Цөмийн зэвсэгтэй орнуудын эдийн засаг

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Цөмийн зэвсэгтэй орнуудын эдийн засаг

Олон улсад албан ёсоор цөмийн зэвсэгтэй хэмээн нэрлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн орнууд цөөхөн байдаг. Үүнд АНУ, ОХУ, Их Британи, Франц, Хятад, Энэтхэг, Пакистан, Хойд Солонгос, Израйлийг нэрлэж болно. Үүнээс цөмийн цэнэгт пуужингийнхаа тоогоор ОХУ, АНУ тэргүүлдэг. Түүнчлэн Ираныг цөмийн зэвсэгтэй хэмээн үргэлж харддаг билээ. Харин албан ёсоор цөмийн зэвсэгтэй хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн орнуудын эдийн засаг өнөөдөр ямар байдалтай байна вэ.

АНУ-ын эдийн засгийн тухай тааруухан үзүүлэлтүүд гарах болсон нь олон улсын зах зээлд нэлээд нөлөөлж байгаа. Ам.долларын эх оронд ажилгүйдлийн түвшин хурдацтай нэмэгдэх болжээ. Одоогийн байдлаар тус улсад уг үзүүлэлт 9.5 хувьтай байгаа ба нийт 14.6 сая хүн ажилгүй байна. Түүнчлэн тус улсын гадаад өрийн хэмжээ евро бүсийг доргиосон Грекийнхээс ч их гарсан нь эдийн засагчдын санааг зовоогоод байгаа юм. Тус улсын хувьд Засгийн газраас гаргасан бонд, өрийн бичгийг худалдаж авсан гадны хөрөнгө оруулагчдын хэмжээ 10 жилийн өмнөхөөс бараг хоёр дахин нэмэгджээ. Холбогдох албаны хүмүүс хүчирхэг эдийн засагтай оронд энэ зэргийн өр байх нь зүйн хэрэг гэх боловч цаашид иймэрхүү байдлаар нэмэгдээд байвал жинхэнэ аюул дагуулах эрсдэлтэй юм.

Цөмийн цэнэгт пуужингийн тоогоороо бусдыгаа дагуулдаггүй ОХУ-ын хувьд төсвийн алдагдал нь нэлээд санаа зовоосон асуудал болоод байгаа. Тус улсын төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 5.9 хувьтай тэнцжээ. Энэ хэмжээ цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа. Ядаж байхад яр гэгчээр хэт халалтын улмаас Оросын газар тариалангийн бүс нутгаар түймэр гарч, ургац хураалтад саад болохоос гадна асар их хэмжээний хохирол учруулсан. Байгалийн энэхүү гамшгийн дараагаас фермерүүддээ татаас олгох зэргээр Засгийн газрын зардал нэмэгдэх нь зайлшгүй болох юм. Төсвийн алдагдлаа бууруулж, зардлаа нэмэхийн тулд тус улс төрийн мэдлийн “Роснефть”, “Транснефть” зэрэг компаниудынхаа зарим хувьцааг олон улсын биржүүдэд гаргахаар болж байна.

Европын холбооны хүчирхэг орнуудын нэг Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон сонгогдсоныхоо дараахнаас төсвийн алдагдлаа бууруулахын тулд нийгмийн халамж үйлчилгээний салбар дахь зардлаа багасгасан. Тус улсын төсвийн алдагдал өнгөрсөн зургадугаар сарын байдлаар 14.5 тэрбум паундад хүрч, урсгал зардал нь 4.6 хувиар өсчээ. Төсвийн алдагдал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 11 хувьтай тэнцэх болсон нь чамгүй өндөр үзүүлэлт. Тиймээс тус улсын Сангийн сайд Ж.Осборны төсвийн алдагдалтай тэмцэх төлөвлөгөөг хэргэжүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Түүнчлэн тус улс гадаад зах зээлээ өргөтгөж, Зүүн Азийн орнууд, тэр дундаа өсөн нэмэгдэж буй зах зээлтэй Энэтхэг зэрэг оронтой худалдаагаа сайжруулахыг зорьж байна.

Францын хувьд өртэй холбоотой асуудал мөн л эн тэргүүнд тавигдах болсон. Тиймээс тус улс төсвийн зардлаа бууруулахын тулд тэтгэвэрт гарах нас 60 байсныг 62 болгон нэмжээ. Урьдчилсан тооцоогоор Францын эдийн засаг 2011 онд 2.5 хувийн өсөлттэй гарна гэж үзэж байгаа ч энэ тоо цаашид яаж ч өөрчлөгдөж мэднэ гэж эдийн засагчид үзэж байна. Тус улс төсвийн хөрөнгөө нэмэгдүүлэхийн тулд татварын орчиндоо шинэчлэл хийхээр болж байгаа юм. Гэвч энэ нь энгийн иргэдэд нь учрах дарамтыг улам бүр нэмэгдүүлнэ хэмээх болгоомжлол төрүүлээд байгаа. Учир нь тус улсад 2012 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэр хүртэл ард иргэддээ таалагдах хэрэгцээ Н.Саркозид байх нь  гарцаагүй юм.

Цөмийн зэвсэгтэй орнуудаас хамгийн “цоглог” яваа нь Хятад. Юанийн ханшийг ам.доллараас уяж, экспортлогчдынхоо өрсөлдөх чадварыг сайжруулсныхаа хүчинд Хятадын эдийн засгийн өсөлт санхүүгийн хямралын жилүүдэд 8.5 хувийн өсөлттэй гарч байв. Харин Б.Обамагийн санааг тайвшруулах зорилгоор саяхнаас юанийн ханшийг чөлөөлөхөөр болж, төв банкнаас нь ам.доллартай харьцах ханшаа бага зэрэг чангаруулж байгаа. Ерөнхийдөө хямралын үед дэлхийн мөнгийг өөртөө төвлөрүүлсэн тус улс эргээд хөрөнгөө зарж, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх болсон. Дэлхийн түүхий эдийн эрэлтийг дангаараа шахуу бүрдүүлэх болсон тус улсын зах зээл дээр үнийн хөөс үүсэх вий гэх болгоомжлол сүүлийн үед гарч байна. Моргейжийн зээл их хэмжээгээр олгосон нь сүүлдээ чанаргүй болон хувирах хандлагатай байгаа. Тиймээс банк санхүүгийн тогтолцоо нь бага зэрэг тогтворгүйжиж эхэлсэн юм. Тиймээс Хятадын бодлого боловсруулагчид эргээд эдийн засгаа царцаахаар шийдэв бололтой. Гэхдээ ямар ч гэсэн тус улс эдийн засгийн хүчирхэг байдлаараа Японыг ардаа орхиж, АНУ-тай өрсөлдөх болсон юм.

Энэтхэгийн хувьд өсөн нэмэгдэж буй зах зээлтэй орон. Хүн амын тоогоор давуу тус улс мөн л Хятадтай адил санхүүгийн хямралын жилүүдэд эдийн засгаа найман хувийн өсөлттэй гаргаж чадсан. Үер усны гамшигт нэрвэгдээд буй пакистанчуудын хувьд жинхэнэ хямрал одоо л эхэлж байна. Үерийн улмаас тус улсын гол экспортын бүтээгдэхүүн болох элсэн чихэр,  талбайн гуравны  нэг нь сүйджээ. Пакистаны Засгийн газраас сэргээн босголтын ажилд 15 тэрбум ам.доллар шаардагдана хэмээн тооцож байгаа. Олон улсын валютын сангаас ч тус улсад зориулан анхааруулга гаргаж, оновчтой бодлого явуулах хэрэгтэйг онцолж байна.

Хойд солонгосчууд валютаа шинэчилснээс болж өлсгөлөнд нэрвэгдэхээ шахсан нь саяхан. Тус улсын удирдагч Ким Чен Ир цөмийн зэвсгийн асуудлаарх зургаан талт хэлэлцээрийн ширээг орхин гарснаас хойш АНУ болон НҮБ-ын зүгээс эдийн засгийн элдэв хориг, саадтай тулгарсаар байгаа нь тэртэй тэргүй ядруухан байгаа Хойд Солонгосын нөхцөл байдлыг улам л дордуулах болсон. Одоогийн байдлаар эдийн засгийн дэмжлэг авдаг гол харилцагч орон нь Хятад болоод байна. Хятадын 100 гаруй жижиг компани Хойд Солонгост үйл ажиллагаагаа явуулж, Бээжингээс тус улсад үе үе зээл туламж олгож байгаа нь алс хойчоо бодсон хэрэг болж буйг үгүйсгэх аргагүй юм. Учир нь Солонгосын хойгийг ирээдүйд түшиц газраа болгох сонирхол бий гэх таамгийг ажиглагчид гаргаад байгаа. Хойд Солонгосын гадаад худалдааны тал хувь нь дан ганц Хятадтай хийгддэг байна.

Цөмийн зэвсэгтэй өөр нэг орон бол Израйль. Тус улсын эдийн засаг харьцангуй эерэг үзүүлэлттэй байгаа юм. Санхүүгийн хямралын үед тус улсын экспортын хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь тал хувьтай тэнцэж байсан нь том амжилт болжээ. Хилийн чинад дахь гялгар алмаз, агаарын болон усан онгоцны худалдаа өнгөрсөн сард 3.8 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн хоёр жилд байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.3 хувиар буурч, 7.3 хувьд хүрчээ. Гэхдээ тус улсын Засгийн газрын зардал энэ оны хоёрдугаар улиралд 8.7 хувиар нэмэгдсэн байна.

Т.ЭЛИСА. УЛС ТӨРИЙН ТОЙМ СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж