
Ш.Сүрэнжав Казахстаны уудам талаар аялж, Узбекстаны аксакалуудтай хууч хөөрч, Армяны Севан нуурын атираат мандлыг ширтэн Аветик Исаакян, Егиш Чаренц, Ованес Туманяны гунигт шүлгүүдийн учрыг эргэцүүлж явсан. Евтушенко найрагчтай нөхөрлөж, Расул Гамзатовтой дарс хуваан ууж, С.Эрдэнэ, Б.Явуухулан нартай ойр дотно байсан хувьтай нэгэн. Шаравын Сүрэнжав гуай дэндүү хээгүй, хэнтэй ч өөриймсөг сэтгэлээ нээж чаддаг авьяас билэг халгисан хүн. Жараад оны яруу найрагт од болж, тэр үеийн сэхээтний сэтгэлийн утсыг Ш.Сүрэнжав найрагч хөвөлзүүлэн татаж байсан гэдэг.
-Удахгүй ялалтын 65 жилийн ой болох гэж байна. Энэ сэдвээр уран бүтээл туурвидаг манай нэрт зохиолчдын төлөөллийн хувьд энэ талаар яриагаа эхэлье гэж бодлоо?
-Би хэдийгээр цэргийн алба хаагаагүй ч цэргийн талаар сэрэл мэдрэмжтэй. Ер нь би эх орны дайн гэдгийг зохиолчийн зохиолоос сэтгэлээрээ мэдэрсэн. Дайны дарийн утааг үнэрлээгүй ч сэтгэлээрээ мэдэрч чаддаг. “Торгон хилийн зүг” гээд миний дайны тухай дуу байна. Хүмүүс мэддэг болохоор олныг нуршаад яахав. Дайн гэдэг хүний эх орон тусгаар тогтнолтой холбоотой их нарийн юм. “Тусгаар тогтнол аминаас үнэтэй” кино зохиол бичсэн байгаа. Энэ зохиолынхоо талаар одоо нэг их задалж яримааргүй байна. Энэ оны сүүлээр юм уу ирэх оны эхээр үзэгчдийн хүртээл болох байх. Одоо зураг авалтдаа ороод байгаа. “Герман, Японтой хэрэггүй байлдсан юм” гэж манай зарим улстөрчид ярих гээд байдаг. Үнэн хэрэгтээ тийм биш л дээ. Үнэхээр эх орон үнэтэй учраас цус урсгасан юм.
-“Ерэн баатрын дууль” найраглалыг тань уншаад сэтгэл нь хөдлөөд уйлдаг хүн олон байдаг?
-Тийм үү. Би энэ найраглалаа 25 настайдаа бичсэн. Тэр жил Халхын голд ерэн баатрын хөшөөнд очсон юм. Дайн болсон газар анх очсон нь тэр. Сэтгэл гэгэлзээд явчихав. Үүл нүүгээд л, ус урсаад л, ой шуугиад л нэг л сайхан. Би дөрвөн нэр бичээд авчихав. Тэндээс машинаар явж Халхгол суманд ирсэн. Машинаас буугаад буудалд орж, нэр тэмдэглэсэн цаасаа өвдөг дээрээ тавьж суугаад “Ерэн баатрын дууль”-иа бичсэн. Тэр үед гар ганцдаж байсан шүү. Гучин минутад бичсэн. Тэгээд нөхөддөө уншиж өглөө. С.Удвал гуай “Сайхан шүлэг болжээ. Миний нулимс гарч байна” гэсэн. Орой нь тэр суманд үдэшлэг дээр уншиж, дахиулаад л. Сэтгэл хөглөгдөж онгод ирэхэд хэдэн гартай болоосой гэмээр байдаг юм.
-Таны ялалтын талаар бичсэн бүтээлүүд тань Монголын уран зохиолд ямар нөлөө үзүүлсэн гэж боддог вэ?
-Энэ талаар Монголын болон гадаадын нэртэй судлаач, шүүмжлэгчдийн хэлсэн үг байдаг. Ялалтын өдөр би үнэхээр сэтгэл хөөрч, маш их догдолдог.
-Хөнгөн бийрээр хүмүүний сэтгэлийг хөвсөлзүүлж, ухаарал хайрлах уран бүтээлээ туурвисаар сууна уу?
-“Урам хайрласан үгс”, “Найраг дуунд мөнхөрсөн нартын сайхан хүүхнүүд” номоо гаргалаа. Одоо “Домогт бөхчүүдийн омогт барилдаан” номоо бичиж байгаа. Ирэх намар уншигчдын хүртээл болгох санаатай. Даян аварга А.Сүхбат барилдахаа больсноос хойш үндэсний бөхийн барилдааны урлагт нэг л юм дутаад байдаг болж. Цэргийн арслан А.Санжаадамба овоо бөх шүү. Аливаа юманд барцад саад гэж бий. Хүмүүсийн хэлдгээр тэр барцад, хий нь гарахаар түрүүлэх өдөр ирнэ. Энэ хүүг аварга болно гэж боддог. Барилдана гэдэг чинь ялгаагүй авьяас юм. Авьяасгүй бол барилдаж чадахгүй шүү дээ. Биеийн том жижгээр болдог бол Ж.Оргилболд маш сайн бөх байна шүү дээ. Гэтэл тийм биш. “Мэргэдийн санаа мянган жилийн настай” гэж хэдийд ч билээ би нэг шүлэгтээ бичсэн. Одоо нас ахих тусам энэ үгнийхээ утгыг улам ухаарах юм. Тэр цагт бол сэрэл мэдрэмж, онгодын хүчээр дээрх үгийг хэлсэн байдаг. Би урд үеийн ихэс дээдэс, мэргэдийн сургаалын эрдэм чадалд биширдэг. Далайн ёроолоос сувд тана шүүрдэхийн адил тэдний цэцэн цэлмэг оюуны сувдны эрэлд хатаж явна. Биднээс хойш элдэв домог, үнэн худлаа ярих байх гэж бодоод “Найраг дуунд мөнхөрсөн нартын сайхан хүүхнүүд” ном бичсэн. “Оросын яруу найргийн сүлд модны хамгийн гоё чимэг зүүлтийг нь хийж өгсөн” гэж нэгэн цагт Г.В. Беленский үнэлсэн яруу найрагч А.С. Пушкиний шүлгээ зориулсан 17 гоо хатагтай тус бүрийн хөрөг- зураг, тэдэнд зориулсан шүлэг, уулзсан учирсан намтар зэрэг дуунд мөнхөрсөн бүсгүйчүүдийн тухай бичсэн.
Холын тэнгэрийг нь чамтайгаа хуваалцалгүй
Хонгор би чинь энд яаж байж чадах юм бэ,
гэж алдарт Расул Гамзатов нэгэн монгол эмэгтэйд хэлсэн нь сэтгэлийн дээд илэрхийлэл юм. Гамзатов ингэж монгол бүсгүйд зориулж шүлэг бичсэнийг бараг биднээс өөр хүн мэдэхгүй байх. Тэгэхээр манай монгол хүүхнүүд ертөнцийн хүмүүсийн хараа, нүдийг хужирлаж явдаг сайхан хүмүүс шүү. Сайхан бүсгүйд шүлгээ зориулсных нь төлөө эмзэглэх юм бол найрагчийн гэргий байна гэж санасны хэрэггүй. Харин оруулаад алдчих юм бол хожим амаа бариад ч нэмэргүй гэж нэгэн бүсгүй ярилцлага өснийг хааяа санахад илүүдэхгүй байх. Хүн унших ном л хийж байх ёстой юм даа. Нохойд чихэр өгөхөөр иддэггүй биз дээ. Галав юүлж, төр солигдож байсан ч ном л үлддэг. Чингис хаанаас хойш 800 гаруй жил өнгөрсөн ч бид бодит үнэнийг Чингисыг “Нууц товчоо”-ноос уншиж байна шүү дээ.
-“Урам хайрласан үгс” номыг тань уншсан. Үнэхээр их эрч хүч авахаар сайхан ном байна лээ?
-Номонд бичсэн тэр цөөн мөрт зориулсан хүнээ хэр зэрэг хүндэлдэг, үнэлж цэгнэдэг, өөрийнх нь талаар юу бодож явдгаа илэрхийлсэн байдаг. Тэр бүхэн дахин давтагдахгүй мөнхийн дурсгал болж үлддэг. Товчхондоо энэ нь хүн хүндээ өргөсөн сүүн цацал, бурмаар бус урмаар тэжээсэн сэтгэл юм. Яваандаа Монголын утга зохиолын сэжим ч болж юуны магад. Би ард түмнийхээ хайранд өлгийдүүлж, жаргасан хүн. Газар усаар ханадаг даа. Түүн шиг төр түмнийхээ хайрыг хангалттай хүртлээ. Нөхдийнхөө өгсөн урмын үгийг дээдэлж, өргөмжилж явдаг. Энэ бол том хүндлэл. Олон сайхан зохиолч, эрдэмтэд надад зориулж сэтгэлийн үгээ үлдээсэн. Би ч гэсэн бусдад сэтгэлийн үгээ харамгүй хайрласан байдаг юм. Тэр бүгдийгээ нэгтгээд дээрх номыг гаргасан юм. Манайхан бурхан болсон хойно нь магтаал урсгах гэж хүлээдэг. Тэр нь уг хүндээ огт хүртээлгүй юм л даа. Үлдэж байгаа улс нь ухаантай сэхээтэй бол шингээж аваад дараа нь үе дамжуулж ярина. Ухаангүй бол тэгээд мартана. Хүмүүс миний тухай болон би хүмүүсийн тухай хэлсэн сайхан үг байдаг. Түүнийгээ өөрөө харж сэтгэлийн таашаал авах бодлогоор “Урам хайрласан үгс” шинэ номоо гаргасан даа. Хүний сайхан үг л гуниг гутрал зэрэг олон зүйлээс авардаг юм шүү дээ.
-Урлаг, утга зохиол, яруу найраг ер нь бүх зүйлд алтан, мөнгөн үе гэж ярьдаг. Залуу зохиолчдынхоо талаар юу хэлэх вэ? Алт эсвэл мөнгө рүү дөхөж очиж чадаж байгаа болов уу?
-Яруу найрагч, “Болор цом”-ын эзэн Ц.Хулан “Дундаа ямар ч гоцлол дуучингүй манай үеийнхэн ямар өрөвдмөөр юм бэ” гэсэн байдаг. Би тэдэнд юу хэлэх вэ дээ. Бидний үгийг сонсохгүй. Өөрсдийгөө л сонсдог юм билээ.
-Сэтгэлдээ ямар нэг зүйлийг нууж, хадгалж явах нь хэцүү. Хүн л юм хойно хэн нэгэнд дэлгэж ярьж байж тайвширдаг. Зохиолч, яруу найрагчдын хувьд бүтээлээрээ бүхнийг өгүүлдэг байх?
-Хүн сэтгэлээ уудалж яриад тайвширч амрах нь чухал. Нэг талаасаа бол “Сэтгэлээ дэлгээд ярьчихдаг найз нөхөдгүй хүн зүрхээ урж иддэг” гэсэн Беконы үг үнэтэй юм. Сүүлийн үеийн залуучууд маань эд мөнгийг илүүд үзээд байгаад сэтгэл эмзэглэдэг. “Сайн хүн нэрээ гэдэг. Сайхан шувуу өдөө гэдэг” шүү дээ. Монгол ёс зүйгээ сэргээж байж ард түмнийхээ оюун санааг засна. Ингэхийн тулд хүүхдээ багаас нь хүмүүжүүлэх хэрэгтэй. Бидний үед хүүхэддээ мал муулахыг харуулдаггүй байлаа. Гэтэл одоо хүн хэрхэн хөнөөснийг харуулдаг болжээ. Энэ бол гашуун эмгэнэл. “Хүний зан ааш цэцгээр бол үнэр л гэсэн үг” хэмээх Чарльз Швабийн үгийг би хэлэх дуртай. Өөрийн таньдаг нөхдөөсөө ургуулан бодож үзэхэд заримаас нь анхилуун, заримаас нь нясуун, хэцүү үнэр аяндаа үнэртэнэ. Тиймээс “Зан ааш сайн байх нь насан туршийн баялаг” гэсэн үгийг залуучууд маань санаж яваасай. “Амьдрал хайр дээр тогтдог” гээд хаан найргийн хатан Ш.Дулмаа хэлээд, улс даяар дуулж байна шүү дээ. Би чинь хүнтэй их ярих дуртай. Хааяа уйдаад байрныхаа хөгшчүүлтэй хууч хөөрөх гэхээр нам яриад дургүй хүргээд байх юм. /инээв/.
-Таныг Хадаа аваргатай их ойр байсан гэж сонссон?
-Харьшгүй хүчтэй Хадаа аварга минь биднээс холдоод олон жилийг үдлээ. Бурхдын наадамд уригдсан юм болов уу. Учир нь түүн шиг гэнэн цайлган хүн тэнд олон байхгүй биз дээ гэж боддог юм. Би сүнсийг нь ямагт ариухнаар төсөөлж явдаг. Д.Хадбаатар маань 1976 онд тэнгэртэй сайхан барилдаж, түрүүллээ. Унаж явахдаа ч мэх хийдэг, сүүлийн хэдэн жил дандаа дээгүүр үлдэж ид үедээ байгаа Дагвасүрэн арсланг хөлийг нь газар хүргэх завдал гаргалгүй сэнсэртэл дүүгүүрдэж хаяад түрүүлсэн Д.Хадбаатар аварга маань миний зовлон гунигийг ч цуг сэгсэрчихлээ. Тэгээд л би үзгээ шүүрч аваад Д.Хадбаатартаа зориулж шүлэг бичиж байсан.
-Хүн хамгийн дотно хүндээ сайн, муу үгийг харамгүй хэлдэг. Та Хадаа аваргад алганы амт үзүүлж байсан уу?
-Алганы амтыг Мөөеө, үгийн амтыг би үзүүлсэн. Хамгийн сүүлд долдугаар сарын 14-ний өдөр нас барахынхаа өмнө тавын даваанд хүчтэй унаад их ярвайж боссон. Элэг нь их муу байсан байх. Тэрний өмнө би Баярсайханд мэнд хүргэх гээд явсан чинь “Сүрэнжав ах аа, би шарласан шүү” гэж хашгирч байсан. Надад хэлсэн сүүлийн үг л тэр. Муулж явсан үед нь өмөөрч явсан минь их урам өгсөн болов уу гэж боддог.
-Р.Чойном гуайтай их дотно найз байсан. Номыг нь хэвлүүлж шагнал олгуулсан ачтан нь Та шүү дээ?
-Р. Чойном “Сүмтэй будрын чулуу” гэдэг номоороо л шагнал авсан шүү дээ. Тэр хүн ямар өөрөө босч ирээд номоо гаргах биш. Үүнд миний бага зэрэг хувь нэмэр бий. Ээжийг нь амьд сэрүүн байхад нь диплом, төрийн шагналынх нь энгэрийн тэмдгийг гарт нь бариулсандаа баярладаг. Мөнгийг нь элдэв үзээрийн хүүхнүүд булаацалдаад. Д.Бямбасүрэнгийн хорьдугаар тогтоол гараад 30 мянга болсон хойно нь Туул гэж хүүхэн 15, 15-аар нь муу ижийтэй нь булаацалдаж авсан ш дээ. Гэхдээ өнөөдөр муу юм ярьж, мунхаг санаа сэдэхгүй, сайн юм ярьж сайхан юм бодно.
-Р.Чойном бол авьяасын их ундарга байсан. Тэгсэн хэрнээ ямар ч сургууль төгсөөгүй гэх юм билээ. Энэ үнэн үү?
-Их авьяастай. Биеэ дааж өөрөө өөрийгөө боловсруулсан. Түүнээс биш дэс дараалсан сургууль төгсөөгүй. Ясны сүрьеэгийн больницод байхдаа Хуаниш гэдэг хүнээр казах хэл заалгаж сурсан. Сурвал сурсан шиг сурдаг. Сэтгэл нь хөдөлсөн үедээ зураг зураад хасгаар сүүл толгой холбосон шүлэг бичдэг байсан. Орос хэлийг өөрийнхөө оролдлого, санаачлагаар сурсан.Тиймдээ ч Расул Гамзатовын ном Р.Чойном, Д.Цоодол хэмээх хоёр сайн яруу найрагчийн орчуулгаар гарсан.
-Туулсан амьдрал, туурвисан бүтээлдээ сэтгэл хангалуун явдаг уу? Эсвэл чамлаж, илүү ихийг эрэлхийлдэг үү?
-Анх ном заасан ачит багшаа санан санан байж “Багш” найраглалыг бичсэн. Бөх болохсон гэж бодож байгаад “Гарьд магнай”-г бичсэн. Гоо сайхныг эрхэмлэж яваад “Эртний сайхан чуулга”-д орсон маань хүн болсны хувь заяаны нэг хэсэг гэж боддог. Би найрагч хэмээх миний хувь заяаны зурлагыг зурж өгсөн бурхан тэнгэрт талархаж байна. Яагаад гэвэл “Шашин шүтлэг сүсэг бишрэл холддоггүй” гэж Далай лам хэлсэн. “Инээмсэглэл бол хүний царай дээрх гэгээн төрх юм” гэж XIV Далай лам хэлсэн байдаг. Үүнийг та бүхэн санаж байх хэрэгтэй. Юманд сэтгэл ханамжтай явах сайхан. “Сэтгэл ханамжийн мэдрэмж нь аз жаргалын түлхүүрийг гартаа барьсантай адил” гэж XIV Далай лам Данзанжамц хэлсэн нь бий.
-Энэ сайхан бурхны дор түвдээр үг бичжээ. Их л нандин үг байх даа. Та орчуулж өгнө үү?
-“Ш.Сүрэнжавын сүжиг шүтээн авралын сахиус мэт бурханы шавь Данзанжамц” гэж бичиж өгсөн. Төлөв даруу ухаантай хүн учраас “Үүнийг сайн хадгалж бай, хожим түвдүүд чамаас гуйх цаг ирж мэднэ” гэж хэлсэн юм. Тэгээд би тольтой жаазанд хийгээд залчихсан байгаа нь энэ.
-Бурхны номыг учир мэдэхгүй зарим нь түвдээр бичлээ гээд шүүмжлэх юм?
-Харин тийм. Ийм мунхаг сэтгэлээр шүүмжилж болохгүй л дээ. Хамгийн гоё учир утгатай ном байдаг юм шүү дээ. Мэгзэм гэхэд л гурван бурхны чадлыг Зонховт шингээж багш нь эргэж өөрийг нь магтсан байдаг.
“Мэгмэд Зэвий Тэрчин Жанрайсаг” гэдэг чинь
Бүгдийг энэрэн хайрлахуйн эхлэл Жанрайсаг
Билгийг оюунаар тунгаахуйн увидаст Манзушир
Бүхий л шулмасыг даран сөнөөсөн Очирваань
Бүгд мэргэдийн оройн дээд чимэг Зонхов
Бүдгэршгүй суу алдарт Лувсандагвын өлмийд сүсэлюү” гэж орчуулмаар таван шад байгаа юм. Тэгэхээр гурван бурхны нэр Зонховт шингэж буй.
-Өндөг шиг өөгүй хүн үгүй. Та ямар дутагдалтай вэ?
-Би ном уншиж, цаг барьдаг хоёр дутагдалтай. Үүнийгээ засна. Гурван хуучинтай. Хуучин байшинтайгаа, хуучин авгайтайгаа, хуучин намтайгаа байгаа /инээв/.
-Та бас залуучууддаа хундаганы үг бичиж өгсөн гэсэн. Түүнийгээ сонирхуулаач.
-Аан тийм. За миний хүү англи хэл сайн сураарай. Аав нь сурч амжаагүй юм шүү. Миний хүү архи бага уугаарай. Аав нь хувийг нь уучихсан юм шүү гэж хэлдэг юм. Товч хэлэхэд ийм байна.
-Хүн насан туршдаа аз жаргалын эрэлчин байдаг гэдэг. Таныхаар аз жаргал хаанаас ирдэг бол?
-Нас ахисан хойно үр хүүхэд маань сайн сайхан явбал хамгийн том аз жаргал. “Хүн аливаа шуналаас өөрийгөө чөлөөлсөн цагт л аз жаргалыг мэдэрнэ” гэж Далай багш их сайхан онож хэлсэн байдаг юм. Үнэхээр үнэн юм л гэж бодож сууна.
-Яруу найрагчид бүсгүйчүүдэд зориулж олон шүлэг бичдэг. Дурламтгай гэх ч юм уу. Хань тань харин их амгалан хүн юм аа?
-Ардын дуунд л их үнэн хэлсэн байдаг.
“Уулнаас өндөр улиас байдаггүй
Учирснаас илүү амраг байдаггүй
Хаднаас өндөр хайлаас байдаггүй
Ханилснаас илүү амраг байдаггүй” гэж. Энэ нь энгийн атлаа их үнэн юм. Хоёр биедээ аажимдаа уусдаг. Хань гэдэг бурхнаас өгсөн хишиг юм. Ханиа зөв олоод хорвоог туулахад сэтгэл санаа, үзэл бодол гээд сүүлдээ зүс царай нь хүртэл төстэй болчихдог. Хослон амьдарна гэдэг амьтны зөн билэгтэй холбоотой. Би ханиараа бахархдаг. “Бүсгүй хүний нулимс гэдэг энэ дэлхий дээрх хамгийн үнэтэй ус” гэж Ж.Марли хэлсэн байдаг. Их нандин. Яруу найраг шиг хэлсэн байгаа биз? Хамгийн хүнд мөчдөө хүн “Ээж ээ” гэж аврал эрэн хашгирдаг шүү дээ. Эх хүн үрээ зөн совингоороо мэдэрдэг гэдэг. Яруу найрагчийн гэргий байна гэдэг амаргүй. Ардын жүжигчин Л.Цогзолмаад зориулж бичсэн “Манлай явсныг чинь мартахгүй” дууны маань анхны сонсогч нь хань минь байсан. Тэгээд тийм байна, ийм байна гэж шүүмжилнэ. Түүнээс биш уурлах юм байхгүй ээ.
-Эх хүн үрээ совингоороо мэдэрдэг гэлээ. Энэ цаг мөчид ижийнхээ талаар дурсана уу.
-Миний ээж цэцэн цэлмэг үгтэй, сайхан дуулж хуурддаг хүн байлаа. Би ээжийнхээ тухай их олон юм ярьдаггүй ч зүрхнийхээ гүнд үргэлж нандигнаж, хадгалж, залбирч явдаг даа.
-Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар агсан Таны “Нутгийн цэнхэр уулс”, “Хөх тэнгэрийн хур” шүлгийн түүврийг “Монголын яруу найргийн цэцэрлэгт хүрээлэнд шинэ сортын хоёр цэцэг юм” хэмээн бичсэн байдаг.
-Би О.Дашбалбарынхаа хэлсэн үг бүхнээс асар их урам авдаг. Чин зүрхнээсээ хэлдэг болохоор миний сэтгэлд хүрдэг юм. Хүмүүс бие биетэйгээ сайхан мэндчилж, урмын үг хэлж сурмаар байна. О.Дашбалбар маань:
Цагдуулж хордуулсан Чойномыг шоронгоос гарч ирэхэд
Цагаан сүү амсуулж, цэцэг барьж угтсан хүн ганцхан
Тэр бол Шаравын Сүрэнжав, уншигч олон андахгүй
Тэртээх он жилүүдэд нөхрөө худалдаагүй ганцхан шүлэгч хэмээн надад зориулж 1990 оны арван хоёрдугаар сарын 5-нд бичиж өгч билээ.
-Ялалтын баярын ерөөл өргөж, ярилцлагаа жаргаае?
-Ялалт гэдэг үг бидний зүрх сэтгэлд л хамгийн гүн бат шингэсэн. Тэр сайхан залуус өнөөдрийн төлөө алтан амиа үрсэн шүү дээ. Тийм ч учраас Ц.Чимэд:
“Гэрэлт хөшөөний хүйтэн чулуу
Гэгээн наранд бүлээн байдаг юм
Хорь хүрээгүй зарим нь үрэгдсэн ч
Хотол олон ах нар минь гэдэг юм” гэж бичсэн. Энэ шүлэгт Л.Мөрдорж гуай ая хийж их сайхан дуу болсон.
Б.Анхцэцэг