монгол хүний оюун ухаан, авьяас билгийг дэлхий дахинд мандуулж явсан. Чингис хаан өөрөө гайхалтай эрдэм номтой, мэргэн цэцэн хүн. Зурхайч, зохиолч, гүн ухаантан шиг ярьдаг байсан тухай ч баримт бий. Тухайн үед зарим хүн “бүх юмыг Чингис хааны нэрээр нэрлэх юм” гэх мэтээр дургүйцэх тохиолдол гарсан ч ач холбогдол өгөөгүй ээ. Өнөөдөр гадаадын жуулчид, хүндэт зочид манай музейг сонирхдог.
-Ер нь танай музейг хүмүүс хэр үздэг вэ?
-Хүмүүс энэ талаар их асуудаг юм. “Хүн их ирж байна уу, сайн сурталчилгаа хэрэгтэй юм байна даа” гэх зэрэг. Олон хүнд үзүүлж их ашиг орлого олохдоо гол нь биш. Үзье гэсэн хүн бол хаа хол Америкаас ч ирдэг. Заавал гудамжаар явж байгаа хүмүүсийг манай музейг үз гээд албадаад уриалаад байх хэрэггүй юм.
-Музейд тань жижиг сийлбэр, вааран эдлэл, өвөг дээдсийн эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэлээс эхлээд маш олон үзмэр байна. Ер нь цуглуулгынхаа тоог гаргаж үзсэн үү?
-Бригадын тоо бүртгэгч шиг нэр бүрчлэн бүртгэж байгаагүй ээ./ инээв/ Барагцаалбал миний уулзаж, танилцаж байсан алдарт хүмүүсийн гарын үсэг гэхэд л 5000 гаруй бий. Тэр бол манай музейн үзмэрийн нэг хэсэг. Мөн Богд хаант Монгол Улсын үе, социализмын үе, 1990 оноос хойшхи ардчилал зэрэг түүхэн цаг үеийг өгүүлэх 1000 гаруй гэрэл зураг бий. Дэлгэн харуулах зай талбай л дутаад байна. Ингээд барагцаалбал цуглуулгууд, миний өөрийн зурсан таталбар зургийн бүтээлүүдтэй нийлээд 10 мянга хол давна.
-Үзмэр бүхнийг нэг бүрчлэн тайлбарлавал нэлээд цаг зав, үзэг цаас хэрэгтэй болох нь гарцаагүй. Тэгэхээр манай уншигчдад ховор нандин давтагдашгүй гэж болох үзмэрээсээ танилцуулаач?
-Үзмэр бүхэн ач холбогдолтой, үүх түүхтэй. Одоо сонирхуулахад хүүхэд ташуурдаж ад зэтгэрийг үргээдэг маш жижигхэн ташуур бий. За тэгээд Өндөр гэгээн Занабазарын нэг ойтойдоо өмсөж байсан бойв ховор нандин үзмэрт орно. Мөн Хатанбаатар Магсаржав, Дамдинсүрэн нарын манж нарыг эх нутгаасаа хөөн гаргаж, зүрхийг нь хөндөж байсан хутганууд бий. Энэ хутгануудыг Солонгосын жуулчид үзээд худалдаж авах гэхээр нь өгөөгүй. Буддын шашны нууцын тарни бүхий судрууд байна. Эргэл мөргөл, хар дом, анагаах эмчлэх, гай зовлонгоос гэтэлгэх, сангийн амыг дээш нь харуулах, үр хүүхэд, хань ижилтэй болгох, ад зэтгэрийг үргээх, тэнгэрийн байдлыг шинжих шидтэй судрууд үнэхээр ховор нандин юм. Энэ бүхнийг би өөрийн сайндаа бий болгочихсон юм биш. Миний эхнэр, хүүхдүүд, хамаатан садан, нутаг усныхан, эрдэмтэн багш нарын дэмжлэг, сайхан сэтгэлийн буянаар боссон юм шүү.
-Гадаад дотоодын жуулчид, энгийн иргэд таны цуглуулгаас сонирхсон зүйлээ худалдаж авдаг гэсэн. Хамгийн өндөр үнээр худалдаж байсан үзмэр юу вэ?
-Авна. Хав дараад л суугаад байвал ямар утга байх вэ. Хувь хүнд худалдахаас гадна Монголын театрын музей, Үндэсний музейн сан хөмрөгийг баяжуулахад хувь нэмрээ оруулж байлаа. Надад байхаасаа илүү улсын сан хөмрөгт хадгалагдаж байх нь үнэ цэнэтэй юм болов уу, хүүхэд залуусын мэдлэгийг тэлэх юм болов уу гэж бодсон. Гадаадын жуулчдаас гадна Монголын цуглуулагчид сонирхсон зүйлээ худалдаж авах нь элбэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай музейгээр зочлох үедээ Өндөр гэгээнтэй холбоотой дурсгалууд, Эрмитажийн музейгээс хуулж ирсэн зурагнуудаас авч байлаа. Заримдаа цуглуулагч нартай дурсгал солилцоно. Тэрнээс тэр нь их мөнгө оруулсан гээд яриад байх хэрэггүй байхаа.
-Таны хувийн цуглуулгын тухай нэлээд ярилаа. Одоо таны зураасан зургийн бүтээлд яриагаа хандуулъя?
-Монголын зураасан зургийн төрөл, бэхэн зургаар бүтээлээ хийхэд буурал аав маань их нөлөөлсөн. Монголын уран зургийн томоохон төлөөлөгч болсон Марзан Шаравын “Монголын нэг өдөр” Ч.Лодойдамба нарынхаа зурагт хайртай. Дэлхийн хэмжээнд бэхэн зураг тодорхой нэр томъёотой. Орост сурч байхдаа таталбар зураг сайн зурж сурсны хүчинд аливаа зүйлийг бичихээс илүү зураасаар илэрхийлэх нь гайхамшигтай гэдгийг мэдэрсэн. Багаасаа хөдөө морь мал хариулж, унага даага сургаж өссөн адал явдалт амьдралаа зургаар дүрсэлж, нутаг усныхны хошин яриаг олонтаа сонсож явсан болохоор миний зургууд тэр чигээрээ монгол ахуй, адал явдал, хошин наргианыг өгүүлж байдаг.
-Тэгэхээр таны зургийн санаа бодит ахуй амьдралаас, ном зохиолоос урган гардаг байх даа?
-Тийм ээ. Монгол түмний өдөр тутмын амьдрал, Чингис хааны байлдан дагууллын тухай, дэлхийн алдарт зохиолчдын бүтээлүүд тэр чигээрээ зураг. Алтан товч, Оюунтүлхүүр, Эр хоёр загал, Монголын нууц товчоо миний бүтээлийг нүдэнд харагдаж, сэтгэлд буутал хэлээд өгдөг. Монголчууд бүр эртнээс буюу Уйгар, Кидан гүрэн, Юань улсын үед хүртэл бэхээр зурж байсан тухай сурвалж бичигт тэмдэглэн үлдээсэн нь бий. Гэтэл манайд үүнийг судалдаг хувь хүн, байгууллага алга. Цөөхөн зураач л сэтгэлээрээ судалж, өөрсдийн бүтээлээ туурвих юм даа. Бэхэн зураг, зураасан зураг гэдэг бол асар их энерги, эрч хүчийг дамжуулдаг гэж үздэг. Маш оновчтой зураасаар, тодорхой дүрсийг гаргаж байдгаараа хүнд хүрэх нь илүү.
-Таны бэхэн зургууд дэлхийн хэдэн оронд хэвлэгдэн гарсан бэ?
-2007 онд Гонконгод бэхэн зургийн үзэсгэлэн болсон. Тэнд бэхэн зургийн томоохон төлөөлөгчдийн нэг н.Чимэддорж гуай бид хоёрын бүтээл оролцсон. Дэлхийн олон орны зураачдын шилдэг бүтээлүүд тавигдаж бүгдээрээ зарагдаж байсан юм. Дараа нь тусгай каталоги болгосон байна лээ. Бас Солонгос улсад хоёр ч удаа үзэсгэлэнгээ гаргасан юм байна. Түүнчлэн Америкийн нэгэн эрдэмтний Чингис хааны тухай бичсэн номонд миний бэхэн зургууд бий. Хятад улсад гарсан түүхэн ном, Герман, Орос зэрэг томоохон улсуудад гарснаас гадна жижиг зургууд миний хүрч амжаагүй, сонсож байгаагүй улсад хүртэл гарсан байх жишээтэй. Ерөнхийдөө дэлхийн 20 гаруй орны ном товхимолд хэвлэгдсэн.
-Таны бүтээлд Чингис хааны байлдан дагууллын үеийн холбогдолтой зураг олон байдаг гэсэн?
-Монголын нууц товчоо үнэхээр утга агуулга төгөлдөр. Хүн бүхэн уншихад нүдэнд нь тэр үеийн дүр зураг харагддаг байх. Зураач хүн уншихаар зураг болон харагдаад байгаа юм. Манай монголчууд дэлхийд дуурсагдах хаантай, гайхалтай түүх соёлтой мөртлөө олонх зураач шашны чиглэлийн зураг зурах нь их байна. Чингис хаантай холбоотой зураг маш цөөн. Тиймээс түүний суу алдрыг монгол түмэн, дэлхий нийт үеийн үед дурсахыг бэлгэдэж, дэлхий дахинд сурталчлан таниулахыг зорьсон минь тэр.
-Нэг зурганд олон үйл явдал багтсан байх юм. Эдгээрийг нэг бүрчлэн зурахад хугацаа их шаардах уу?
-Зурах хугацаа янз бүр. Зургийнхаа том жижиг хэмжээнээс нь хамаарна. Жижиг хэмжээтэй зургийг маш богино хугацаанд зурж болно. Харин олон үйл явдал багтаасан зургийг нэлээд бодож байж зурдаг. Бэхэн зургийн нэг онцлог нь харандаа, баллуур хэрэглэдэггүй. Аливаа зураг утга агуулга, үйл явдал, өрнөлтэй байж сая сайн бүтээл болно. Хаан нь ямар үйл явдал зурах, зохиомжийн төв нь хаана байх вэ гэх мэт зүйлийг зохицуулна. Их сургуульд сурч байхад манай багш “Бийрийн үзүүрээс алт ундартал зурж сур” гэдэг байсан.
-Бэхэн зургийн давтагдашгүй чанар их биз?
-Үнэхээр агуу. Гэтэл манайд энэ чиглэлээр дагнан зурдаг хүн цөөхөн. Зураасан зураг хүний сэтгэхүйд хүчтэй нөлөөлж чаддаг. Бүр хар бэх нь анагаах , эмчлэх, сэтгэлд хүрэх увидастай учир бэхээр тарни бичиж, хүнд идүүлдэг байсан түүх ч бий. “Хар өнгийн бэх нь ертөнцийн гэрэл гэгээг тодруулахад чухал үүрэгтэй” гэж Дорно дахины гүн ухаанд сургадаг юм билээ. Миний бүтээлд хон хэрээ, хараацай, таван хошуу мал, сар чухал үүрэгтэй.
-Дэлхийд бэхэн зургаар алдартай ямар улсууд байдаг вэ?
-Ер нь бол дэлхийн хэмжээнд ихэд сонирхдог. Монгол, Солонгос, Япон, Хятад, Төвд зэрэг азийн улс орнууд бэхэн зургаар алдартай. Гэхдээ зурах арга, үйл явдал, сэдвээрээ ялгарна. Тэр дунд манай улс дээгүүрт ордог нь бахархалтай санагддаг.
-Ойрын хугацаанд бэхэн зургаараа үзэсгэлэн гаргах уу?
-Энэ сарын сүүлээр Нидерланд, Белги улсад үзэсгэлэнгээ гаргахаар явна. Энэ үеэрээ тэндэхийн зураач, оюутан залууст бэхэн зургийн талаар лекц уншиж, бэхэн зураг зурах үзүүлбэр үзүүлэх юм. Бүх зардлыг нь Нидерландын сангаас хариуцаж байгаа юм. Сарын хугацаатай явж Монголын бэхэн зургийн хөгжлийг сурталчлах гэж байгаадаа баяртай байна.
С.Отгонсүрэн