Бейрутад мөргөлдөөн гарав

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

Бейрутад мөргөлдөөн гарав


Энэ сарын 24-ний орой Бейрут хотын Бурж Аби Хайдар районд шийтүүдийн “Хезболлах”, суннитуудын  "Аль-Ахбаш" хөдөлгөөнүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн гарсан тухай “Хезболлах”-ын "Аль-Манар" телевиз дамжуулжээ. Буудалцааны улмаас гурван хүн алагдсан байсан ба 25-ны өглөө эмнэлэгт нэг шархадсан хүн нас барснаар тэдний тоо дөрөв болжээ.

Буудалцаан хэдэн цаг үргэлжилж, автомат зэвсэг, гранат харвагч ашигласан байлаа.  Бейрут дахь ВВС  агентлагийн сурвалжлагч мэдээлснээр алагдсан хүмүүсийн нэг нь “Хезболлах”-ын орон нутгийн лидер  Мухаммад Фауаз байсан аж. Түүний хамт Мунзер Хади гэх туслах нь алагдсан байна. Хэд хэдэн хүн шархаджээ. "Аль-Ахбаш" бүлгийн алагдсан дайчны нэрийг хэлсэнгүй. Тэд бүгд залуу хүмүүс байсан гэж  "Аль-Манар" мэдээлжээ.

Хэрэг гарсан газар Ливаны армийн анги орж, уг дүүрэгт цэргийн эргүүл хийж байна. Хоёр бүлэглэлийн лидерүүд болсон хэрэг явдалд харамслаа илэрхийлээд тэд мөргөлдөөн хувь хүмүүсийн сөргөлдөөн байсан гэв. Гэрч нарын яриагаар хэрэг явдал сүмийн дэргэд гарч тэд сүмийн эсрэг буудсан байлаа. Энэ удаагийн мөргөлдөөн тэдний хоёр жилийн өмнөхөөс хойших хамгийн том нь болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж