О.Дөлгөөн мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

О.Дөлгөөн мөнгөн медаль хүртлээ

Сингапур улсад болж байгаа дэлхийн анхны Хүүхдийн олимпийн наадмаас монголчууд дахин нэг медаль авлаа. Өмнө манай тамирчид чөлөөт бөх, спортын гимнастикийн төрлөөр олимпийн алтан медаль хүртээд байсан.

Олимпийн медалийн буухиаг үргэлжлүүлэн жүдогийн холимог багийн тэмцээнд хүч сорьсон О.Дөлгөөн мөнгөн медалийн эзэн боллоо . Энэ тэмцээнд нийт 12 баг өрсөлдөж, манай жудоч О.Дөлгөөний "Belgrade" баг эхлээд гоц мөргөж, дараа нь "OSAKA" багтай 4:4 оноогоор тэнссэн ч чанарын хувьд давамгай байсан байна. Тус баг гуравдугаар тойрогт "Tokyo" багийг 5:3 оноогоор ялж шигшээд шалгарлаа.  "Belgrade" баг алтан медалийн төлөө "ESSEN" багтай барилдсан ч  2:6 оноогоор хожигдож,  мөнгөн медалийн эзнээр тодорлоо.  Өсвөрийн жудоч О.Дөлгөөн 66 кг-ийн жинд барилддаг хэдий ч 81 кг-ийнхантай хүч сорьж, өөрөөсөө 15 кг-аар илүү өрсөлдөгчтэй барилдсанаас Гондурасын бөхийг ялж Грек, Конго улсын тамирчдад өвдөг шороодсон байна. Мөнгөн  медальт олон улсын холимог багийн бүрэлдэхүүнд Монголоос гадна ОХУ, Мальта, Туркменстан, Сенигал, Шинэ Зеланд, Бельги, Герман улсын үе тэнгийнхэн нь оржээ. Ийнхүү Монголын хүүхдүүдийн баг хоёр алтан медалийн дараа дахин мөнгөн медаль эх орондоо авчирлаа гэж спортын сэтгүүлч Ж.Отгонцагаан Сингапур улсаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж