Тариаланчид тээрэмчидтэй гар барьсангүй

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Тариаланчид тээрэмчидтэй гар барьсангүй

Гурил хэмээх ердийн нэг хүнсний бүтээгдэхүүн энэ намрын гол сенсааци болж байна. Гэхдээ ердийн гэж хэлж бас болохгүй юм аа. Яагаад гэвэл гурил иддэггүй хүн байхгүй. Тэгэхээр жирийн иргэн, улстөрч байхаас үл хамаараад чухал сэдэв болохоос ч аргагүй. Хамгийн гол нь өргөн хэрэглээний энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид хийгээд түүхий эдийг нь бэлтгэн нийлүүлэгчид хэл амаа ололцож чадахгүй байна. Хэдийгээр хэрэгцээг нийлүүлэлтээр хангах үйл явц зах зээлийн зарчмаар өрнөх учиртай ч төр үүнд огт хамаагүй гэсэн үг биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, төр хамаагүй гэж үзвэл Хүнс хөдөө аж ахуй хариуцсан яам гэж байгаад ч хэрэггүй гэсэн үг шүү дээ. Тиймээс салбар хариуцсан яам гурилын үнэ хийгээд нийлүүлэлтийг зохицуулах үүднээс эрвийх дэрвийхээрээ л ажиллаж байх шиг байна. Жишээ нь, өчигдөр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гурил үйлдвэрлэгчид болон тариаланчидтай “Гурил улаанбуудайн үнэ” сэдэвт уулзалт хийсэн юм. Яамныхны хувьд тэднийг аль болох ойлголцож, нэг санаатай ажиллаасай гэсэн үүднээс ийм уулзалт хийж байгаа нь тодорхой . Уг хурлыг удирдан явуулсан ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга ч тариаланчид болон үйлдвэрлэгчдэд хандан “Эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүйгээр үнэ ханшаа тохирцгоо” гэсэн агуулгатай үгийг удаа дараа хэлж байв. Харин тариа буудайг тарьж ургуулдаг хүмүүс нь аль болох өндөр үнээр зарах гэж, буудайг нь гурил болгон зарж ашиг олдог хэсэг нь болж өгвөл хямдхан авахыг хичээсээр байсан юм. Жишээ нь, газар тариалан эрхэлдэг “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат “Бид тонн улаанбуудайгаа 350 төгрөгөөс хямд өгч чадахгүй” хэмээн гүрийж байсан. Тэднийг буруутгах ч аргагүй. Цаг агаарын хүндрэлээс эхлээд бүхий л бэрхшээлийг туулж байж жаахан ургац авчихаад хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж чадахгүй бол хэнд ч хэцүү шүү дээ. Гэхдээ үйлдвэрлэлийн түүхий эд анхнаасаа үнэтэй гарвал эцсийн бүтээгдэхүүний үнэ ч өсөх нь гарцаагүй байдаг. Тэгэхээр тариаланчдаа харж үзэж байна гээд өндөр үнээр буудайг нь аваад байвал эцсийн дүндээ хэрэглэгчдийн нуруун дээр л хамгийн хүнд ачаа нь бууна. Үйлдвэрлэгчид үнэ яаж ч өөрчлөгдсөн зардлаа тооцож л таарна. Тиймээс тэдний хувьд нэг их хохироод байх зүйл байхгүй. Тиймдээ ч гурил үйлдвэрлэгчид энэ удаагийн уулзалтын үеэр олон юм ярихгүй байна билээ. Ёстой яаж ч байсан бид хохирохгүй шүү гэсэн шиг харагдсан. Нөгөөтэйгүүр саяхан үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн хэргээр нэлээд муу нэр дуулсан болохоор жаахан чимээгүй байя гэж бодсон байж ч мэднэ. Уулзалтад үйлдвэрлэгч талаас “Улаанбаатар гурил”, “Алтан тариа”, “Милл Хаус” компанийн төлөөлөл ирсэн байв. Харин үнийн санал дээр гол маргааныг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийнхан өрнүүлсэн. Тэд тариалан эрхлэгчдийн хүсч буй “350 мянга” гэсэн үнийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Тонн буудайг чинь 264 мянга 400 төгрөгөөр авъя” гэж тулгасан. Энэ нь бүхий л төрлийн зардлыг тооцож, их л нарийвчилж гаргасан тоо гэнэ. Жишээ нь, тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймаг нийслэлээс чамгүй зайтай учраас бид өндөр үнээр авах боломжгүй гэсэн тайлбар хэлж байлаа. Мөн өнгөрсөн жил зах зээлд илүүдэл үүсч 240 мянган төгрөгөөр тонн буудай авах үйлдвэрлэгч олдохгүй байсан гэж тариаланчдыг “айлгав”. Яамны зүгээс “Энэ жил бид дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах хэмжээний ургац авна” хэмээн удаа дараа мэдэгдэж байгаа. Энэ утгаараа бол нийлүүлэлт хангалттай байхад үнэ өсөх шалтгаан байхгүй баймаар. Гэтэл гурил үйлдвэрлэгчид “Энэ жил нөөц хүрэлцэхгүй шүү” гээд шал өөр юм яриад байдаг. Хэнд нь ч итгэхэд хэцүү. Үйлдвэрлэгчдийг үнэ өсгөхийн тулд худлаа ярьж байна гэж үзэж болох ч яамныхны үг бас яг таг байдаггүй шүү дээ. Дээр дурьдсан “Бүрэн хангана” гэдэг үгийг жилийн жилд л хэлдэг. Гэвч нийлүүлэлт хангалттай байхад үнэ буурдаг зах зээлийн зарчим үйлчилдэггүй. Ямартай ч энэ жил улсын хэмжээнд урьдчилан төлөвлөснөөр 329.8 мянган тонн буудай хураан авна гэсэн тооцоог салбарын яамнаас танилцуулж байна. Манай улсын жилийн нийт хэрэгцээ 240 мянган тонноор хэмжигддэг учраас энэ тоо хангалттай л сонсогдож байна. Гэхдээ явцын дунд байдал яаж өөрчлөгдөхийг одоохондоо хэн ч таашгүй.

Буудайн нийлүүлэлтийн үнийг нарийн тохиролцох зорилго бүхий энэ уулзалт үндсэндээ үр дүнгүй болсон гэхэд болно. Уг нь уулзалтад энэ салбарт хамаатай төрийн болон төрийн бус байгууллага гээд бүхий л тал оролцсон боловч зах зээлийн гол объект болсон хэрэглэгчдээ анхаарах хүн тун ховор байв. Тэд хэрэглэгчид  яах вэ гэхээс илүүтэй өөр өөрсдийн ашиг сонирхол, байр суурийг яаж хамгаалах гэдэгт л гол ач холбогдол өгч байсан юм. Ийн хэлэх учир нь уулзалтад оролцогчид Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийг төлөөлөл Г.Нанзадыг үг хэлэхэд ёстой л үл тоомсорлоно гэгчээр хандаж байлаа.
Уулзалтад оролцсон хүмүүс учиргүй хэрэлдэж, маргалдаагүй ч бүгд “Би ашигтай ажиллах ёстой” гэсэн зарчмыг баримталж байсан юм. Харин төр өөрт ашигтай байх хувилбар, байр сууриа тийм ч сайн хамгаалж чадсангүй. Төрд ашигтай байх хувилбар гэдэг нь иргэдийн нуруун дээр бага ачаа үүрүүлэх гэсэн үг. Мөн аль аль тал нь авч үзүүштэй үг хэлсэн хүн ч бий. Тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Ш.Гунгаадорж “Бид өнөө маргаашийн ашиг харж ажиллах бус улс орныхоо ирээдүйг бодох хэрэгтэй. Газар тариалан, үйлдвэрлэл хоёрыг зэрэг хөгжүүлэхийн төлөө харилцан ойлголцож явах ёстой” гэсэн үнэ цэнэтэй үг хэлж байв. Гэвч тариалдаг, тээрэмддэг хоёр тал хэн хэндээ ашигтайгаар хэрхэн хамтарч ажиллахаа энэ удаа лав ойлголцож чадсангүй.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ.
ЗОХИОГЧИЙН ЭРХ: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж