BHP, Rio-гийн хувьцааны ханш өслөө

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

BHP, Rio-гийн хувьцааны ханш өслөө

Австралийн Хөдөлмөрийн нам парламентын сонгуульд илт давуу санал авч чадаагүй нь уул уурхайн салбарт байгаа өндөр татварыг цуцлахад хүргэж магадгүй гэсэн хүлээлт зах зээл үүссэнээс “BHP Billiton Ltd”, “Rio Tinto Group”-ийн хувьцааны ханш даваа гаригт өслөө гэж “Bloomberg” агентлаг дамжуулж байна. Зах зээлд “BHP”, “Rio Tinto” зэрэг томоохон компаниудын хувьцааны ханш өсч байгааг бид ажиглаж байна хэмээн Мельбурн хотод байрладаг “Pengana Capital Ltd” компанийн 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хариуцдаг Тим Шроедерс ярьж байна.

Австралийн ерөнхий сайд 48 настай Жулиа Гиллард, түүний сөрөг намын удирдагч 52 настай Тони Абботт нарын хэн нь ч 150 гишүүний суудалтай парламентын Төлөөлөгчдийн танхимд сонгуулиар олонхийн санал авч чадаагүй тул бие даан Засгийн газар байгуулах боломжгүй болоод байна. Хөдөлмөрийн нам ойрын хоёр жилд “BHP”, “Rio” зэрэг томоохон компаниудаас 10.5 тэрбум ам.долларын татвар авахаар төлөвлөж байсан юм.

“Хэрвээ Либералууд Засгийн газар байгуулах юм бол уул уурхайд оноосон нэмэлт татварыг хүчингүй болгоно. Тэгвэл энэ нь уул уурхайн салбарынхны хувьд сайн зүйл болох болно” гэж дээрх хоёр компанийн хоёулангийнх нь хувьцааг эзэмшдэг, “Constellation Capital Management Ltd” сангийн менежер Петер Чилтон ярьж байна. “BHP” компанийн хувьцаа 0.9 хувиар өсч, 38.23 австрали доллар болсон бол “Rio Tinto” компанийн хувьцаа 1.2 хувиар, харин “Fortescue Metals Group Ltd” компанийн хувьцаа 0.9 хувиар өссөн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж