
Английн хөлбөмбөгийн примьерлигийн Арсенал баг хамгаалалтын хүчээ сайжруулсаар байна. Испанийн Сэвилья клубын франц хамгаалагч Себастьен Скилаччи өнөөдөр Лондон хотноо эмнэлгийн үзлэгээр орж тэнцвэл “буучин” болох юм. Арсенал 30 настай хамгаалагчийн төлөө Испанийн багт 6,5 сая фунт төлж багтаа элсүүлж байгаа аж. Ингэснээр Арсэн Венгэр багийнхаа гол шүдний өвчин болоод байгаа төвийн хамгаалалтаа бага ч гэсэн сайжрууллаа. Улирал эхлэхээс өмнө Вильям Галлас, Сол Кэмпбэл, Микаэль Силвэстрэ гэсэн төвийн хамгаалагчдаа алдсан Арсеналын бас нэг хамгаалагч Иохан Журу гэмтэл нь бүрэн эдгээгүй, шинэ авсан хамгаалагч Лорен Коселни нь торгуультай гээд асуудал өнгөрсөн долоо хоногт үүссэн байна. Ингээд Сэвильягийн хамгаалагчийг авах ажилд шуурхай орсон Арсэн Венгэр зорьсондоо ямар ч байсан хүрлээ. Себастьен Скилаччи нь Францын шигшээ багт 2004 оноос хойш зүтгэж 20 тоглолтод оролцжээ.
Score Studio