Наймдугаар сарын 25-ны баяр
Урагвайн нийслэл Монтевидео
Испаниас 1811 онд Урагвай тусгаар тогтнолоо аваад л хойд хүчирхэг хөрш Бразилийн довтолгоонд өртөв. Урагвай 1816- 1825 онуудад Бразилийн колони байгаад бослого гарган таван жил тэмцэж байж тусгаар тогтнолоо эргүүлэн авчээ.
Бразилийн цэргийн өдөр
Жил бүрийн энэ өдөр Бразилийн арми Цэргийн өдрөө (Soldier"s Day / Dia do Soldado) тэмдэглэдэг. Энэ өдөр Бразилийн армийн ерөнхий командлагч маршал Луис Альвес де Лима э Сильва төрсөн байна. Луис Альвес де Лима э Сильва (Luнs Alves de Lima e Silva, 25.08.1803 – 07.05.1880) 1961 онд Бразилийн армийн ивээгчээр зарлагдсан юм. Парагвайтай хийсэн 1869 оны кампанийн үеэр цэргийн гавьяаныхаа төлөө тэр Каксиасийн герцог (Duke of Caxias) хэргэм авсан ба түүний нэрээр Бразилийн Дукуе Де Каксиас (Duque de Caxias) ба Каксиас До Сул (Caxias do Sul) хотуудыг нэрлэсэн байна. Түүний гавьяа зүтгэлийг үнэлэн 1923 онд түүний төрсөн өдрийг Бразилийн цэргийн өдөр болгожээ. ХХ зуунд энэ баярыг төдийлөн онцгойлж тэмдэглэхгүй болжээ.
Өдрийн ишлэл
“Алт гэгч гайхалтай эд юм. Хэн түүнийг эзэмшинэ тэр хүссэнээ хийх эзэн юм. Алт нас барагчдын сүнсэнд хүртэл диваажинд хүрэх замыг нь нээдэг.
(Христофор Колумб 1451 оны наймдугаар сарын 25-нд төржээ)
Христофор Колумб. Зураач Ридольфо Гирландайо зурсан байх гэдэг. Генуя, Чивико музео навале.
Алтны хүчинд итгэсэн тэрээр нээсэн Америкаасаа түүнийг нэлээдгүй ихээр авчирчээ. Түүний дараа тийшээ очсон хүмүүс цөөнгүй сүнсийг “диваажинд” илгээсэн билээ.
Үйл явдал
Стиль бол хүн
1753 он: Францын эрдэмтэн толь бичигч, Байгалийн түүх” 44 ботийг бүтээгч Жорж Луи Леклерк де Бюффон “Стиль гэдэг нь хүн өөрөө мөн” гэсэн алдартай үгийг хэлжээ. Түүнийг Францын академид сонгосонтой холбогдуулан хэлсэн үгэндээ эрдэмтэн стиль бол хүнийг бусад хүмүүсээс ялгах давтагдашгүй онцлог гэж сонсогчдод дуулгаж байлаа. Олон нийт түүний үгийг шууд шүүрэн авч хэрэглэсээр ирсэн ч анхлан хэлсэн утга нь өөрчлөгдөн одоо “Стиль бол хүн” гэж хэлэгддэг болжээ.
Хүнсний бүтээгдэхүүнийг консервлах нь патентлагдав
1810 он: Францад анх үүссэн хүнсний бүтээгдэхүүнийг консервлах үйлдлийг Питер Дюран патентлуулжээ. Энэ өдөр патентлагдсан энэ арга дэлхийг эргүүлсэн юм. Наполеон Бонапарт армийн хүнсний бүтээгдэхүүнийг удаан хадгалах аргыг олсон хүнд 12000 франкийн шагналыг 1800 онд амласан юм. Тэр шагналыг нь хүнсийг шилэн саванд хийж битүүлээд 100 °C хүртэл халаах аргыг олсон Никола Аппер 1810 онд авчээ.Үүнээс долоон сарын дараа тэр аргыг Питер Дюран Англид патентлуулсан ба өөрөө энэ тухай эх газарт байгаа найзаасаа сонссон гэж шударгаар хэлж байжээ. Дюран шилэн савны оронд гагнасан төмөр лаазыг хэрэглэх болсон байна. Төмөр лаазанд сүү, мах, шөл сүүлд нь ногоо ба бэлэн хоолыг хадгалах болсон байна. Лаазны хэмжээ янз янз байсан ба хамгийн томд нь 13,6 кг мах багтаж байжээ. Дюран үүндээ их хариуцлагатай хандсан байна. Тэрээр өөрийн консервыг английн цэргийн хөлөг онгоцоор дөрвөн сар тээлгэсний дараа задлаад өөрөө идэн туршиж байлаа. Удалгүй тэрээр консерв хийхээ болиод өөрийн патентыг 1000 фунтаар заржээ. Найман жилийн дараа тэрээр консервлах аргыг дахиад АНУ-д патентлуулсан байна. 1820-иод он гэхэд Англи, Франц, АНУ консервлагдсан хүнсний үйлдвэрлэлийг өргөн нээж эхэлжээ.
Гоминьдан намыг байгуулав
1912 он: Сунь Ятсен, Сун Зяожэнь хоёр Хятадын түүхэнд анхных болох Гоминьдан гэсэн улс төрийн нам байгуулжээ. Сунь Ятсен ба «Нэгдсэн Лиги» («Тунмэнхой») хөдөлгөөний лидерүүдийн нэг Сун Зяожэнь хоёрын үүсгэн байгуулсан нам нь Гоминьдан (Үндэсний ардын нам) гэсэн нэрийг авчээ. Энэ нь 105 онд Хятадын ардчилсан хувьсгалч, 1911-1912 онуудад Хятадын бүгд найрамдах улсын анхны ерөнхийлөгч Сунь Ятсены байгуулсан хаант засгийн эсрэг Тунмэнхой дугуйлангийн эвслийг эрх баригчид хориглосны дараа болжээ. Гоминьдан нам байгуулагдсанаас хагас жилийн дараа Сун Зяожэнь хөлсний алуурчны гарт амиа алдсан юм. Тэр цагаас орчин үеийн Хятадын эцэг гэгдэх Сунь Ятсен 1925 онд нас бартлаа уг намыг толгойлж байлаа. Тэрээр Зөвлөлтийн большевикуудтай холбоо тогтоон тэдний тусламжтайгаар ихээхэн амжилт тай ажилласан байв. Генералиссимус Чан Кайши 1928 онд гоминьданчуудын лидер болсны дараа Москватай харилцаа нь суларч эхэлжээ.