Хилийн чинад дахь монголчуудаа бүү мартаарай

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Хилийн чинад дахь монголчуудаа бүү мартаарай

Европын парламент дахь Унгарын төлөөлөгч Бела Ковакийг энэ удаагийн “Ярилцах танхим”-даа урилаа.    

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Би Европын парламентад Унгарыг төлөөлж, ажилладаг. Европын холбоо, ОХУ-ын парламент хоорондын ажлын хэсгийн гишүүн бөгөөд ирэх есдүгээр сараас эхлэн Европын холбоо, Монгол Улсын парламент хоорондын ажлын хэсгийн гишүүн болно. Монголд энэ удаа ирсэн маань үүнтэй холбоотой. Танай орон дахь улс төрийн нөхцөл байдалтай сайтар танилцах зорилго тавьсан. Мөн эдийн засаг, нийгмийн байдал, тухайлбал эрүүл мэндийн салбар сонирхлыг минь татаж байна. Дээр нь Европын парламентад Монголтой холбоотойгоор хамгийн их хөндөгддөг хүний эрхийн асуудлыг сонирхож байна.

-Европын холбооны хувьд Монголд геополитикийн ямар ашиг сонирхол байдаг юм бэ?

-Тийм сонирхол байхгүй гэж хэлэх аргагүй. Европын парламент, Монголын парламент хоорондын ажлын хэсэг байгаа нь тийм сэжим байгааг илтгэж байна.
Тэнд нь үндэстэн дамнасан аварга компаниудын барааг л худалддаг болсон. Харин хөдөө тосгонд тариачдын тарьсан алим модон дээрээ илжирч байхад дэлгүүрийн лангуугаар дүүрэн Испани юм уу өөр аль нэг оронд ургуулсан алим, жимс, бусад ногоо дүүрэн байна.

-Унгарууд үндэсний үйлдвэрийнхээ бараа, бүтээгдэхүүнийг авах дургүй болоо юу?

-Үгүй. Энэ нь Европын холбооны томоохон орнууд, бизнесийнхний дарамт, хязгаарлалтаас үүдэлтэй. Европын холбооноос манай тариачдад усан үзэмний талбайгаа устгасны төлөө нөхөн олговор олгодог. Тариачид огт орлогогүй болсон учраас тэр мөнгийг нь ч болтугай авахын тулд тариалангаа үгүй хийж байна.   

-Тэгээд өнөө үндэстэн дамнасан компанийнхаа ажилтан болж, барааг нь худалдан авах уу?

-Тэгэлгүй яахав. Энэ бол томчуудын дарангуйлал. Хуйвалдааны онол гэж байдаг. Тэр онолыг дэмждэг хүмүүс энэ бүхэн цөөн хэдхэн хүний ноёрхлыг тогтоох зорилготой ажил гэж үздэг. Түүнийгээ хэрэгжүүлснээр хүн бүр иудейн шашны дуу дуулж, дэлхий нэг Засгийн газартай болсноор цөөн хэдэн бүлэглэлийн хяналтад орно гэж үздэг. ЗХУ үүнтэй адил эзэнт гүрэн байгуулах гэж оролдооод бүтэлгүйтсэн. Тэд ч гэсэн амжилтад хүрэхгүй.

-Тэгвэл та Европын парламент гэсэн энэ байгууллагад ажиллаж байгаа нь зөв гэж үү?

-Би тэнд ажилласнаар Унгарын ард түмний дуу хоолойг дуулгаж, эрх ашгийг нь хамгаалж байна. Гадна нь байвал тэгж чадахгүй. Үүнтэй холбож хэлэхэд би Европын үндэстний консерватив үзэлтэй хөдөлгөөнүүдийн эвслийг санаачлан өнгөрсөн оны  аравдугаар сард байгуулсан. Энэ эвсэлд Францын Үндэсний фронт зэрэг Европын есөн орны үндэстний үзэлтэй хөдөлгөөн нэгдсэн. Энэ эвслийг байгуулснаас нэг сарын дараа л сэтгүүлчид манай эвслийг хүмүүс ноцтой хүлээж авах хэрэггүй, хоёроос гурван сарын дараа л бутарна гэж бичих болсон. Гэтэл эвсэл маань их амжилттай ажиллаж байгаа болохоор бид ирэх арваннэгдүгээр сарын 15-наас өмнө эвслээ Европын хэмжээний улс төрийн намаар хүлээн зөвшөөрүүлэх хүсэлт гаргана. Энэ бол эвслийн хувьд том амжилт учраас бид Европын парламентын шаардлагыг бүрэн хангах боломжтой. Европын парламентаас тухайн нам, хөдөлгөөнийг нийт долоон орныг төлөөлсөн Европын холбооны долоон төлөөлөгч, тухайлбал, Европын парламент, үндэсний парламент юмуу бүс нутгийн хууль тогтоох байгууллагын гишүүнтэй байхыг шаарддаг. Эвсэл түүнийг нь хангавал энэ оны эцэс гэхэд Европын парламентаас тивийн хэмжээний  нам гэж хүлээн зөвшөөрнө. Би дөнгөж өнгөрсөн долоо хоногт Японы үндсэрхэг үзэлтэй “Ицукай” байгууллагаас Токио хотноо зохион байгуулсан бага хуралд оролцоод ирлээ. Уг хуралд Европын парламентын есөн гишүүн, 14 орны төлөөлөгч оролцож, уулзалт тун амжилттай болсон. Хурлын үр дүнгээр Японы тал Европын эвслийн туршлага дээр түшиглэн Европын төдийгүй дэлхийн хэмжээний үндэсний үзэлтэй хөдөлгөөнүүдийн эвсэл байгуулахыг санал болгосон. Надад хагас жилийн өмнө ийм санаа төрж байсан юм. Европ, Азийн үндсэрхэг хөдөлгөөнүүдийг мэддэгийн хувьд энэ бол тун сонирхолтой бөгөөд ээдрээтэй зорилт. Тиймээс энэ бүхнийг би Европын холбооны гишүүн байгаагүй бол хийж чадахгүй байсан.

-Европын холбооны гишүүн орнууд дор бүрдээ хуучин хилийн зааг, хаалтаа санагалзах болсныг бичих болжээ. Энэ тухай таны үзэл бодлыг сонсмоор байна?

-Трианоны гэрээний улмаас Унгарын эзэнт гүрний үеийн хил хязгаарыг дахин сэргээх хүсэл байдаг. Гэвч одоогийн улс төрийн нөхцөл байдал үнэндээ тийм боломж олгохгүй байна. Гэхдээ ойрын ирээдүйд хэлэлцээрийн замаар дээрх Гурван талт хэлэлцээрийг хүчингүй болгож, ямар нэг шударга замаар Унгарыг хууль бусаар бутаргасан шийдвэрийг цуцалж хуучин хил хязгаарыг нь сэргээх боломж бүрдэнэ гэж үздэг. Гэхдээ ямар нэг хүчирхийлэл юмуу хууль бус арга хэрэглэхгүй. Нөгөөтэйгүүр Европын холбоо байгуулсан нь тус тивийг нэг улс болгож, дээрх зорилтыг хэрэггүй болгож байна. Хил хязгаар үгүй болгосныг бид эсэргүүцээгүй боловч улс бүрийн эдийн засагт тун сөргөөр нөлөөлсөн. Жишээ нь гаалийн татваргүй болсноос тухайн орны төсөв ямар их алдагдал хүлээснийг төсөөлөхөд бэрх. Тухайн улс экспортлогч орон бол нөхцөл байдал арай өөр л дөө. Гэтэл экспортлодгоосоо илүүг импортолдог бол бас нэг өөр. Европын холбоог байгуулахад олон эерэг өөрчлөлт гарсан боловч сөрөг тал нь их байна. Европын нэгдсэн валют еврог гүйлгээнд оруулснаар улс бүр маш их хохирсон. Дээр нь одоогийнх шиг хурц хямрал дахин гарвал еврог ашигладаг бүх орон хохирно. Харин өөрийн үндэсний валюттай орнууд дэлхийн хямралаас арай бага гарз хохирол амсана.

-Та Трианоны гэрээний тухай дурдлаа. Уг гэрээг эргэн харахад хүрвэл ямар орнууд хохирох бол?

-Унгар хамгийн ихээр хохирсон орон. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Унгарыг хуваасан. Үүнд Австри дахь Бургерланд, одоогийн Словакын өмнөд хэсгийн ихэнх нутаг, Закарпатье буюу Украины зарим хэсэг, Трансильванийн нэлээд хэсэг буюу Румын, одоогийн Сербийн нэлээд хэсэг орно. Мөн уг гэрээг байгуулахаас өмнө Унгар Триестийн боомтоор далайд гарцтай байсан. Одоо Хорватийн нутаг болсон. Дээрх зорилт маань биелбэл энэ мэт олон асуудлыг шийдэх болно. Шийдэгдэж чадвал тэдгээр орон дахь унгар үндэстний цөөнхийн бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх болно. Дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд миний нас хүрэхгүй. Гэхдээ одоогийн нөхцөлд тэдгээр иргэдэд ядахдаа тухайн орон нутагтаа өөртөө засах эрх олгох, тэдэнд төрөлх хэлээрээ ярих, боловсрол эзэмших, гудамж, байгууллагынхаа хаягийг унгараар бичих боломж олгоход л бидний зорилтын нэлээд хэсэг нь биелэх болно. Хил хязгаар өөрчлөгдсөн нь тэдний буруу биш.

-Эцэст нь Монголын уншигчдад хандан таны хэлэх үгийг сонсмоор байна?

-Парламентын гишүүний хувьд Унгарын ард түмний халуун мэндийг Монголын ард түмэнд дэвшүүлье. Эх орноороо аялах явцад урьд нь Монголд ажиллаж байсан хүмүүстэй олон таарсан. Тэдэнд Монголын тухай хамгийн сайхан дурсамж үлдсэн бөгөөд дахин ирж ажиллах хүсэлтэй байдаг. Би монголчуудыг ч гэсэн Унгарт ирж байгаасай гэж хүсдэг. Мөн угсаа гарал нэгтэй түүхэн хэлхээ холбоогоо бэхжүүлж, хоёр ард түмний хамтын ажиллагааг хөгжүүлээсэй гэж боддог. Даяаршил, санхүүгийн хямрал зэрэг олон бэрхшээл арилж, тийм боломж удахгүй бүрдээсэй гэж мөрөөддөг. Эцэст нь хилийн чинадад байгаа монголчуудаа хэзээ ч битгий мартаарай. Шаардлага гарсан тохиолдол тэдэнд тусалж, дэмжиж байгаарай. Тэднийг сэтгэл санаа, улс төрийн хувьд дэмжээрэй. Тэд Орос, Хятад, Солонгос гээд хааана амьдарч байгаа нь чухал биш. Монгол хүн хаа ч гэсэн монгол хэвээрээ. Энэ нөр хүнд ажлыг гардан хийх хүмүүст амжилт хүсье. Дээр нь монголчууд Монголдоо эвтэй найртай амьдарч, хөгжин цэцэглээсэй гэж хүсье.  

Европын холбоо нэг улсын хувьд Европын холбооны гишүүн орнуудын хооронд улс төр, дипломат, эдийн засгийн түвшинд харилцаа холбоогоо хөгжүүлэхийн  зэрэгцээ гуравдагч орнууд, тухайлбал Азийн орнуудтай харилцаагаа өргөжүүлэх сонирхолтой. Энэ хүрээнд Монгол Улстай харилцаагаа хөгжүүлдэг. Монгол улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд Брюссельд очиж, танай улс хуулийн хүрээнд цаазаар авах ялаас татгалзах өөрчлөлт оруулж байгааг Европын парламентын гишүүдэд хэлэхэд тун эерэг уур амьсгал бүрдсэн. Энэ бол хүний эрхийг эрхэмлэх томоохон алхам юм.  Дээр нь танай орны эдийн засгийн салбарт томоохон ахиц гарч буйг харахад таатай байна. Энэ салбарт ч гэсэн бидэнтэй ойр хамтран ажиллах сонирхолтой байгааг харлаа. Уржигдар надад Ерөнхий сайд С.Батболдтой уулзах завшаан тохиож, бид Европын холбоо, Монгол Улсын хамтын ажиллагааны тухай ярилцсан. Монгол Улс Европын холбоотой олон салбарт хамтран ажиллах сонирхолтойг сонсоход таатай байлаа.

-Танд Унгар, Монгол хоёрын хооронд ижил төсөөтэй ямар зүйл ажиглагдсан бэ?

-Юуны түрүүнд бид түүхийн хувьд угсаа гарал нэгтэй. Би оюутан цагаасаа л монголчуудтай дотно нөхөрлөсөн. Тэр үед надад монголын ард түмэн, монгол оюутнуудын хувьд дотно сэтгэл төрж байсны шалтгааныг тухайн үед бүрэн ойлгоогүй байсан биз. Харин одоо биднийг холбож буй түүхийн тухай арай илүү мэддэг, хоёр ард түмэн үнэхээр ойр дотно холбоотойг ойлгодог болсон. Энэ нь зөвхөн монголын байлдан дагууллын хувьд ч биш. Дээр нь монголчууд өөрийн их удирдагч Чингис хаанаараа бахархдаг нь бидний сэтгэлд нийцдэг. Тиймээс монголын иргэдтэй уулзахдаа түүхэн холбоо маань манай хоёр ард түмний хооронд дотносох сэтгэл төрүүлдэг хэвээр байгааг мэдэрч, баярладаг. Гэхдээ харамсалтай нь сүүлийн жилүүдэд Унгар, Монгол улсад гарсан өөрчлөлтийн дараа хоёр ард түмэн, улс орны харилцаа суларсныг харж байна.

-Та монгол найзуудынхаа тухай ярьсан. Та тэдэнтэйгээ одоо холбоотой юу?

-Бурхны авралаар би тэдэнтэйгээ одоо ч холбоотой байдаг. Саяхан би МГИМО-д нэг курст сурч байсан ангийнхантайгаа уулзахдаа энэ тухай ярьж, хөхрөлдөж байсан юм. Тэр цагаас хойш 24 жил өнгөрчээ. Бидэнд олон жилийн дараа хамтдаа уулзаж, нэгнээ харахад тун сайхан байсан. Зарим нь танай оронд их чухал байр суурь эзэлж байна. Тэднээс Ерөнхий сайд С.Батболд, “Hiro Royall” ХХК-ийн захирал Б.Зоригт нар байна. Тухайлбал Б.Зоригт миний айлчлалыг их өндөр түвшинд зохион байгуулснаар надад Ерөнхий сайд, Гадаад хэргийн яамны зохих хүмүүс болон бизнесийн салбарын төлөөлөгч зэрэг албаны хүмүүстэй уулзах боломж бүрдүүлсэн.

-Танай намын нэрийг “Илүү Унгар орны төлөө” гэсэн нэртэй төдийгүй үндсэрхэг үзэл баримталдаг гэсэн. Энэ тухайд?

-Тийм ээ. Манай  нам үндэсний уламжлалт, эх оронч үзэл баримтлалтай. Манай нам 2003 оны аравдугаар сарын 24-нд байгуулагдсанаасаа хойш “Унгар орон бол зөвхөн унгарчуудынх байх ёстой” хэмээн бардам тунхаглаж ирсэн. Бид глобалчлал хэмээх сүүлийн арваад жилд гарсан хандлагаас үндэснийхээ уламжлал, хэл, улс орныг хамгаалахыг зорьдог.

-Европт их олон үндэстэн нэг дор холилдон амьдардаг. Жишээ нь унгарууд танай хөрш Румын, Словакт амьдарч байгаа тохиолдолд танай намын энэ үзэл баримтлал газар нутгийн маргаан үүсгэх юм биш үү?

-Харамсалтай нь Дэлхийн нэгдүгээр дайны дараа Трианоны хэмээх гэрээний улмаас Их Унгар улсыг задалснаар Унгар улс нутгийнхаа 70 гаруй хувийг алдаж, газар нутаг нь их жижгэрсэн. Уг гэрээнээс болж унгар болон унгараар ярьдаг олон хүнд хилийн чинадад үлдэх азгүй хувь тохиосон юм. Үүнд тэдний буруу байхгүй болохоор бид тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө чадах бүхнээ хийнэ. Словак, Карпатын чинад, Румын буюу тухайн үеийн Трансильвани, одоогийн Сербид амьдарч буй унгарууд тэдгээр орны эрх баригчдын үйл ажиллагаанаас болж ихээхэн хохирсон. Тэдгээр оронд унгар иргэдийн хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүртэл өдөр тутам зөрчдөг. Словакын газар нутагт хүн төрөлх унгараар хэлээрээ ярьсан тохиолдолд их хэмжээний торгууль ногдуулдаг. Энэ нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэхээс өөр аргагүй. Бид тэдгээр иргэнийг үндэснийхээ хэлээр ярих, суралцах боломжтой болгохыг зорьдог. Мөн нэн ялангуяа хуучин Трансильвани буюу Румынд автономит эрх бүхий Унгарын муж байгуулахыг дэмждэг. Гэтэл тэдгээр орны эрх баригчдын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгардаг. Жишээ нь Словакын хувьд энэ нь хоёр Засгийн газар хоорондын зөрчилдөөнд хүрч, түүнийг нь Гадаад хэргийн яамны түвшинд шийдэж чаддаггүй.

-Танай хоёр орон Европын холбоонд гишүүнээр элссэн боловч тус холбоо хүний эрх, тухайлбал, өөр орны нутаг дээр амьдарч буй үндэсний цөөнхийн  эрхийг хангаж чадахгүй байна уу?

-Тийм. Унгар улс 2004 оны тавдугаар сарын 1-нд Европын холбооны гишүүнээр элсэхэд бидэнд найдвар төдийгүй итгэл бий болсон. Учир нь бид нэг нэгдсэн Европ болсны хувьд үндэсний цөөнхийн асуудлыг шийдвэрлэнэ гэж Европын парламентаас мэдэгдэж байсан. Харамсалтай нь түүнээс хойш бид энэ асуудлаар хэчнээн олон удаа хандсан ч эдгээр бэрхшээлүүд одоо ч байна.

-Бусад орон дахь танай улсын үндэсний цөөнхийн бэрхшээлтэй адилхан асуудал монголчуудын хувьд гарах магадлал бий юү?

-Монголын нөхцөл байдлыг би тийм сайн мэдэхгүй ч олон монгол иргэн гадаадад амьдарч байгааг мэднэ. Танай Ерөнхий сайд надад эдийн засгийн хувьд ахиц гарч, нийгмийн асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдэж байгаа болохоор гадаадад амьдарч байсан монгол иргэд эх орондоо буцаж ирэх хандлага бий болж байгааг ярьсан нь надад таатай санагдсан. Бидэнд ч гэсэн тийм сонирхол байдаг. Унгарын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар бид давхар иргэншлийг зөвшөөрсөн. Тиймээс дээр дурдсан орнуудад амьдарч байгаа унгар иргэд Унгар улсын харьяалалтай болох хүсэлт тавьснаар гурван сарын дотор буюу түргэвчилсан журмаар манай орны иргэн болох боломжтой. Хилийн чинадад амьдарч байгаа монголчуудын хувьд энэ асуудлыг иймэрхүү маягаар шийдэж болно гэж бодож байна. Жишээ нь Буриадад амьдарч байгаа монгол хүн байвал Монгол улсын иргэний харьяалалгүй гэдэг нь тодорхой. Тиймээс хуулийн хүрээнд асуудлыг нь шийдэж өгвөл тэд наашаа ирж эх орондоо амьдрах боломжтой болно.

-Давхар иргэншлийн хувьд нэг сөрөг тал байдаг. Жишээ нь арай том, хүчирхэг хөрш нь нөгөө орныхоо иргэдэд давхар иргэншил олгож паспорт тараагаад түүнийгээ түрэмгийлэл үйлдэх хэрэглэл болгодог. ОХУ, Өмнөд Осети, Румыны бэлэн жишээ байна?

-Тийм ээ. Румын гэхэд сүүлийн үед Молдав, тэр бүү хэл Украины иргэдэд давхар иргэншил олгож, Оросын дургүйцлийг төрүүлж байгаа. Үүнд ямар нэг аюул байхгүй гэж боддог. Монголын хувьд таны хэлсэнчлэн том, хүчирхэг хөрш болох Хятадтай тийм асуудал үүсч болох юм. Гэхдээ яг ямар хүнд давхар иргэншил олгох, ямар тохиолдолд эх орныхоо харьяат болгох вэ гэдгийг тун няхуур судлах хэрэгтэй. Унгарын харьяат болохоор хандаж байгаа иргэдийн хувьд бид эмээ, өвөө, элэнц, хуланц нь унгар байсан эсэхийг харгалздаг. Мөн тухайн иргэн Унгарын Үндсэн хуулийн тухай шалгалт өгөх ёстой болохоор энэ аргыг түрэмгийллийн зорилгоор ашиглахад хэцүү. Гэхдээ үгүйсгэж болохгүй.

-Монголд танай намтай төстэй үндэсний үзэл баримтлалтай нам буй болох боломж бий болов уу?

-Энэ бол танай ард түмэн, бас нийгмээс л шалтгаална. Би энэ асуултыг танай Ерөнхий сайдад тавьсан. Тэр надад ”Би дуртай хүлээн авна” гэсэн. Би түүнээс “Тэр нам цаашид хүчирхэгжин танай парламентад орвол яах вэ” гэж асуусан. Тэгэхэд тэрбээр “Би тэдэнтэй хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн. Тэд санаа, зорилгоо тайлбарлаг. Би тэдэнд намынхаа зорилтыг тайлбарлана” гэж байсан. Би энэ үгэнд нь их баярласан. Тэрбээр Ерөнхий сайдын хувьд төдийгүй намын даргын хувьд үүнд бэлэн байгаа нь сэтгэлд нийцсэн. Тийм нам бий болох эсэх нь танай нийгмийн хэрэгцээ, шаардлагаас л хамаарна.

-ОХУ-д монголчуудтай угсаа гарал нэгтэй буриадуудын хувьд өөртөө засах эрхтэй байсан засаг захиргааны нэгжүүдийг нь үгүй хийж, том мужуудтай нэгтгэснээр үндэсний цөөнхийн эрхийг нь хассан. Энэ нь унгар иргэдийн хувьд таны тэмцэж байгаа ололтуудыг устгаж байх шиг. Орос дахь буриад иргэний эрхийг хөндлөнгөөс хамгаалах үзэл баримтлал бүхий нам Монголд байх боломж байна уу?

-Төстэй юм. Би танай намуудын үйл ажиллагааг сайн мэдэхгүй. Гэхдээ тийм зорилттой нам Монголд байгуулбал сонгуульд хол явахгүй нь тодорхой. Яагаад гэвэл Оросын нутагт амьдардаг монгол угсаатнууд энд сонгуулийн санал өгөхгүй. Тэд Монголын иргэд биш учраас  сонгуульд санал өгдөг иргэдийнхээ эрхийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт байдаг. Одоогийн улс төрийн намууд, тухайлбал парламентад суудалтай намууд энэ асуудлыг хариуцан ажиллах хэрэгтэй. Эсвэл дээрх иргэдийнхээс гадна бусад олон асуудлыг үзэл баримтлалдаа оруулсан шинэ нам байгуулж болно. 

-Танай нам анх оюутны хөдөлгөөн хэлбэрээр эхэлсэн төдийгүй байгуулагдаад удаагүй гэж сонссон. Анх үндсэрхэг үзлийг тунхаглаж эхлэхэд нь ийм байр суурь эзэлнэ гэж хэн ч таамаглаагүй гэдэг. Амжилтын нууц нь юунд байв?

-Манай нам байгуулагдаад долоон жил болж байна. Энэ оны сонгуулиар манай намын олсон амжилт олон нийтийн анхаарлыг татаж, олон сэтгүүлч ирж сонирхож байснаас зарим нь энэ гайхамшигт үзэгдлийн тухай ном хүртэл бичсэн. Унгарт 2002 онд болсон сонгуулиар барууны хүчнүүд социалистуудад дахин ялагдсан. Саналын зөрүү тун бага байсан ч энэ нь барууны хүчнүүд улс орон, нийгмийн хувьд уналт болсон. Улмаар 2006 оны сонгуулийн дүнд сэтгэл дундуур байсан хэсэг оюутан энэ намыг байгуулсан бөгөөд эхлээд залуусын хөдөлгөөн хэлбэртэй байсан. Мөн ард олноосоо хүлээн авсан олон дохио  бидний амьдрал, нийгэм маань ийм нам байх хэрэгтэй юм байна, хүмүүс арай шинэлэг уур амьсгалыг хүсч байна гэдгийг харуулсан. Унгарчууд 90-ээд оны өмнөх нэг намын тогтолцоо, 1991-2002 оны хоёр нам давамгайлсан тогтолцооноос залхаад байсан хэрэг. Хүмүүс арай шинэлэг зүйл, гурав дахь хүчнийг хүсч байлаа. Үүнийг нийгэм төдийгүй түүхэн үйл явц шаардсан юм. Гэсэн ч манай нам 2007 он хүртэл амжилт олж чадаагүй. Харин 2006 оны аравдугаар сарын 23-нд болсон үйл явдал бидэнд томоохон түлхэц өгсөн. Тэр өдөр бол Унгарын социалист хувьсгалын 50 жилийн ой юм. Социалистууд энэ өдрийг хувьсгалын эсэргүү хөдөлгөөний ой гэж нэрлэдэг. Унгарын ард түмэн 1965 оны аравдугаар сарын 23-нд манай дотоод зөрчилдөөнийг хүчээр зогсоох гэсэн зөвлөлтийн танкуудын эсрэг боссон юм. Унгарын социалист Засгийн газар 2006 онд террорын аргыг хэрэглэн ард түмний хүсэл зоригийг боомилж, зөвшөөрөлгүй жагсаал, цуглааныг цагдаа, цэргийнхний хүчээр нухчин дарсан. Тэгэхэд ард түмэн манай намыг өөрсдийнх нь эрх ашгийн төлөө зүтгэж байгааг ойлгосон. Энэ бол бидний хувьд шийдвэрлэх мөч байлаа. Тэр цагаас хойш ард түмний дунд явуулсан санал асуулгын дүнд манай намын нэрийг оруулах болсон. Бидний нууц гэвэл энгийн. Манай намыг хэн нэгэн ямар нэг далд зорилгоор байгуулаагүй. Намыг гол төлөв санхүүгийн бүлэглэлүүд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж, өөрийн хүнээ парламентад оруулах зорилгоор байгуулдаг. Харин манай нам үнэхээр ард түмний нам. Анхнаасаа л санхүүгийн дэмжлэггүйгээр, эхнэрүүдээсээ олон удаа хатуу үг сонсон байж өөрсдийнхөө хөрөнгөөр ажлаа явуулж ирсэн. Бид намаа хөл дээр нь тогтоохын тулд гэр бүлээсээ мөнгийг нь булааж авсан. Тиймээс бүтцийн хувьд ч дээрээсээ биш доороосоо ажлаа ард түмний гүнд явуулдаг нам. Ард түмэнд амласнаа биелүүлж ирсэн болохоор “Та нар амлалтаа яагаад биелүүлэхгүй байна” гэсэн асуудал огт гардаггүй. Бид сонгууль болохоос хэдхэн сарын өмнө иргэдтэйгээ уулзаж, сонгогдсоныхоо дараа тэр тухай мартчихдаг бусад намтай адилгүй. Манай намын ард иргэд эрх баригчдынхаа ажлыг хэрхэн үнэлж, юуг нь өөрчлөхийг хүсч байгааг тогтмол сонсч байхыг зорьдог. Тиймээс бид хөдөө орон нутагт очиж, тосгоныхон юу хүсч, ярьж байгааг сонсдог.

-Танай намын үзэл баримтлал Польшийн Ерөнхийлөгч агсан Л.Качиньскийн тэргүүлж байсан “Хууль цааз ба шударга ёс” (ХЦШЁ) намынхтай төстэй мөн хөдөөгийн уламжлалт үзэл баримтлалтай сонгогчдод тулгуурласан уу?

-Төстэй зүйлүүд бий. Бид хөдөөгийн иргэдэд түшиглэдэг. Үндэсний консерватив үзэлтэй. Гэхдээ ХЦШЁ намын хувьд ард нь АНУ-ын эрх ашиг, тэдний мөнгө байдаг. Бидний ард тийм ашиг сонирхол байхгүй.

-Унгарын Засгийн газрын үндэсний цөөнхийн талаарх үзэл баримтлал танай намаас нэлээд шүүмжлэлд өртдөг. Жишээ нь цыгануудын асуудал дээр таны байр суурь ямар байдаг вэ?

-Унгарт цыгануудаас өөр үндэстний цөөнх гэхээр томоохон бүлэг байхгүй. Цөөн тооны герман, орос иргэн байдаг боловч тэдний хувьд хүндрэлтэй асуудал бага. Цыгануудын хувьд асуудлууд бий. Тэднийг  үндэстний цөөнх гэж хэлэхэд ч түвэгтэй. Социалистуудын удирдсан Унгарын Засгийн газрын балгаар эдийн засаг сүйрлийн ирмэгт тулж, бүрэн дампуурсан гэж болно. Үүнээс болж нарийн мэргэжлийн унгар ажилтнуудад ч ажил олдохгүй байна. Гэтэл цыганууд дунд сургууль төгсөх нь ховор бөгөөд зарим нь сургуулиар огт дамждаггүй. Тэдний дунд мэргэжлийн ажилтнууд цөөн тул ажил олдох нь бүр хэцүү. Тэдэнд амьдрахад улам хүнд байгаа боловч энэ нь өдөр тутам гэмт хэрэг хийх эрх олгож байна гэсэн үг биш. Цыгануудын гэмт хэрэг гэх асуудал байгаа боловч хуучин социалистуудын удирдаж байсан Засгийн газар, өнөөгийн эрх баригчид энэ асуудлыг нуухыг чармайдаг. Бид 2006 оноос хойш энэ асуудлыг сөхөж, маш нухацтай шийдвэр гаргах хэрэгтэй гэж үздэг. Энэ асуудлыг хөндсөнөөс болж, Засгийн газар бидэнд “нацистууд” гэх зэрэг муухай хоч өгч, үндэстний цөөнхийг ялгаварлан гадуурхах үзэлтэй  хүмүүс гэж иргэдийг айлгах болсон. Үнэндээ бол хүмүүсийг айлгах биш асуудлыг нь шийдвэрлэх хэрэгтэй. Би Засгийн газраас үндэстний цөөнхтэй хийсэн хэд хэдэн хэлэлцээрт оролцож байсан. Нэг удаа  цыганы цөөнхийн төлөөлөгчидтэй хэлэлцээр хийсний дараа тэд “Ийм уулзалт болсонд бид их сэтгэл хангалуун байна. Бид та нарыг цыгануудыг алах хүсэлтэй л гэж боддог байлаа” гэсэн юм. Тэр бүхэн социалистуудын удирдсан тухайн үеийн эрх баригчдын  суртал ухуулгын үр дүн юм. Харин бид тухайн асуудлыг хөндөж шийдвэрлэхийг зорьдог. Арга нь зарчмын хувьд тун амархан. Нэгдүгээрт социалист Засгийн газрынхан цыганы цөөнхөд зориулж бий болгосон татаасын тогтолцоог үгүй хийх хэрэгтэй. Яагаад гэвэл цыганууд өөрсдөө надад ярихдаа “Бидэнд ажил хийх ямар ч шаардлага алга. Нэгт бидэнд ажил олдохгүй. Ажил олоод эхнэр бид хоёр ажиллаж эхэллээ гэхэд бид хоёрын цалин ажиллаагүй тохиолдолд төрөөс олгодог тэтгэмжээс бага байх болно” гэсэн. Тиймээс энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Цыганууд төрөөс тэтгэмж авсан ч түүнийхээ төлөө ажиллах хэрэгтэй. Төрийн байгууллага, аль нэг үйлдвэрийн газарт ажлын байр байхгүй байлаа гэхэд хөдөө тосгонд, хотын захиргаа бүрт хийлгэж болохоор ажил байгаа. Гудамж цэвэрлүүлсэн ч гэсэн тухайн хот, иргэндээ хэрэгтэй. Тэдэнд гэртээ зүгээр суугаад ажил хийлгүйгээр илүү их мөнгө яаж олох талаар толгойгоо гашилган гэмт үйлдэл рүү орох зав гарахгүй. Уг халамжийн тогтолцооноос гардаг өөр нэг асуудал бол хүн амын өсөлт. Гэхдээ унгар иргэдийнх биш, цыгануудын төрөлт нэмэгдэж байгаа нь асуудал юм.

-Та хувийнхаа амьдралын талаар уншигчдад маань ярьж өгөөч?

-Эцэг, эх маань  дипломат ажилтнууд байсан болохоор намайг 16 настай байхад тэднийг Япон дахь Унгарын ЭСЯ-нд ажиллуулахаар явуулсан. Би  16-21 насандаа Японд амьдарсан болохоор япон, англи хэлтэй. Дараа нь Унгарт эргэж ирээд япон хэлийг үргэлжлүлэн судлах боломжгүй байсан болохоор намайг МГИМО-д суралцуулахаар явуулсан. Дараа нь эх орондоо эргэж ирээд нэг жил хагас армид алба хаасан. Нийгэм шинэчлэгдэж эхэлмэгц 1990-ээд онд Японд ажиллахаар явсан. Дараа нь Япон, Москвад тус тус өөрийн фирмийг байгуулж, тухайн үед олон улсын хэмээх компани байгуулж, 2003 он хүртэл ажилласан. Би МГИМО-д олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжлээр төгссөн болохоор дипломатч биш. Мөн 2003 онд хуульчийн мэргэжил эзэмшсэн. Би 2003 он хүртэл фирмдээ ажилласан боловч өөрийгөө төрөлхийн унгар гэж үздэг болохоор эх орондоо эргэж ирэхээр шийдсэн. Урьд нь би улс төрөөр огт оролддоггүй байсан л даа. Улс төр надад зөвхөн саад болдог байлаа. Унгарт ирээд үл хөдлөх хөрөнгөтэй болж, Москва, Японд фирмтэй болж ирээд нэг жил хагас ажилласны дараа л би улс төрд орохоор  болсон. Учир нь Унгарт ажилласан нэг жил хагасын дотор ямар гээч төрийн мафи бий болсон, энэ мундаг тогтолцоог социалистууд хэрхэн байгуулсан, хэрхэн ажилладгийг ойлгосон. Түүнээс болж бизнес маань үндсэндээ дампуурсан. Жижиг бизнест маань ногдуулсан бүх татварыг шударгаар төлж явсаар би өнгөрсөн 16 жилд хуримтлуулсан бүхнээ алдсан.  Тиймээс энэ бүхнийг зогсоох хэрэгтэй гэж бодоод, 2005 онд “Илүү сайн Унгар орны төлөө” (унгар хэлнээ “илүү сайн” гэдэг үг нь “барууны” гэсэн салаа утга агуулдаг) намд орсон. Би урьд нь эх орондоо зуны амралтаараа ирээд явах хооронд улс төр, эдийн засгийн байдлыг сайн мэддэггүй байж. Харин дотор нь орж, мэдсэн хойноо улс төрд орсон. Одоо эхнэрийн хамт Брюссельд амьдарч байна. Эхнэр маань орос гаралтай. 

-Намд анх ороход тань эдийн засаг түлхэц үзүүлжээ. Танд яах аргагүй өдөр тутам тулгарсан олон асуудал байсан учраас?

-Тэгж хэлж болно. Өөрт минь халдаад байхад улс төрд орж ямар нэг юм хийж, өөрчлөх хэрэгтэйг ойлгуулсан. Бусад ажил хэрэгч хүмүүсийн хувьд ч гэсэн тийм байсан болов уу. Энэ байдлыг одоо ч гэсэн хардаг. Та нар Унгарт очвол шууд анзаарна. Одоо тэнд төвхнөсөн том компаниуд манай оронд урьд нь ажиллаж байсан олон тооны жижиг, дунд аж ахуйнуудыг боомилж, дампууруулсан. Одоо манайд  жижиг дэлгүүр, ресторан ажиллах боломжгүй болж, хотын захад асар том дэлгүүрүүд бий болсон.

Д.МӨНХБОЛД

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж