У.Хүрэлсүх: Манай намд донсолгоо байхгүй

Хуучирсан мэдээ: 2010.08.24-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Манай намд донсолгоо байхгүй

Өчигдөр хуралдсан МАХН-ын удирдах зөвлөлийн хэлэлцсэн асуудлаар тус намын ерөнхий нарийн бичи ийн дарга У.Хүрэлсүхээс тодрууллаа.

-Удирдах зөвлөлийн хуралдаанаар  ямар асуудлыг ярилцсан бол?

-Энэ хуралдаанаар ирэх есдүгээр сарын 7-ны өдөр  МАХН-ын ээлжит 12 дугаар бага хурлыг зарлан хуралдуулах нь зүйтэй гэж үзсэн. Намын 12 дугаар бага хурлаар МАХН-ын ээлжит 26 дугаар их хурлыг хуралдуулах тов болон 26 дугаар их хуралд оролцох төлөөлөгчдийн тоо, төлөөлөгч сонгох журмын тухай асуудлыг хэлэлцэхээр болсон.  Мөн энэ ондоо багтаж МАХН-ын 26 их хурлыг хуралдуулъя гэсэн бодолтой байна. Намын 26 дугаар их хурлаар хэлэлцэх хамгийн гол асуудал болох Монгол Улсын хөгжлийн тухай асуудал  гэж үзэж байгаа. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улс ихээхэн өөрчлөгдсөн байна. Энэ хугацаанд МАХН 16 жил төрийн эрх барьж, ардчилсан хувьсгалын тодорхой үр дүнд хүрсэн байна. Мөн шинэ Үндсэн хууль баталсан. Энэ ололтын хүрээнд МАХН улс орондоо эрх зүйн, улс төрийн, нийгэм эдийн засгийн шинэчлэл хийлээ. Нэг ёсондоо 20 жил гэдэг бол шилжилтийн хугацаа байсан одоо шилжилтийн үе дууслаа гэж үзэж байна. Тэгэхээр МАХН ээлжит 26 дугаар их хурлаараа улс орныг хэрхэн яаж хөгжүүлэх  талаар арга зам хайх, бодлого ярьж хөгжлийг тодорхойлох зэргээр өнгөрсөн алдаа оноогоо дэнсэлж цаашдын зорилгоо ярьсан хурал болно гэж үзэж байна. МАХН-ын даргаар толгойлуулсан хамтарсан Засгийн газар үйл ажиллагаа явуулж байна. Хамтарсан Засгийн газраас Оюутолгой, Тавантолгой  шинэ төмөр зам, мөн ард иргэддээ олгох хүний хөгжил сан гээд олон зорилгууд дэвшүүлж ажиллаж байгаа юм. Үүний илрэл нь Улсын Их Хурлаар эхнээсээ батлагдаад явж байна.

-Дунд-Говь, Говь-Алтай гэсэн хоёр аймгийн Засаг дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ гэж байсан. Эдгээр засаг дарга нарын албан тушаалын асуудал хэрхэн шийдэгдсэн бол?

–    Говь-Алтай аймгийн Засаг даргын асуудлыг ярилцсан, аймгийн засаг дарга өргөдлөө өгсөн. Мөн Дунд-Говь аймгийн Засаг дарга эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа хийх боломжгүй болсон учир албанаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байгаа. Энэ удаад бид Говь-Алтай аймгийн Засаг даргын асуудлыг хэлэлцлээ. Засаг дарга улстөрийн албан тушаалтан. Тиймээс Говь-Алтай аймгийн дараачийн Засаг даргаар манай намын бага хурлын гишүүн Амгаланбаатар, Алзахгүй нарын нэрийг дэвшүүлсэн. Энэ талаар аймгийн намын хороо хэлэлцээд аймгийн засаг даргад уламжилснаар хэнийг нь сонгох гэдэг асуудлыг есдүгээр сарын 14-ны дотор хуулийн хугацаанд шийднэ. Харин Дундговь аймгийн асуудлыг энэ долоо хоногт багтаж хэлэлцэнэ.

-Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн засаг даргыг хуурамч диплом ашигласан гэсэн шалтгаанаар сольж байсан. Энэ мэт тогтворгүй байдал МАХН-д үүсээд байна гэгдэх боллоо энэ талаар?

–    Эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм л даа. Хүний эрүүл мэнд гэдэг бол хамгийн чухал зүйл. Хүн эрүүл байж төрийн ажил хийнэ. Тийм учраас манай хоёр аймгийн Засаг дарга өөрсдийнхөө эрүүл мэндийн асуудлыг хүнд байгаа гэдэг үүднээс төрийн ажил цалгардуулахгүй гэдэг үүднээс үүрэгч ажлаа хүлээлгэж өгье гэдэг асуудал тавьсан юм. 

-Эрүүл мэндийн хувьд тэгтлээ дордсон юм уу. Заавал албан тушаалаас нь чөлөөлөх хэрэгтэй юу?

-Улс орны эрх ашиг их чухал байгаа. Тэгэхгүй бол нам өөрийнхөө өмнө тулгамдсан асуудлаа дотроо ярьж шийдэж чадахгүй бол эмх замбараагүй байдал газар авч болно. Үүнээс үүдээд  улс орны нийгэм улс орны байдал эргээд нийгэм улс төрийн амьдрал, улс төрийн тогтолцоонд хүртэл нэг том нам бужигнавал аюул авчирч болох. Тийм учир энэ том эрх ашиг бол улсын эрх ашиг, намын эрх ашиг, ард түмний язгуур эрх ашиг гэдэг зүйлийг МАХН-ын бие бүрэлдэхүүн ойлгож мэдэрч дотроо зохицуулж нэгдсэн бодлогоо гаргаж улс эх орноо авч явж чаддаг манай намын сайн чадвар гэж бодож байгаа. Манай намд янз бүрийн улс төрийн донсолгоо байхгүй.
 
Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж