Уулын бартаат замын ялагч тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Уулын бартаат замын ялагч тодорлоо

Ази тивд, тэр тусмаа онгон зэрлэг байгалийн гоо үзэсгэлэн, өнгө төрхөөрөө дэлхийд гайхагддаг манай улсад анх удаа “Mongolia Bike Challenge” уулын бартаат замын олон улсын уралдаан амжилттай болж өнгөрлөө. Монгол аялал, жуулчлалын тур оператор “Монголия Экспедишнс” компани, Италийн “Прогетто Авентура” компани, Монголын адал явдалт спорт, дугуйн аяллын холбооноос хамтран зохион байгуулсан тус уралдаанд Монголоос гадна дэлхийн 10 орны 94 тамирчин оролцож, хоёр долоо хоногийн турш Монголын говь, хангай нутгаар уралдсан юм. Тэмцээний нээлтийн ажиллагаа энэ сарын 8-нд Сүхбаатарын талбайд болж, тамирчид 9-нд Дундговь аймгийн Бага газрын чулууг зорьжээ.
Гурван жилийн турш үргэлжилсэн судалгаа, шинжилгээний дүнд зохион байгуулсан тус уралдааны зохион байгуулагчдын зүгээс уралдааныг нийт 10 гараатай, 1400 км зам туулахаар төлөвлөсөн байсан ч цаг агаарын таагүй нөхцлийн улмаас хоёр гарааг цуцлахаас өөр аргагүйд хүрч, улмаар тамирчид нийт найман гараанд уралдсан юм. Тодруулбал, говийн нутгаар уралдах ёстой байсан гуравдугаар гарааны үеэр хүчтэй элсэн шуургатай таарсан бол хангайн наймдугаар гарааны үеэр Архангай аймагт уулархаг хэсгээрээ 50 см хүртэл зузаан цас орсон учир тамирчдын аюулгүй байдлыг хангах үүднээс тус гарааг цуцалжээ. Нийт таван аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн уралдаан Улаанбаатар хотоос 250 орчим км зайд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт байрлах Бага газрын чулуугаас энэ сарын 10-нд гараанаас гарсан байна. Харин тэмцээний сүүлийн гараа 20-нд Өвөрхангай аймгийн Хархорин хотноо барианд орсон бөгөөд хаалтын ажиллагаа бямба гаригт Баянгол зочид буудал болж, ялагчдад шагнал, дурсгалын зүйлс гардуулсан юм.
Уралдааныг нийт зургаан ангилалд зохион байгуулснаас Sportsman буюу 18-32 насны ангилалд Монголын тамирчин Т.Төгөлдөр, Master 1 буюу 33-42 насны ангилалд Италийн дугуйч Марцио Дехо, Master 2 /43-50 насны/ ангилалд Чехийн Ян Копка, харин эмэгтэйчүүдийн ангилалд Италийн дугуйч Стефания Валсеччи нар түрүүлжээ. Бусад хоёр ангилал болох Veteran буюу 51-ээс дээш насныхан болон Tandem буюу хос дугуйны төрөлд оролцогчдын тоо гүйцээгүй учир ялагчийг тодруулах боломжгүй байв.
Харин тэмцээний нийт дүнгээр Италийн уулын дугуйн хошой аварга Марцио Дехо нийт найман гарааг 34 цаг, 36 минут 23 секундэд туулсан амжилтаар аваргалж, Монголын Аялал, жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбатаас гран-при цомыг гардаж авсан бол Монголын дугуйч Т.Төгөлдөр, Испанийн Карлос Абеллан Оссенбах нар удаахь байрт шалгарсан юм. Дехогийн тухайд нийт найман гарааны зургаад нь түрүүлжээ. Дашрамд сонирхуулахад, хэдийгээр тэрбээр ерөнхий дүнгээр тэргүүлж, аваргын цом хүртсэн боловч бүх гараанд амжилттай бариалсан 66 тамирчны тоонд багтаагүй, finisher болж чадаагүй гэнэ. Учир нь тэмцээний ес дэх гарааны үеэр өөрийн алдааны улмаас төөрч, цагтаа амжиж бариандаа ороогүй аж.
Тэмцээний нийт шагналын сан 15 мянган евро бөгөөд нийт дүнгээр тэргүүлсэн ялагчийн цом нь 5000 еврогийн үнэтэй, Монгол дархан Р.Ариунцэнгэлийн урласан алтан бүрмэл ажээ. Түүнчлэн ангилал тус бүрийн ялагчид Италийн NEVI брэндийн 2500 еврогийн үнэтэй цэвэр титанан дугуйны рам, хоёрдугаар байрт шалгарсан тамирчид Scicon брэндийн уулын дугуйны цүнх, 600 еврогийн ваучер, харин гуравдугаар байрын тамирчид SMP брэндийн дугуйны эмээлээр шагнуулсан байна.
Тэмцээнд Монголын тамирчдаас гадна гадны 80 тамирчин хүрэлцэн ирж, хурд хүрч, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдсөн бөгөөд гараанаас нийт 94 тамирчин гарч уралдсан боловч 66 нь бүх гараанд бариандаа орсон байна. Туулах замын хол ойр, бартаа зэргээс шалтгаалан гараа бүрт барианд орох цаг тогтоож, тэр цагаас хоцорсон тамирчин барианд ороогүйгээр тооцох дүрэмтэй байсан. “Дэлхийн дулаарлын эсрэг” уриан дор зохиогдсон тус уралдаан байгаль дэлхийгээ хайрлах, аль болох бага хор нөлөө учруулах үүднээс тэмцээнд оролцох тамирчдын тоонд ч хязгаар тавьж, дараа дараагийн уралдаанд энэ төвшнөө барих болно гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байлаа. Түүнчлэн цаашид тэмцээний нэр хүнд, чансааг өсгөж, UCI буюу Олон улсын дугуйн спортын холбооны календаржуулсан хөтөлбөрт “Mongolia Bike Challenge” уралдааныг албан ёсоор оруулах чин зорилго тавин ажиллаж байгаа юм.
Дашрамд сонирхуулахад, манай улсад ирж, уулын бартаат замын сорилд өөрийгөө сорьсон гадны тамирчид Монголын байгалийн гоо үзэмж, тамирчин хүний эрч хүч, хангалттай хэмжээний уураг, илчлэг зэргийг нэгэн зэрэг хангаж чадах монгол үндэсний хоол болоод тэмцээний зохион байгуулалт өндөр төвшинд болж өнгөрснийг онцолж байсан нь таатай сэтгэгдэл төрүүлж байлаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах “Mongolia Bike Challenge” хоёр дахь удаагийн уралдаан ирэх жилийн долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 14-ний хооронд болно.

С.Шүр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж