Гал, усны аюул нүүрлэж, энхийн үйл явцыг эхлүүлсэн долоо хоног

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Гал, усны аюул нүүрлэж, энхийн үйл явцыг эхлүүлсэн долоо хоног

Намрын эхэн сарын өнгөрсөн долоо хоног олон улсын хэмжээний үйл явдлаар дүүрэн байлаа. Олон улсын байгууллага, гадаад орны төлөөлөгчдийн уулзалт, албан ёсны айлчлал, харилцааны чухал мэдэгдлүүд ар араасаа гарлаа. Америкийн цэргүүд Иракаас гарч эхлэв. Пакистан, Энэтхэг зэрэг оронд уер усны аюул нүүрлэж, олон оронд аагим халуун өдрүүд үргэлжилж, Орос, Португалид ойн түймэр унтраагүй л байна.

МОНГОЛ ЦЭРГҮҮД АФРИКИЙГ ЗОРИЛОО

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох Монголын цэрэг дайчид эх орноосоо мордлоо. Тэд баруун Африкт оршдог Сьерра-Леон  улсыг зорьсон ээлжит багийн гишүүд юм. 12 сая хүн амтай энэ жижиг орон энх амгалан цагийг үзсэнгүй олон жил болж, иргэний дайн үргэлжилсээр байна. Английн колони байсан, туйлын ядуу энэ оронд хүн амын дундаж наслалт ердөө 42 гэж байгаа.
Монголын Зэвсэгт хүчний цэргүүд олон улсын энхийг сахиулах хүчинд  нэлээд хэдэн жил зүтгэж, нэр хүндтэй, туршлагатай болжээ. Ирак, Косово, Чад, Сьерра-Леон зэрэг оронд НҮБ-ын энхийг сахиулах хүчний бүрэлдэхүүнд орж, Афганистанд цэргийн сургагчийн алба хааж байна. Энэ нь Монгол улсын дэлхий дахин дахь нэр хүндэд тус нэмэртэй чухал үйл явдал юм.

АМЕРИКИЙН ЦЭРГҮҮД ИРАКААС ГАРЧ БАЙНА

    Иракчууд төдийгүй олон улсын хүсэн хүлээж байсан нэг үйл хэрэг бол  Иракийн дайныг жинхэнэ ёсоор дуусгах, тэндээс гадаадын цэргийг гаргах асуудал. Мэдээж хамгийн гол нь тус орныг эзлэн авсан явдал. АНУ-ын цэргийг гаргах  юм. АНУ-ын  Ерөнхийлөгчийн сонгуулийн үер энэ асуудал нэлээд хурц маргаан тарьж, одоогийн Ерөнхийлөгч ноён Барак Обама тэр ажлыг гүйцэлдүүлэх амлалт өгч, гарсан ирсэн. Одоо уг амлалтыг биелүүлэх үйл явц өрнөв. Өнгөрч буй долоо хоногт Америкийн цэргийн сүүлчийн томоохон бригад Иракаас гарч явлаа.

Одоо Иракт Америкийн 50 мянга орчим цэрэг дайчид үлдэж байна. Тэд Иракийн армид сургалт эрхлэх, дипломатуудыг хамгаалах, террористуудтай тэмцэх үүрэг гүйцэтгэнэ хэмээн мэдэгдэж байна.
Америкийн зэвсэгт хүчний дөрөвдүгээр  бригадын бие бүрэлдэхүүн, хоёрдугаар явган дивизийн дайчид шөнө дөлөөр ихээхэн хамгаалалтын дор Иракийн нутгаас нууцхан гарч,  Кувейтийн нутагт оржээ. Энэ бол амласан ёсоор 12 хоногийн дотор  Америкийн цэргийн томоохон бие бүрэлдэхүүн Иракийг орхиж байгаа явдал. “Гадаад дахь дайны талбараас эх орныхоо зүг явна гэдэг юутай сайхан вэ” гэж  дэслэгч Марк Оми  баярлан хэлжээ.  Ирэх есдүгээр сарын нэгнээс эхлэн Америкийн цэргийн үлдсэн хэсэг “Шинэ үүрийн туяа” нэртэй ажиллагаа явуулах юм. Энэ бол жинхэнэ утгаар энхийн  ажиллагаа болно гэж мэдээлсэн. Энэ нь сургалт хамгаалалтын үйл ажиллагаа ажээ. Ийм ажлыг  ирэх жилийн сүүлч хүртэл хийж, Америкийн цэрэг үйл ажиллагаагаа бүрэн дуусгах юм гэнэ. Иракаас гарч яваа америкийн цэргүүд Ерөнхийлөгч Барак Обамад талархлын захидал илгээжээ.
“Америкийн арми Иракт ихээхэн гарз хохирол амссан. Гэхдээ энэ бол зөвхөн Америкийн засгийн газрын хэрэг явдал биш, нийт америкчуудын үйл хэрэг байлаа. Хүн болгон надтай хамт эрэлхэг дайчдад  талархаж байгаад би итгэлтэй байна”  гэж Барак Обама хэлсэн юм. Америкийн Цагаан ордноос нийтлүүлсэн мэдэгдэлд гарз хохирол, амь үрэгдсэн хүний тоо, баримт дурьдсангүй. Өөр эх сурвалжаас зарим сонинд нийтэлсэн материалд  Америкийн арми Иракт 4500 орчим цэргээ алдсан гэж өгүүлжээ.

ОРОСЫН УЛААН БУУДАЙ, ГУРИЛЫГ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ҮГҮЙЛНЭ

ОХУ улаан буудайг дэлхийн зах зээлд экспортлохоо тодорхой хугацаагаар хориглох шийдвэр гаргасан нь дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол сэдэв байлаа. Мэдээллийн салбарт нэртэй “Associated Press” агентлаг Оросын улаан буудай, гурилыг дэлхийн зах зээл үгүйлэх болно гэж тэмдэглэв. Гурил, талхны үнэ зарим оронд нэмэгдсэн байна. Египетэд талхны үнэ өссөнөөс олон түмний эсэргүүцлийн давалгаа бий боллоо. Тус улсад удахгүй парламентын болон Ерөнхийлөгчийн сонгууль болно.Түүнд хоол хүнс, тухайлбал талхны үнэ шууд нөлөөлнө гэж үзэж байгаа юм байна. Алдарт Нил мөрний сав газартай Египет орон хүнсний хэрэгцээ, түүнтэй холбоотой аюулгүй байдлаа сахин хангаж чадахгүй байгааг эсэргүүцсэн  бүх нийтийн хэлэлцүүлэг тус улсад болж байна. ”Ган гачиг болохоос өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Д. Медведев ирэх 5-10 жилийн хугацаанд жил бүр 50 сая тонн үр тариа дэлхийн зах зээлд нийлүүлэх тухай мэдэгдэж байсан нь  талаар болов” гэж  Швейцарийн LAGEFI хэвлэлд бичсэн байна. Дэлхийн үр тарианы зах зээлээс Орос бүрэн гарах гэж байгаа бол энэ талын асар их туршлагатай  Швейцариас суралцах хэрэг гарах байх гэж тус сонинд тэмдэглэжээ.

 Польшийн ‘NEWSWEEK’  сонин “Владимир Путин ОХУ-ын удирдлагад удаан хугацаанд ажиллахдаа олон хатуу шийдвэр гаргаж байсны нэг жишээ нь улаан буудайн тухай мэдэгдэл юм” гэжээ. Түүний хатуу ширүүн, бусдаас ялгагдах онцлогийг жүдо бөхийн  мэхтэй зүйрлэж болно гээд терроризмтай хатуу тэмцэл явуулж, ялалт байгуулсан, тагнуулын эрчимтэй аргаар зарим юмыг зохицуулсанд В.Путинд талархал илэрхийлэх хэрэгтэй гэж  тэр хэвлэлд бичжээ. Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон түүний үйл ажиллагаа эзэн хааныг санагдуулж, үйлдвэр, дэлгүүрт  зочлон, өрнүүлж байгаа үйл ажиллагаа харамч эзэн болохыг нь харуулж байна гэж зарим эх сурвалж шүүмжилжээ. Владимир Путин ОХУ-ын төрийн толгойд гуравдахь удаагаа гарах нь гарцаагүй байна гэж тэр сонинд өгүүлжээ. В.Путины “ Би ард түмний удирдагч биш итгэлтэй найз нөхөр нь юм” гэсэн үгийг онцлон иш татсан байна.

ИЗРАИЛ, ПАЛЕСТИНЫ  ШУУД ХЭЛЭЛЦЭЭ БОЛНО

Ирэх есдүгээр сарын эхэнд  Вашингтон хотноо Израил, Палестины тал  АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн зуучлалтайгаар шууд  хэлэлцээр хийх гэж байна. хэлэлцээрийг  Израилийн  Ерөнхий сайд  Нетьяньяху, Палестины автономийн удирдагч М.Аббас нар хийх юм. Хэлэлцээний өмнөх өдөр тэднийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүлээн авч уулзана. Израил, Палестины дээд хэмжээний шууд хэлэлцээр чухал ач холбогдолтой нь мэдээж. Харин ямар үр дүнд хүрэх нь хоёр талын хүчин чармайлт, харилцан хэл амаа ололцохоос хамаарна. Юутай ч шууд хэлэлцээний ширээний ард сууна гэдэг чухал. Үр дүнг би та бүхэнд мэдээлж, тайлбарлах болно.

ИРАН УЛС АНХНЫ АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦТАЙ БОЛОВ

Иран улс анхыхаа атомын цахилгаан станцыг барьж, нэлээд дуулиантай ашиглалтанд оруулав. Тус улсын цөмийн хөтөлбөрийн тухай олон нийтийн анхаарал татсан яриа өрнөж байгаа үед ийм үйл явдал болсон нь чухал юм. Ираны дээд удирдлага цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглаж байгаагийн тодорхой жишээ гэж энэ тухай мэдэгджээ.
    

ХЯТАД ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ЭДИЙН ЗАСАГТАЙ  ОРОН БОЛНО

БНХАУ дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болж, АНУ-ыг 2025 он гэхэд гүйцэж түрүүлнэ гэсэн мэдээ нийтийн анхаарлыг татав. Хятад улс одоо эдийн засгийн хөгжлийн хурдаар тэргүүлдэг бөгөөд эдийн засгийн зарим үзүүлэлтээр  Япон, Герман, Франц зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас илүү гарч, хоёрдугаарт бичигдэх боллоо гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн дуулианы нэг байлаа.

Б.ДАШЗЭВЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж