Иений ханшны чангарч байна

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Иений ханшны чангарч байна

Иений ханш сүүлийн 15 жил байгаагүйгээр чангарч нэг ам.доллар 85 иентэй тэнцэж байгаа нь Японы эдийн засгийн зарим хэсэгт, тухайлбал жижиглэнгийн худалдаа, аялал жуулчлалын салбарт сайнаар нөлөөлж байгаа талаар “The Japan Times” мэдээлж байна.

Энэхүү нөлөөлөл хэрэглэгчийн төлөв байдалд хамгийн хурцаар илэрч байна. Хиого мужийн Амагасаки хотод амьдардаг 52 настай Мичио Арико гүйцэтгэх захирлын ажил хийдэг бөгөөд Хавайн арал дээр амраад мягмар гаригт Наритагийн нисэх онгоцны буудал дээр буухдаа хэдэн тор дүүрэн бараатай иржээ. Гадаадаас буцаж ирж байгаа бусад япон жуулчид ч мөн адил байгаа гэнэ. “Би иенээ доллараар сольсныхоо дараа маш их доллартай болох шиг санагдсан. Тэгээд түүнийгээ зарцуулахгүй байж чадсангүй” гэж Арико ярьж байна.

Иенийн ханш чангарсан нь аялал жуулчлалын салбарт сайнаар нөлөөлж байна. Японы томоохон аялал жуулчлалын компаниудын нэг “JTB Corp” өнгөрсөн онтой харьцуулбал энэ оны долоо, наймдугаар сарын орлого нь 10 хувиар илүү байна гэж мэдээлсэн. “H.I.S. Co”-гийн орлого энэ зун мөн 11 хувиар нэмэгдсэн байна. “Иений ханш чангарсан нь хэрэглэгчдийн сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлээд байна” гэж тус компанийн мэргэжилтэн ярьжээ.

Токио хотын Ота Вард дүүргийн “Ито-Ёокадо Ко” супермаркетаас гарч байгаа нэгэн эмэгтэй “Би эндээс жимс нэг их авдаггүй, харин одоо эдний жимс хямдхан болсон байна” гэж ярьж байв. Ито Ёокоадо дэлгүүр улс даяарх сүлжээ дэлгүүрүүд дэх гаднаас оруулж ирсэн импортын бүтээгдэхүүндээ хямдрал зарлаад байгаа гэнэ.

Иенийн ханш сайн байгаа нь банкуудыг мөн завгүй болгожээ. “Сумитомо Мицуй Банк Корп”-ын гадаад валютын хадгаламж өмнө байгаагүй ихээр нэмэгдсэн байна. “Америк доллар, австрали долларын хадгаламж хамгийн ихээр өсч байна” гэж тус банкны гадаад харилцааны ажилтан ярьж байна. Гадаад валютын хадгаламжуудруу орж байгаа мөнгө өнгөрсөн оны наймдугаар сарын үеийнхээс бараг хоёр дахин их байна гэж тус банк тооцоолжээ.

Т.БАДРАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж