
Ямар ч ажлыг чанаргүй гүйцэтгэж байх ёстой гэнэ. Тэгэх тусмаа ашигтай байдаг аж. Жишээ нь, улсын төсвөөс 500 гаруй сая төгрөг зарцуулан байж Багшийн дээдийн урд нүхэн гарц барьсан. Уг ажлыг “Хотын зам” компани гүйцэтгэснийг санаж байна. Гэтэл өнөөх нь жил ч хүрэлгүй суулт өгөөд юу юугүй нурж мэдэхээр болжээ. Хэрэв нураад унавал нөгөө компани нь дахиад л барих байлгүй. Хотын төвийн зассан замууд ч ялгаагүй. Ганц борооноор л хагарч цоордог. Энэ нь чанаргүй ажил хийсэн ч тухайн компанид хариуцлага тооцдоггүй, дахин тендерт оролцуулдаг төр засгийн өгөөмөр сэтгэлтэй холбоотой байх. Хүний хамгийн хэрэгтэй зүйл болох үл хөдлөх хөрөнгө орон сууцыг ч ердөө л хөөсөөр барьж байгаа. Тэгэхээр бараа бүтээгдэхүүн чанаргүй байх тусмаа ашигтай байдаг гэсэн “зарчим” дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарт ч хүчтэй үйлчилж байгаа бололтой. Буруу нь юу байх вэ. Өдөр бүр замаа засч, барилга барьж байвал гоё юм биш үү. Ядаж л монголчууд хөдөлмөрч харагдана шүү дээ.
Ч.ДЭШДЭЛЭГ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин