Дэлхийн бизнесийн мангасууд хэн бэ

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Дэлхийн бизнесийн мангасууд хэн бэ

Өнөөдөр дэлхийн эдийн засгийн байдалд санаа тавих уу, байгалийн ааш араншинд нэрвэгдсээр байгаа буурай орнуудын хүн амын ядууралд анхаарал тавих уу гэдэг хэцүү сонголт бидний өмнө тулгарч байх зуур дэлхийн эдийн засгийн төлөв байдалд ч эрс өөрчлөлт гарч үгүйдээ л хорин жилийн өмнөхөөс тэс өөр өнгө төрхтэй болсныг ярьж бичих болжээ.

Социалист байхаа больё

Германы эдийн засгийн гайхамш­гийг бүтээгч хэмээн нэрлэгддэг Людвиг Эрхард нэгэнтээ хэлэхдээ” Бид бүх нийтийн баялгийг бүтээж байна” гэж хэлжээ. Үнэхээр ч өнөөгийн Германы ажилчид дээд зэрэглэлийн нийгмийн халамжаар бүрэн хангагдсан байдаг. Гэвч цаг цагаараа байдаггүй аж. Нийгмийн ийм хангамжийг дагаж сайн бүтээгдэхүүн, үр бүтээл гардаг гэдэг суурь “хүмүүжил” одоо цагт хуучирч байна гэж шүүмжлэх дуу хоолой улам бүр л чангарч байгаа бололтой. Өнөө цагийн Германы банкир Уве Шрайх хэлэхдээ, “ Манай тэргүүний компаниудын ажилтнууд нийгмийн хангамжийн хамгийн дээд стандартыг тогтоож байна. Энэ нь үнэн хэрэгтээ аж ахуйн нэгжүүдийн ашиг орлогод муугаар нөлөөлж байгаа” гэжээ. Магадгүй Германы компаниудын хөрөнгө оруулалт, мөнгөний эргэлт нэмэгдэж байгаа ч олж байгаа ашиг нь түүнийгээ даган нэмэгдэхгүй байгаагаас энэ бүх яриа гарч байж болох юм. Тодорхой жишээн дээр авч үзэхэд өнгөрсөн онд дэлхийн томоохон компаиуд нэг еврог зарж 5.2 евроцентийн цэвэр ашиг олж байсан бол Германы компаниуд нэг еврогоос дөнгөж л 1.5 евроцентийн ашиг олж байжээ.
Хэрэв энэ харьцуулалтыг тодорхой зарим нэг аварга компаниудын ашигтай харьцуулбал германчууд сэтгэлээр бүр ч унахаар байгаа юм. Өнөө цагийн тэргүүлэгч нар болох АНУ-ын Аррle болон Оросын Газпром, мөн Английн Глаксо Смит Клайн болон Жонсон энд Жонсон гэх зэрэг эмийн үйлдвэрлэлийн гигантуудын олж байгаа 20 хувийн ашиг нь германы үйлдвэрлэгчдийн хувьд мөрөөдөл болж байгааг шинжээчид хэлэх болсон байна. Өнөөгийн дэлхийн бизнесийн ертөнц дэх шилдэг 50 компанийн 42-т нь л Германы шилдэг компани болох Siemens орж байна. Одоогийн . байдлаар тус компанийн зах зээлийн үнэ 70.8 тэрбум евро болж байгаа юм. Гэвч энэ үзүүлэлт мөн л Германы нэр хүндийг дээшлүүлж чадахгүй байна гэж Шпигель сэтгүүлд бичжээ. Учир нь АНУ-ын  Apple компанийн үнэлгээ түүнээс 2.5 дахин илүү болж байдаг атлаа эргэлтийн зардал нь 50 хувь бага байдаг. Өөрөөр хэлбэл Siemens компанийн зарцуулж байгаа зардлын хагаст ч хүрэхгүй бага хөрөнгөөр  Apple түүнээс гурав дахин их ашгийг олж чадаж байгаа нь гайхалтай. Энэ бүхэн юуг харуулж байна вэ гэвэл зөвхөн Герман ч биш өрнөд Европт бизнесийн хувьсгал хийх цаг нэгэнт болсон гэсэн үг аж.
Дэлхийн шилдэг 50 компанийн жагсаалтад Европын найман компани л багтаж байгаа нь өнгөрсөн жилийн үзүүлэлтээс ганцаар л ахисан гэсэн үг юм. Нэгэн үе экспортоороо тэргүүлэгч болж байсан дэлхийн бизнес дэх герман “машин”-ы хурд яагаад ийнхүү саараад байгааг тайлбарласан олон шүүмж байгаа ч хамгийн үнэмшилтэй хоёр дүгнэлт байдаг гэнэ. Нэг нь АНУ зэрэг орнуудтай адил байнга цус сэлбэх буюу үргэлж шинээр бизнесийн өрсөлдөгч залуу компаниуд бий болох болмж  өрнөд Европ тэр дундаа Германд бараг байдаггүйтэй холбоотой гэх шалтгаан юм. Зуун зуунаар үргэлжилсэн түүх бүхий томоохон компаниуд дээрээ тулгуурласан Германд бизнесийн шинэ хүчтэй урсгал, өрсөлдөгч нар  гарч ирэхгүй байгаа нь ийнхүү бизнесийн хурд болон хөгжлийг нь сааруулж байна гэж үзэх болжээ.
Мөн бизнест зарж байгаа зардал болон эргээд олж байгаа ашиг хоёрын хэт тэнцвэргүй үзүүлэлтүүд АНУ, Хятад зэрэг орнуудын үсрэнгүй хөгжлийг гүйцэхэд саад болсоор байгаа аж. Тэгээд ч Германчууд бизнесээрээ Европт ч байр сууриа алдаж байгаа бололтой. Европын хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүдээс харахад өнөөдөр Их Британи 900 тэрбум еврогийн  хөрөнгөтэйгээр тэргүүлж удаад нь Франц 500 тэрбумтай,харин Герман ердөө л 300 тэрбум еврогийн хөрөнгийг бүртгүүлжээ. Зарим нэг эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Британийн ВНР болон Швейцарийн Nestle комдпаниудын санхүүгийн үнэлгээ Германы арван том компанийн үнэ цэнийг нийлүүлснээс илүү гарч байх болсон байна.  

Тэгвэл өнөөдөр хэн түрүүлж байна вэ

Бизнесийн ертөнцийн манга­суудын чансааг ярих болоход ихэнхдээ хөрөнгийн эргэлтийх нь хэмжээг авч үздэг зуршил байдаг. Гэвч эргэлтийн хэмжээ нь их боловч олж байгаа ашиг орлого нь харьцуулсан дүнгээр бага байдаг тохиолдол сүүлийн үед элбэг болж байгаа тул орчин үеийн бизнесийн хурд болон эрсдлийн өсөн нэмэгдэж буй заналхийллийн нөлөөгөөр олж байгаа ашгийг нь илүүтэй дүгнэж харах хандагатай болж ирлээ. Өөрөөр хэлбэл тухайн компанийн эзэмшигчдийн хувьд олж байгаа ашиг нь хэдий чинээн их байна төдий хэмжээгээр хувьцаа эзэшигчдэд ашиг төлж, мөн хөрөнгө оруулах боломж олдох тул энэ үзүүлэлтийг компанийнхаа том жижгийн тодорхойлолт болгон харж байх болжээ.  Тэгэхдээ одоо ямар компаниуд тэргүүлж байгааг харахын тулд эргэлтийн хэмжээг нь авч үздэг уламжлалаар эхлээд харъя.
Бизнест оруулж байгаа хөрөнгийн эргэлтээрээ нефтийн магнатуудын хэсэгхэн хугацааны ноёрхлыг өнгөрсөн онд эцэс болгож чадсан жижиглэнгийн худалдааны сүлжээ Wall-Mart дахин тэргүүлж эхэллээ. Одоогоор тус сүлжээний хөрөнгийн эргэлт 292 тэрбум еврод хүрч байна. Нөгөө талаар Wall-Mart нь 2.1 сая хүнийг ажиллуулдаг тул хамгийн том ажил олгогч болж байгаа билээ.
Одоо хамгийн их ашиг орлоготой компаниудыг харъя. Манай хойд хөршийн нефть хийн аварга компани болох Газпром бизнесээс олж байгаа орлогоороо дэлхийд тэргүүлж байна. Зөвхөн өнгөрсөн онд тус компанийн олсон цэвэр орлого гэхэд 18.1 тэрбум еврогийн хэмжээтэй болж байжээ. Энэ нь ардаа байгаа компаниудаас илт тасарсан үзүүлэлт юм. Тус компанийн ард яваа Royal Dutch Shell хэдийгээр Газпромоос хоёр дахин их хөрөнгө бизнестээ эргэлдүүлж байдаг ч ашиг орлогын хувьд Газпром-ын олсны хагаст нь ч хүрэхгүй байгаа аж. Үүнийг өрнөдийнхөн тайлбарлахдаа Оросын нефть болон хийн орд газрууд дахь нөөцийг гаргаж авахад зардал багатай бөгөөд Орос ажилчдын авч байгаа цалингийн хэмжээ АНУ болон өрнөдийнхний авч байгаатай харьцуулшгүй бага байдагтай холбоотой гэнэ. Газпром өнөөгийн байдлаар 386 мянга гаран ажилчидтай бөгөөд энэ нь түүнтэй өрсөлдөгч Royal Dutch Shell болон Exxon Mobile,British Petroleum гурвын ажилчдыг нийлүүлснээс ч олон  гэсэн үг.
Хөрөнгийн зах зээл дээрхи тэргүүлэгчээр АНУ-ын нефтийн бизнесийн хаанчлагч болох Exxon Mobile орж байгаа аж. Одоогоор энэ компанийн нэгж хувьцааны үнэ 47.5 евро байгаа бөгөөд нийтдээ хөрөнгийн бирж дээрхи хувьцааны нийт үнэлгээ нь 223 тэрбум евро болж байгаа юм. Өнөөгийн байдлаар түүнтэй энэ тэнцэх үнэтэй компани энэ дэлхий дээр алга.Түүний араас өнгөрсөн онд тэргүүлэгчийн байр сууриа алдсан Петро Чайна орж байгаа юм. Мөн л уул уурхайн баялаг олборлолтын мангас хэмээгддэг энэ компани Хятадын хөрөнгийн биржүүдийн алдагдлаас болж өнгөрсөн жил 45 тэрбум еврогийн алдагдал орсон байна. Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээрх “цаг агаарын” өөрчлөлтөөс болж дахин алдагдал хүлээх магадлалтай гэгдэж буй.
Хамгийн шилдэг амжилтын үзүүлэлтээр Өмнөд Солонгосын Хьюндай Моторс болон LG концернийн нэгдэл өнгөрсөн жил 54,9 тэрбум еврогийн эргэлтийн хөрөнгөөр 1.8 тэрбум еврогийн ашиг олж чадсан байна. Тэдний автомашины зах зээл зэргээс олсон энэ ашгийн хэмжээ нь дээрхи топ 50-д багтсан Германы Фольксваген,BMW, Daimler Benz гурвын олсон ашгийг нийлүүлснээс ч их байгаа юм.  Ингэснээрээ тэд дэлхийн топ 50 компанийн жагсаалтад багтаж чаджээ.
Тэгвэл хамгийн богино хугацаанд хамгийн амжилттай ажиллаж огцом ахисан компаниар АНУ-ын программ хангамж, өндөр технологийн Apple компани орж байгаа юм. Тус компани 31,4 тэрбум еврогийн эргэлт бүхий бизнесийн үйл ажиллагаанаасаа 6.1 тэрбум еврогийн орлого олж нэг жилийн дотор топ 50 компанийн жагсаалтад үсрэнгүй амжилт гаргаж чаджээ. Тэгэхдээ бүр 19-р байрнаас 3-р байр хүртэл суга дэвшиж чадсан нь тус компанийн шинэлэг санаа, бизнесийн оновчтой шийдлүүдийн амжилт байсан гэж  хэлж болно. Өнөөдөр зах зээл дээрхи үнэлгээгээрээ өндөр технологийн хамгийн баян компани нь Apple болж  байгаа билээ. Түүний хөрөнгө одоогоор 181 тэрбум еврогийн хэмжээнд хүрч байгаа юм.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж