Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

Наймдугаар сарын 26

Наймдугаар сарын 26-ны баяр

Намибийн баатруудын өдөр

Намибийн элсэн манхнууд 1970-1980-аад оны урт хугацааны дайны нэргүй баатруудын булшийг нуужээ. Жил бүр тус орны ерөнхийлөгч тусгаар тогтнолын төлөө амь үрэгдсэн дайчдын  булшинд цэцэг өргөдөг ба энэ өдөр шинэ замын нээлтийг хийдэг.

АНУ-ын эмэгтэйчүүдийн тэгш эрхийн өдөр
Өнөөдөр америкчууд Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө өдрийг (Women"s Equality Day)  тэмдэглэж, дэлхийн эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцсээр байна. Энэ өдрийг Белла Абзуг (Bella Abzug, 24.07.1920 – 31.03.1998) гэдэг орос цустай, улстөрч, хуульч, нийгмийн зүтгэлтэн,  тоймч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч санаачлан 1971 онд анх удаа тэмдэглэжээ. Тэр эмэгтэй нийгмийн зүтгэлээсээ гадна өргөн хүрээтэй бүрх малгайгаараа олны анхааралд үлджээ. Тэрээр 1970 онд Конгресст сонгогдсон анхны еврей эмэгтэй болсон юм.

Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцэл XIX зууны дунд үеэс эхлэлтэй. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө Сенека-Фолст 1848 онд болсон бага хуралд (Seneca Falls Woman"s Rights Convention) цугларсан  групп “Бүх эрэгтэй ба эмэгтэйчүүд тэгш эрхтэйгээр төрсөн” гэж тунхаглажээ. Тэр цуглаан сүүлдээ үндэсний хөдөлгөөн болон хувирч,1920 онд АНУ-ын Үндсэн хуульд Эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийн тухай (Woman Suffrage Amendmen) 19 засварыг оруулж чаджээ.

Үйл явдал

Татарын хаан Тохтамыш Москваг эзлэн шатаав

1382 он: Залуу хаан Тохтамыш 1377 онд Доголон Төмөр хааны тусламжтайгаар Алтан ордыг байлдан дагуулж эхэлсэн юм. Сыгнак нийслэлтэй байсан Алтан ордын зүүн хэсгийг тэрээр 1378 онд эзлээд Мамайн  толгойлж байсан баруун хэсэгт нь нэвтэрлээ. Тэрээр 1380 онд Алтан ордын бараг бүх хэсгийг нийслэл Сарайтай нь эзлэн Азов хүрч чаджээ.

Тохтамыш  хаан

Тохтамыш их цэргийг удирдан 1382 онд Москвад тулж ирэв. Москвагийн их ван Донын Дмитрий байлдаан хийлгүйгээр Костромад гэр бүлийн хамт зугтжээ. Москвагийн хамгаалалтыг залуу литвийн ван Остей удирдан хоёр хоног  ширүүн эсэргүүцэл үзүүлсэн юм. Тохтамыш заль гарган Москвад Нижегородын ван Василий  Кирдяп ба Семён Дмитриевич нарыг хэлэлцээр хийлгэхээр явуулж, Москва бууж өгвөл тэднийг өршөөнө гэсэн хэмээн ам тангараг өгүүлсэн байна. Наймдугаар сарын 28-нд Москва бууж өгсөн ба зальт хаан амлалтаа биелүүлэлгүйгээр олон түмнийг хядаад хотыг дээрэмдэн шатаасан байлаа. Үүний дараа татарууд Москва хавийн Переяславль, Владимир, Юрьев, Звенигород, Можайск зэрэг хотуудыг эзлэн татвар гувчуур тогтоожээ.

Японы зураач Сессю нас барав

1506 он: Амьддаа суми-ё зургийн шилдэг мастер гэгдэж байсан 86 настай Сессю (энэ уран бүтээлийн нэр нь  «Цасанд дарагдсан завь» гэж буух бөгөөд түүний жинхэнэ нэр нь Тоё Ода) нас баржээ. Өнөөг хүртэл тэр зураачийг Хятадын сунийн үеийн бэхээр зурдаг зургаас үүдэлтэй суми-ё гэх төрлийн шилдэг зураач гэж тооцдог. Тоё Ода 1463- 1469 онд Хятадад амьдран энэ урлагаараа маш өндөр үнэлэгдэж байснаас гадна өөрөө ч түүний техникийг улам төгсжүүлжээ.

Маратхийн удирдагч Аграгаас оргов


1666 он:
Маратхи нарын домогт удирдагч Шиважи хатаамал жимстэй том сагсанд нуугдан гэрийн хорионоос оргожээ. Эзэн хаан Аурангзебийн уурыг хүргэсэн тэрээр гурван сар гэртээ цоожтой сууж байв. Ван эзэн хааны 50 насны ойн хүлээн авалт дээр “ёслолын бэлэг” заан, нөмрөг, үнэт чулууг гардуулахаас өмнө арга хэмжээг санаатайгаар орхин гарч  явсан учир түүнийг тийнхүү шийтгэсэн байлаа. Тэрээр бараг хориод жилийн турш маратхийн нэгэн омгийг толгойлон Моголын эрх баригчдад амар тайван үзүүлэлгүй дээрмийн амжилттай халдлагууд хийж байснаас ард олны дунд “шилийн сайн эр” болсон байжээ. Аурангзеба түүнийг энх тайван байгуулахаар урьсан байв. Оргож чадсан тэрээр холбоотнуудаа нэгтгэн дахин маратхийн нутаг дэвсгэрээ эргүүлэн авсаар 1674 онд Махараштра гэх бие даасан тусгаар улсыг байгуулаад хаан нь болж чадсан ажээ.

Төмсний тухай анхны  шинжлэх ухааны өгүүлэл хэвлэгдэв

1770 он: Оросын Чөлөөт эдийн  засгийн нийгэмлэгийн “Бүтээлүүд”-эд “Төмсний тухай тайлбар” гэсэн шинжлэх ухааны өгүүлэл хэвлэгдэж, Орос дахь төмсний түүхийг “эхний эсэргүүцлээс хоёр дахь талх нь болсон” талаар бичсэн байв.

Анх Орост төмсийг XVII зуунд Баруун Европоос I Петр санаачлан авчруулжээ. Анх шинэ ногоог Петербургийн эмийн сангийн тариан талбайд тарьж, ордны хүлээн авалт  дээр нарийн хоол болгон өгдөг байсан аж. Тариа ургаагүй 1765 онд Анагаахын коллегийн санаачлагаар өлсгөлөн гаргахгүйн тулд Сенатын зарлиг гарч ногоон талбайд түүнийг тариулах үүрэг өгсөн байна. Бүх захирагч нарт зарлигийг хүргүүлж хувь хүнээс төмс худалдан авч нөөцлөх үүрэг өгсөн байлаа. Эхлээд тариачид шилдэг талбайг нь төмсөнд зориулан авч байсан учир шинэ ногоог эсэргүүцэн улс даяар “төмсний самуун” гэгч гарч байв. Гэсэн ч ургац сайн өгдөг мөн амт сайтай, өег  байсан учир төмс Төв Орос, Украин, Белорусьт хурдан дэлгэрчээ. Энэ төмсний тухай анхны шинжлэх ухааны тайлбар гаргасан Андрей Болотов гэх эрдэмтний бүтээл ч тус болсон юм. Өнөөдөр төмсийг хоёр дахь талх гэж олон улс оронд нэрлэж байна.

Кракатау галт уулын дэлбэрэлт

1883 он: Орчин үеийн түүхэнд Ява, Суматра арлуудын хооронд орших Зондын  хоолойн нэгэн арлын Кракатау галт уулын маш хүчтэй дэлбэрэлт болжээ. Асар хүчтэй дэлбэрэлтээр 19 км2 үнс, тоос, халуун хийн багана 80 км гаруй өндөрт босч, түүнийг дагалдах дуу нь мянган км-ын цаанаас сонсогдож байлаа. Их дэлбэрэлт галт уулын ихэнхийг нураан сүйтгэж, түүнийг дагалдсан цунамийн давалгааны өндөр 30 м хүрчээ. Тэр давалгаа дэлхийг тойрч  Ла-Маншийн хоолойд хүртэл мэдрэгдэж байсан гэдэг. Энэ гамшгаар Индонезийн 295 суурин мөхөж, 36 мянган хүн амиа алджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж