
Зүүн хойд азийн эдийн засгийн форум Төрийн ордонд үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлын хоёр дахь салбар болох эрчим хүчний хөгжлийн талаар хуралдаж байна. Энэхүү салбар хуралдаанд Оросын Чикотка мужийн амбан захирагчийн зөвлөх Жон Тичотски Зүүн хойд Азийн эрчим хүчний салбарын талаар илтгэл танилцуулав. Тэрээр “Дэлхийн хэмжээнд эрчим хүчний асуудалтай байна. Сүүлийн үед эрчим хүчний үнэ, эрэлт нийлүүлэлт өөрчлөгдөж байгаа. Өөрчлөлт Солонгос, Япон зэрэг орнуудын хувьд нийтлэг байдалтай байна. Бид бүхэн “ногоон өсөлт” гэдэг зүйлийг сүүлийн үед ихээр ярьж, ач холбогдол өгөх болсон. Эрчим хүчний эрэлт нь эдийн засгийн өсөлттэй холбоотой байдаг. Эдийн засгийн энэ өсөлт нь гэхдээ байгальд халгүй, ногоон өсөлт байх шаардлагатай. Хэдийгээр энэ хоёр нь урвуу хамааралтай байгаа ч бид бүхний шийдэх нэн чухал асуудал юм. Уламжлалт эрчим хүчний аргууд нь сүүлийн үеийн нөхөн сэргээгдэх эрчим хүчний аргаас хямд өртөгтэй байгаа ч урамшууллыг өрнүүлснээр үүнийг шийдэх боломжтой” талаар илтгэлдээ танилцууллаа.
Б.Мандах