
Их зудны дараагийн жил буюу 2000 оны үед хүн амын энэ шинэ бүлэг 100 мянгад хүрч байлаа. Одоо 35 мянга орчим үлджээ. Харамсалтай нь тэд алт олж амьдрал нь дээшлээд ийнхүү тоо цөөрсөнгүй. Цөхрөл, гэмтэл, цогцсоо аваад л буцацгааж.
Албан мэдээгээр нийт 18 аймгийн 57 орчим сумын 100 гаруй цэгт 35100 орчим хувиараа ашигт малтмал олборлогч иргэд алт, жонш, нүүрс, гянтболд болон бусад ашигт малтмал олборлож байгаа ажээ. Хувиараа ашигт малтмал олборлогчдын 90 орчим хувийг алтны үндсэн ба шороон ордоос алт олборлогчид, долоон хувийг гянтболд, найман хувийг жонш олборлогчид, 0,3 хувийг нүүрс олборлогчид эзэлж байгаа гэнэ. Эдгээрийн 70-80 хувь нь хуучин талбайг, үлдсэн нь шинэ хөндөгдөөгүй талбайг ашиглан олборлолт явуулсаар байна.
Хэдий Ашигт малтмалын тухай хуулийн хоёрдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Гар аргаар болон бичил уурхайгаас ашигт малтмал ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна” гэж заасан байдаг ч энэхүү зохицуулах хуульгүйгээр олон жилийг өнгөрөөжээ. Бүр гурван парламент дамжин ярьсан ч баталж чадсангүй. Энэ хооронд хамгаалалт нэрээр бүлэглэл, зохион байгуулалтын шинэ хэлбэрийг бий болгожээ. Ийнхүү нинжа нарын дүрмээр тоглоцгоох болов. Тоглоомын золиосонд харин орон нутгийхан ч, өөрсдөө ч өртсөөр байв.
Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг зохицуулах, эрх зүйн орчинг бүрдүүлэхээр 2002 хойш оноос УИХ, Засгийн газар, УИХ-ын гишүүдээс удаа дараа хуулийн төсөл өргөн мэдүүлж байсан боловч мөнгөн ус болон цианит натри, тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэх болон далд уурхай, үндсэн ордыг ашиглах, хөдөлмөр аюулгүйн ажиллагааг хангах зэрэг маш олон ээдрээтэй асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй л байлаа.
Харин Засгийн газраас хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг 2008 оны 72 дугаар тогтоолоор баталсан нь тодорхой хэмжээнд эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд ахиц гарсан болох нь энэхүү журмын хэрэгжилтэд хийсэн үнэлгээнээс харагдсан болохыг дүгнэжээ.
Иймээс өнгөрөгч хаврын чуулганаар “Ашигт малтмалын тухай хуулийн “бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг хуулиар зохицуулна” гэсэн байсныг “журмаар зохицуулах бөгөөд журмыг Засгийн газар батална” гэх өөрчлөлт оруулав.
Өөрөөр хэлбэл “нинжа” нарын дүрмийг Засгийн газрын журмаар солихоор болсон хэрэг.
Асуудлыг бүрэн зохицуулахын тулд Газрын тухай хууль, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар болов.
Газрын тухай хуулийн өөрчлөлтөөр гар аргаар ашигт малтмал олборлох хүмүүсийг орон нутгийн захиргаа бүртгэнэ. Ингэхдээ өөрийн нутаг дэвсгэрт байнга болон түр оршин суугаа 18-аас дээш насны иргэдийг бүртгэн нөхөрлөл болгож газар олгож байхаар болжээ. Нэг сумын нутагт 10 хүртэлх нөхөрлөлд таван га хүртэлх газар олгож, нэг жилийн хугацаагаар гэрээ байгуулж гэрээгээ биелүүлсэн нөхцөлд нэг нэг жилээр сунгаж байхаар тусгажээ. Мөн бичил уурхайд 18 нас хүрээгүй иргэн, жирэмсэн эмэгтэйг ажиллуулах, хөдөлмөр аюулгүйн ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм зөрчих, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх хэрэгсэл ашиглахыг хориглосон байна. Мэдээж гол зөрчилдөөний эх болсон лицензтэй талбай дээр гар аргаар ашигт малтмал олборлохын тулд тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргаа, гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэд, лиценз эзэмшигчид гурвалсан гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулах боломжтой болгов.
Хууль тогтоогчид ийнхүү Засгийн газарт булзаж асуудлаас мултрах нь тэр. Гэхдээ зүгээр ч дамжуулалгүй будлиан хутгаад бас амжсан аж. Энэхүү будлианыг Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж батлахад гаргажээ. Хуулийн төсөлд хувиараа ашигт малтмал олборлогч иргэнээс 10800 төгрөгийн татвар авахаар байсан бөгөөд чуулганаар орж батлагдахаас өмнөх байнгын хорооны хурал дээр энэхүү тооцоог байж болох юм хэмээн олонхиор дэмжиж байж. Харин яг батлагдахдаа татварын хэмжээ 53000 төгрөг болж орхив. Огт татвар төлж үзээгүй “нинжа” нар, гар аргаар ашигт малтмал олборлогчид сар бүр энэ хэмжээний мөнгийг төлж чадахгүй нь ойлгомжтой. Угаасаа энэ 53 мянга гээчийг “төлөх боломжгүй байлгах” гэж тогтоосон тоо юм. Тус тоог баталсан чуулганы хуралдаан дээр юу болсныг эргэн саная.
2010 оны долдугаар сарын 7-ны өдөр. Хуралдааны танхимд “нинжа нараас татвар авбал дараагийн удаад биеэ үнэлэгч нараас авах хэрэг үү. Энэ асуудал үнийн дүндээ бус зарчимдаа байгаа юм. Хэрэв энэ төсөл энэ хэвээр батлагдвал Монголд алтны үйлдвэрлэл явуулагч нинжа нарын үйлдлийг албан ёсных болгоно. Ингэснээр төсөвт алт тушаах хүн үгүй болох аюултай” гэх шүүмжлэл гаргаж байв. Хуралдааны дэг ёсоор байнгын хороонд эсрэг гаргасан саналаар санал хураалт явуулдаг. Шүүмжлэгчдийн тэргүүн эгнээнд байсан Н.Батбаяр гишүүн “Бичил уурхай эрхлэгчийн төлөх татварын хэмжээ 53 мянган төгрөг болгох тухай эсрэг саналыг байнгын хорооны хуралдаанд оруулж ирэхэд түүний санал унасан тул чуулганы хуралдаанд уг саналыг “дэмжих боломжгүй” гэх томёоллоор санал хураалгахаар болжээ. Гишүүд сурцаараа “дэмжинэ” гэх кнопыг дарцгааж байнгын хороон дээр унасан саналыг дэмжин гаргаж ирэв. Санал өгсөн зарим гишүүд өгөх саналаа ойлгоогүй бололтой “юу гэсэн үг вэ” хэмээн бие биенээсээ асууж байв. Ямартаа ч алх цохисноос хойш асуудал шийдэгдэж “нинжа” нар сар бүр 53 мянган төгрөгийн татвар төлөхөөр болсон юм. “Тэмээ зурах гэж байгаа бол бөхийг нь зурахаа мартваа” гэх даапаалсан үг байдаг. Гэтэл бичил уурхай, хувиараа ашигт малтмал эрхлэгчдийн харилцааг зохицуулсан зохицуулалтын зарим хэсэг нь эсрэг зүйл болсноор “бөхгүй тэмээ” ийнхүү зурагдсан юм. Монголын хууль гурав хоног үйлчилдэг гэдэг. Тэгвэл журам огт үйлчлэхгүй гэсэн үг үү?
Б.Энхмандах