Хөрөнгө оруулагчдыг татахад тогтвортой орчин чухал

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчдыг татахад тогтвортой орчин чухал

Зүүн хойд Азийн эдийн засгийн форумд таван орны 100 гаруй төлөөлөгч оролцож тус бүсийн орнуудад уул уурхайн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахад ямар хүндрэл бэрхшээлтэй тулах болсон талаар хэлэлцэж байна.
Байгалийн баялгаараа дэлхийд магнайд бичигддэг ОХУ-ын хувьд авч үзэхэд эдийн засгийн хямралын уршгаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уул уурхайн компаниудын олборлолт буурч, багагүй алдагдал хүлээжээ. Энэ нь дэлхийн зах зээл дээр металлудын үнэ ханш унаж, тогтворгүй байсантай холбоотой. Одоо ашигт малтмалын олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулагчдыг татах хийгээд үйлдвэрлэлдээ шинэ технологи нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тулгарч буй ажээ. Нөгөөтэйгүүр, бусад оронтой харилцах хамтын ажиллагаа чухал. Уул уурхайн баялгийнх нь гол цөм Алс дорнодын бүсэд оршдог. Тус бүсэд Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалтыг татах сонирхол ихээхэн бөгөөд судалгаагаар 30 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Гэвч Зүүн хойд Азийн орнуудын хувьд их хэмжээний хөрөнгө оруулах сонирхол сайн биш. Өнгөрсөн он жилүүдийг авч үзвэл БНСУ металлургийн чиглэлээр уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын 25 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө оруулсан, Хятад улс 375 сая ам.долларыг арван жилийн хугацаанд оруулахаар болжээ. Тиймээс Зүүн хойд Азийн орнудын хөрөнгө оруулалтыг татах сонирхол тус улсын хувьд ихээхэн чухал байгаа юм байна. Энэ зорилгод хүрэхэд Зүүн Азийн орнууд руу чиглэсэн хамтын ажиллагаа чухал болохыг Оросын эрдэмтэн онцолсон юм.

 Газар зүйн байрлалаар авч үзвэл Алс дорнодын бүсэд олборлогдсон эрдэс баялгийн 70 хувь Европ болон Ойрхи дорнод руу, дөрвөн хувь Хойд Америк руу, харин нийт металлын нэг хүрэхгүй шахам хувь нь Зүүн хойд Азийн орон руу экспортлогддог аж. Ингэхдээ Зүүн хойд Азийн орон руу экспортлогдож байгаа баялгийн хэмжээг орноор нь авч үзвэл 35 хувь, Хятадад, 20 хувь Япон, 10 гаруй хувь нь БНСУ –д хамаардаг байна. Гол төлөв алмаз, алтны экспорт эзэлдэг гэнэ.
 Нөгөөтэйгүүр, уул уурхайн салбарыг эрчимтэй хөгжүүлж, хөрөнгө оруулагчдыг татах  гол хөшүүрэг  урт хугацааны эдийн засгийн болоод улстөрийн таатай орчин чухал болохыг тэмдэглэж байна. Улстөр нь савлагаатай, бизенсийн орчин нь ямар зарчмаар явах гээд байгаа нь ойлгомжгүй нөхцөлд хөрөнгө мөнгө, цаг хугацаа ихээр шаарддаг уул уурхайн салбарт эрсдэлтэй алхам хийж, азаа үзэх хөрөнгө оруулагч олдохгүй болохыг ч сануулав.

Харин манай талаас энэхүү форумд “Эрдэнэс MGL” компанийн гүйцэтгэх захирал Г.Тэмүүлэн стратегийн 15 ордын талаар танилцуулсан юм. Зэсийн нөөцөөр дэлхийд тэргүүлэхүйц Оюутолгойн ордыг Монгол Улс Айвенхоу майнз Монголиа инк компанитай хамтран ашиглахаар гэрээ байгуулсны дагуу үүнд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулна. Уурхайн олборлолтыг хамгийн сүүлийн үеийн технологиор явуулна. Ордыг ашиглах хугацааг 50 жилээр байгуулаад байгаа. Одоогоор бүтээн байгуулалтын ажил ид явж байгаа бөгөөд ил уурхайг 2012 оноос эхлэн ашиглана гэсэн зорилттой. 2013 оноос үйлдвэр өдөрт зургаан сая тонн баяжмал үйлдвэрлэн, зах зээлд гаргах бололцоотой болно.

Тавантолгойн ордын хувьд дэлхийд хоёрт орно. Нөөцийн хувьд авч үзвэл 6.5 тэрбум тонн нүүрстэй. Үүнээс 4.6 тэрбум нь түлшинд ашиглах боломжтой нүүрс бол үлдсэн хэсэг нь дэлхийд хамгийн их үнэд хүрдэг коксжих нүүрс юм. Гэхдээ Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотойгоор дэд бүтцийн асуудал хөндөгдөж буй. УИХ-аас Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг батлан гаргасан. Түүнд Тавантолгойгоос-Сайншанд хүртэл төмөр зам эхний ээлжинд тавьж, улмаар боловсруулсан нүүрсээ гадаад зах зээлд гаргахаар тусгаад байгаа. Ингэснээр нүүрсийг түүхийгээр нь экспортлоход хязгаар тавьж байгаа хэрэг юм.

Эдгээр ордуудыг ашиглахтай холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ мөн өсөн нэмэгдэнэ. Тиймээс Шивээ-Овоогийн бор нүүрсний ордыг ашиглах асуудал чухлаар тавигдаж эхэлсэн. Үүнд хөрөнгө оруулалт ихээр шаардана. Эл уурхайд хөрөнгө оруулах сонирхолтойгоо илэрхийлсэн гадаадын компаниуд багагүй бий. Тиймээс хөрөнгө оруулагч тал болон эзэмшигч талын харилцан ашигтай ажиллагааг харгалзан үзнэ гэлээ.

 Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж