Оюутолгойн хөрөнгө оруулагчдын ээлжит драм

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Оюутолгойн хөрөнгө оруулагчдын ээлжит драм

“Айвенхоу Майнз” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тэргүүн Роберт Фрийдланд “Рио Тинто” компани Оюутолгойн төсөлд оролцох болсонд баяртай байна” хэмээн хэлж байсан нь саяхан. Алт, зэсийн нөөцөөр дэлхийд тэргүүлж байгаа хэмээн цоллох гуншинтай болсон Оюу­толгойн төсөлд хамтран ажиллахаар дэлхийн уул уурхайн гигант “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” ком­пани 2006 оны аравдугаар сард хамтран, стратеги түншлэлийн гэрээг байгуулж байв. Уг гэрээнд заасны дагуу Оюутолгойн төслийн уурхайн цогцолборыг хоёр тал хамтран босгохоор болсон. Түүнчлэн үйл ажиллагааг нь тус хоёр компанийн хамтарсан Техникийн Зөвлөл удир­дахаар болж байв. Үүнээс “Рио Тинто” “Айвенхоу Майнз”-ын гол хувьцаа эзэмшигч болох нөхцөлийг тодруулсан билээ. “Рио Тинто” ком­пани нь шаталсан хэлбэрээр “Айвенхоу Майнз”-ын гол  хувьцаа эзэмшигч болохоор уг гэрээнд тусгажээ. Тиймээс тухайн үед эх­ний ээлжинд “Айвенхоу Майнз”-ын Оюутолгой дахь хувьцааны 9.95 хувийг эзэмшихийн тулд тус компанид 303 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болж байв.

Харин дараагийн ээлжинд буюу “Айвенхоу Майнз” Монголын Засгийн газартай Оюутолгой төс­лийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсны дараа дахин 388 сая ам.долларын хөрөнгө оруулж, нийт хувьцааны 19.9 хувийг эзэмших эрхийг нь нээлттэй болгон зарласан юм. Мөн гэрээ байгуулсан цагаас хойш хоёр жилийн хугацаанд “Рио Тинто” хувьцаа эзэмшлээ 46.6 хувь болгон нэмэгдүүлэх боломжтой болсон.

“Рио Тинто” компанийг түншээр сонгох болсноо “Айвенхоу Майнз”-ын гүйцэтгэх захирал Жон Макен ийн тайлбарлажээ. “Бид стратегийн түншээ сонгох гэж нэлээд хугацаа зарсан. Орос, Хятад, Япон зэрэг орны компаниудаас ирсэн саналыг судалж үзсэн ч уул уурхайн салбар дахь арвин туршлага, санхүүгийн өндөр чадавхи, байгаль орчныг хамгаалах талаар туршлагатай “Рио Тинто” компанийг сонголоо” хэмээн тэрбээр онцолж байв. Стратеги түншлэлийн гэрээ байгуулсны дараа “Айвенхоу Майнз” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Роберт Фрийдланд “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” компани Оюу­толгойд байгаль орчны шилдэг менежменттэй, дэлхийн жишиг уур­хай бий болгохын төлөө чармайх болно. “Рио Тинто” компани нь дэл­хийд томоохонд тооцогдох энэхүү зэс, алтны төсөлд оролцох болсонд баяртай байгаа бөгөөд өөрсдийн техник технологийн дэвшилтэт арга барилыг нэвтрүүлэхэд бэлэн байна” хэмээн хамтрагч түншээ бал бурам шиг үгээр магтаж байлаа. Тухайн үед Оюутолгойд оруулах хангалттай  хөрөнгө “Айвенхоу Майнз”-д байгаагүй учир ийн санхүүгийн чадвартай гигант компанитай хамтрах болсон хэ­мээн олон хүн уг үйл явдлыг тайлбарладаг.

Түншлэлийн гэрээ байгуулсны дүнд “Рио Тинто” компанийн тэргүүн Том Албанез “Айвенхоу Майнз”-ын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болж, товлосон хугацаандаа амжиж хувьцааг нь худалдан авбал гол хувьцаа эзэмшигч нь болох боломжтой байв. Оюутолгой төслийн инженер, барилга угс­ралт, уурхайн үйлдвэрийн үйл ажил­лагааг удирдах Техникийн Зөвлөлд талууд тус бүр хоёр гишүүн томи­лон оруулна. Харин Техникийн Зөвлөлийн дарга, Оюутолгой төс­лийн Алхах менежерээр нь эхний таван жилд “Айвенхоу Майнз” компанийн тэргүүн Жон Макен ажиллаж, дараагийн таван ажилд “Рио Тинто” компаниас уг албанд хүн томилохоор шийдвэрлэж байв.

Гэрээ байгуулснаас хойш “Рио Тинто” өөрийн эрхийг эдэлж, “Айвенхоу Майнз”-ын хувьцаанаас шаталсан хэлбэрээр худалдан ав­саар байгаа. Хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард “Айвенхоу Майнз”-ын 15 сая ширхэг энгийн хувьцааг 234 сая ам.доллараар худалдан авсан. Энэхүү шилжүүлгийн дүнд “Рио Тинто” тус компанийн хувь­цаанаас эзэмших эрхээ нэмэг­дүүлсэн. Одоогийн байдлаар “Айвен­хоу Майнз”-ын хувьцааны 29.6 хувийг “Рио Тинто” эзэмшдэг. Гэтэл 2006 онд байгуулсан стратеги түншлэлийн гэрээ ёсоор 2011 оны аравдугаар сар гэхэд уг хэмжээг 46.6 хувь болгон нэмэх эрхтэй “Рио Тинто” компанийн хөрөнгө оруу­лалтыг хязгаарласан шинэ журмыг “Айвенхоу Майнз” компанийн төлөө­лөн удирдах зөвлөлөөс баталсан юм. “Айвенхоу Майнз” компани өн­гөрсөн тавдугаар сарын 7-нд хувьцаа эзэмшигдийн хурал хий­жээ. Энэ үеэр жижиг хувьцаа эзэм­шигчдийн асуудлыг хөндөж, тэдний эрхийг хамгаалсан баримт бичиг гаргасан. Үүнээс болж “Рио Тинто” тус компани дахь хувьцааны эзэмшлээ нэмэх боломжгүй бол­жээ. Үүнийхээ шалтгааныг тэд “Рио Тинто” болон Хятадын төрийн мэдлийн “Чайналко” компанийн харилцаа сайжирч буйтай холбон тайлбарласан юм.

“Рио Тинто” өнгөрсөн онд “Чайналко”-той 19.5 тэрбум ам.дол­ларын гэрээ хийхээс татгалзан 194 сая ам.долларын торгууль төлж шуугиан тарьж байсан билээ. Гэвч түүхий эдийн эрэлтийг дангаараа шахуу бүрдүүлж буй Хятадын төрийн мэдлийн компанитай тэрсэлдэх нь яавч өөдтэй санаа байгаагүй учир өнгөрсөн хавар уг асуудлыг дахин сөхөх болсон. Авлигын хэрэгт холбогдсон ажилтнуудаа үл хайхран “Рио Тинто” компани “Чайналко”-той хамтран 12 тэрбум ам.долларын өртөг бүхий төмрийн хүдэр боловсруулах төслийг эхлүүлэхээр болсон юм. Цаашлаад “Чайналко”-оос Монголын Оюутолгой төсөлд хамтран ажиллах санал тавьж, үүнийг нь нааштайгаар хүлээж авч буй тухай “Рио Тинто”-гийн мэдэгдэл гарсан билээ. Харин “Чайналко”-той хамтарч магадгүй гэсэн нь “Айвенхоу Майнз”-ынхны үзэж буйгаар хувьцаа эзэмшигчдийнх эрхийг хөндсөн асуудал болжээ.

“Рио Тинто” Оюутолгой төсөлд хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх боломжоо зүгээр алдахыг хүсээгүй учир Канадын Ванкуверт төвтэй арбитрын шүүх нэхэмжлэл гаргасан юм. Үүндээ “Айвенхоу Майнз”-тай 2006 онд байгуулсан стратеги түншлэлийн гэрээг гол үндэслэл болгосон нь дамжиггүй. Харин “Айвенхоу Майнз” тэрхүү гэрээнд хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээн үүргээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан зүйл, заалт байхгүйг онцолж, “Рио Тинто”-той хийх тэмцлээ улам ширүүлэх талаар мэдэгдэл гаргасан билээ.

“Айвенхоу Майнз” “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж чадвал Торонто, Нью-Йоркийн Хувьцааны бирж дээр нэмээд дор хаяж таван хувийн хувьцаа гаргах боломжтой болно. Анх Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан нөхцөл ёсоор бол хамтрагч талуудын аль нэг нь хувьцаагаа худалдах ёсгүй. Эс тэгвэл Монголын Засгийн газар, “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” аль аль нь эсэргүүцэх эрхтэй юм.

Нэгэн цагт Р.Фрийдландын тодорхойлж байсан “Алт, зэсний хорхой хүргэм их нөөцтэй” орд газрыг эзэмших эрхийн төлөөх тэмцэл сайн түнш, сайхан түншлэл гэгч зүйл байхгүй гэдгийг харуулах бололтой. Арбитрын шүүх ямар шийдвэр гаргахаас хамаараад “Айвенхоу Майнз”, “Рио Тинто”, Оюутолгойг тойрсон драм цаашид хэрхэн үргэлжлэх нь тодорхой болох юм.  

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж