Хуучирсан мэдээ: 2010.08.24-нд нийтлэгдсэн

Наймдугаар сарын 24

Наймдугаар сарын 24-ны баяр

Украины тусгаар тогтнолын өдөр

Украины түүх Киевийн улсыг байгуулсан IX зуунаас эхлэлтэй. Тэр төрийн байгууламж нь бутран задарч жижиг вант улсууд болон XVII зуунд Казак-Гетманы улс үүсэн XVIII зууны сүүлч хүртэл оршин тогтноод ХХ зуун хүртэл тусгаар улс болоогүй байсан юм.

Октябрийн хувьсгалын дараа үндэсний хөдөлгөөн өрнөн 1917 оны арваннэгдүгээр сард Украин ард улсыг байгуулжээ. Дон мөрөнд цагаантнуудыг нэвтрүүлэхгүй байх большевикуудын Ардын комиссаруудын зөвлөлийн тулган шаардлагыг хүлээн аваагүй учир украин-большевикийн дайн эхэлж улаан армийг Украинд оруулан эзэлжээ. Украин германчуудад хандан тусламж гуйсан учир тэдний армиуд довтолгоонд орж большевикуудыг Украинаас хөөн гаргасан байсан юм. Гэвч 1919 оны гуравдугаар сард Бүх Украины Зөвлөлүүдийн хурлаар “тусгаар тогтносон Украины зөвлөлт социалист улсыг” байгуулснаа зарласан байв. 1920 онд Большевик Орос, Социалист Украины хооронд цэргийн болон аж ахуйн хамтын ажиллагааны ажилчин тариачны гэрээ байгуулан Зөвлөлтийн нөлөөнд орсан юм. Тэр цагаас хойш Зөвлөлт задарсны дараа 1991 оны энэ өдөр Украин тусгаар тогтнолоо зарлажээ.

Ракша-бандан

Ракша-бандан (Raksha Bandhan) буюу Ракхи (Rakhi) баяр нь  шраван сарын (долоо ба наймдугаар сар) тэргэл сартай өдөрт болдог. Энэ өдөр энэтхэгчүүд нуур, цөөрөмд ариутгалын угаалга хийгээд далайн усны бурхан Варунад тахил өргөдөг ажээ.  Ракша-бандан ах эгч нарт чухал баяр болно. Баярын гол ёслол нь аравнайлагдсан оосрыг дүү эмэгтэй нь ахынхаа бугуйд зүүж өгдөг бөгөөд үүгээр тэр ахдаа хамгийн сайн сайхныг хүсч,ах нь дүү эмэгтэйгээ бүхий л талаар хамгаалж явахаа андгайлдаг ажээ. Баярыг Энэтхэг даяар өргөн тэмдэглэн үндэснийхээ хувцсаар гоёдог.

Үйл явдал

Помпеи, Геркуланум хотууд сөнөв

 79 он:
Везувийн галт уулын дэлбэрэлтэд Помпеи ба Геркуланум хотууд сөнөлөө.
“Помпеин сүүлчийн өдөр” Карл Брюловын зурсан зураг

МЭ 79 онд Везувийн галт уулын хамгийн аймшигтай дэлбэрэлт болжээ. Сөнөсөн гэж тооцогдож байсан галт уул 24-ний өглөө хар утаа цацаж байснаа үнс, нурам нарыг хаан харанхуйлж, дэр толгой дээрээ тавилгүйгээр гудамжинд гарах аргагүй байлаа. Үнстэй хамт чулуу тэнгэрээс унаж байсан юм. Везувийн дэлбэрэлт Помпеи, Геркуланума, Стабий гэсэн гурван хотыг тэр хавийн суурины хамт сөнөөжээ. Хожим археологийн малтлагаар олон метрийн давхарга дор хотын гудамж, байр байшин, аврагдаж амжаагүй хүмүүс ба амьтан үхэлтэй учирсан байдлаараа олдсон билээ. Галт уулын үнс Египет, Сирид унаж байсан гэдэг.

Помпейн 20000 хүнээс хотод 2000 орчим нь амиа алдсан байв. Хотын гадна ч цогцосны үлдэгдэл олдож байснаас хичнээн хүн үрэгдсэнийг хэлэх аргагүй юм.
Амь үрэгдэгсдийн дунд Ромын түүхч Ах Плиний байв. Тэрээр Везувийн дэлбэрэлтийг харахаар усан онгоцоор тийшээ ойртоод гамшгийн голомт Стабий хотноо үрэгдсэн байна.

Өдрийн ишлэл

"Нэр төртэйгөөр бичигдсэн байхаар хийж, уншигдах хүндэтгэлийг олохоор бичих хэрэгтэй”

(эрдэмтэн, жанжин Ах Плиний Везувийн галт уулын дэлбэрэлтийг судлахаар явж байгаад 79 оны наймдугаар сарын 24-нд амь үрэгджээ. Тэрээр галера гэх сэлүүрт онгоцыг командлан Неаполитенийн булангаар Везувийд ойртож яваад үнсэнд булагдсан гэж Светония өгүүлжээ.)

Бусад ишлэлээс: “Эцсийн эцэст нь ханалтад хүргэдэг таашаал гэж огт үгүй”
“Гүйж буй хүн унаж, мөлхөж буй хүн унадаггүй”

“Бүх амьд амьтдаас хүн л ганцаараа юу хэрэгтэйгээ мэддэггүй нь ичгэвтэр”
“Гэр орон гэж зүрх чинь байгаа газрыг хэлдэг”

Бас нэг ишлэл

“Алдана гэх айдас л хүнийг хайрлах хайрыг хамгаас илүүтэйгээр ундруулдаг”
(Ромын нийгмийн зүтгэлтэн Ах Плинийн үеэл дүү Бага Плиний 61 оны наймдугаар сарын 24-нд төржээ)

Бусад ишлэлээс: “Хайрлуулах , түүнээс ч дутахгүйгээр өөрөө хайрлах нь хүний амьдралын дээд баясгалан юм”

“Чанд үнэнийг тогтоохын тулд түүх бичигддэг”

“Цуу ярианаас олон нь нандин сэтгэлээс хэдхэн нь эмээдэг”

“Олз хөөх их тачаалд эзэмдүүлэгсэд олзондоо эзэн биш харин түүний эрхэнд нь орсон болой”

Варфоломейн шөнө

1572 он: Парис хотноо католикууд Хувилгаан Варфоломейн дурсгалын өдрийн өмнөх шөнө протестант гугенотуудын эсрэг яргалал үйлдэв. Католикийн лиги гэх нөлөө бүхий намын удирдагч, зохион байгуулагч нар Лотарингийн герцог Генрих де Гиз, Францын бэлбэсэн хатан хаан Екатерина Медичи нар үүнийг удирдан зохион байгуулжээ. Гугенотуудын ван Генрих Наваррский, католик гүнж Маргарита Валуа нарын хуримын дараа түүхэнд Варфоломейн шөнө гэж нэрлэгдсэн энэ хэрэг гарсан юм. Тэдний хуриманд ирсэн гугенотуудын нөлөө бүхий хүмүүсийг хөнөөсөн улс төрийн дайснаа дарж авсан муухай явдал энэ байлаа. Алуурчид шөнө бие биеэ хөнөөхгүйн тулд малгайдаа цагаан загалмайн дүрс зүүсэн байв. Энэ аллагаар 10 мянган хүнийг хөнөөсөн бөгөөд дараа нь хөдөөд мөн харгислал үйлдэн хэдэн долоо хоногийн турш протестантуудыг хяджээ. Түүхчид энэ аймшгаар 5000-30000 хүн хөнөөгдсөн гэж өнөөг хүртэл маргаж ирэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж