Сургалтын төлбөрийг төрөөс шийдвэрлэх нь сайн талтай

Хуучирсан мэдээ: 2010.08.21-нд нийтлэгдсэн

Сургалтын төлбөрийг төрөөс шийдвэрлэх нь сайн талтай

Засгийн газар оюутны сургалтын төлбөрийг “Хүний хөгжил сан”-аас төлөхөөр шийдвэрлэсэнтэй холбогдуулж бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Р.Болдтой ярилцлаа.

-Ерөнхийлөгч “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хууль” санаачлан өргөн барьсан. Энэ хуулийн үзэл санаа нь сая Засгийн газраас гарсан шийдвэртэй зарчмын хувьд ижил үү?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхнаасаа оюутны сургалтын төлбөр, тэтгэлгийг төрөөс шийдэх асуудлыг тууштай тавьж байсныг та бүхэн мэднэ. Ерөнхийлөгч энэ тухай сонгуулийн үеэр тодорхой санал дэвшүүлж, ажилдаа орсныхоо дараа цаг алдалгүй хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулсан.

Төрөөс  оюутны сургалтын төлбөрийг шийдвэрлэх нь,  зөвхөн өрх бүлийн эдийн засгийн дарамтыг арилгаад зогсохгүй, дээд боловсролын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, монголын боловсролын системыг дэлхий нийтийн жишигт хүргэх сайн үр дагавартай. Хуулийн үзэл баримтлал ч ийм байгаа. Хуулийн төслийг энэ оны 6-р сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Засгийн газар оюутны сургалтын төлбөрийн асуудлыг “Хүний хөгжил сан”-ийн хүрээнд шийдэж байгаа нь сайн хэрэг.

-Энэ хууль батлагдах нь олон талын сайн үр дагавартай гэдэг нь ойлгомжтой. Хуулийг боловсруулах хүрээнд та бүхэн яаж ажиллав ?

-Ерөнхийлөгч, УИХ-ын намрын чуулган дээр  “Дээд боловсрол, коллежийн төвшинд оюутны тэтгэлгийн асуудал, санхүүжилтийг зөв, ирээдүйтэй хэлбэрээр шийдэх нь энэ салбарын хөгжлийн нэг түлхүүр. Нөгөө талаар оюутны сургалтын төлбөр бол манай иргэд, айл өрхийн орлого, зарлагад бодитой нөлөө үзүүлдэг хүчин зүйл байсаар байгаа юм. Энэ чиглэлээр өргөн хэлэлцүүлэг явуулж, олон талын судалгаа хийж сургамж, туршлага үзэж ул суурьтай ажиллах болно гэж “амлаж” байсан.  Өнгөрсөн онд байгуулагдсан ажлын хэсэг маш их судалгаа хийж, хөдөө орон нутгийг хамарсан санал асуулга явууллаа. Дэлхийн бусад орны туршлагыг судалсан.  “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай” хуулийн төсөл нь  6 бүлэг, 19 зүйл, 165 заалттай хууль байгаа.

Хуулийн төслийг БСШУЯ-ны сайд, удирдлагад танилцуулж санал, зөвлөмжийг нь тусган “Иргэний танхим”-аар энэ оны 3-р сарын нэгэнд хэлэлцүүлж байсан. Маш олон иргэд бидэнд биеэр болон бичгээр санал хүсэлтээ ирүүлснээс бид тодорхой саналуудыг хуулийн төсөлд тусгасан байгаа.

-Төрөөс сургалтын төлбөрийг төлөх нь учир дутагдалтай гэж шүүмжилдэг. Зөвхөн төлбөр төлөхөөс өөр ямар хэлбэрээр дээд боловсролыг дэмжиж болох вэ?

-Сонголт бий болгох хэрэгтэй. Жишээлбэл, гадаад улсад өөрийнхөө зардлаар амжилттай сураад эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ тодорхой хугацаанд тогтвортой ажилласан бол тухайн сургалтын зардлыг нөхөж олгох хэлбэр байж болох юм. Хуулийн төсөлд туссанаар, магадлан итгэмжлэгдсэн сургуульд сурах бол сургалтын төлбөрийн 50 хувийг улсын төсвөөс олгох юм. Суралцагсад сурлагын өндөр амжилт гаргасан бол төлбөрийг 100 хувь төрөөс тэтгэнэ. Энэ хуулийн төсөлд байгаа бас нэг чухал санаа бол орон нутгийн байгууллагууд өөрийн хөгжлийг дэмжих зорилгоор бүсийн болон нутгийн захиргааны тэтгэлэг бий болгож,  орон нутгийн байгууллагын захиалгаар сурч байгаа бол тэр тэтгэлгийг авах гэсэн шинэ санаа байгаа. Мөн  оюутны “цалин” гэж байж болно. Тэр ч байтугай оюутны хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг, удирдлага, зохион байгуулалт, цаг цалин гэхчилэн энэ хуулийн төсөлд тусгайлан тусгасан байгаа.

 Энэ мэтчилэн сургалтын төлбөр,  тэтгэлэг, тэтгэмжийг шийдэж болох маш олон чухал шийдлүүд энэ хуулинд байгаа.

-Уул уурхайн орлогоос оюутны сургалтын төлбөрийг шийдвэрлэх нь  дэлхий дахинд байдаг жишиг. Та бүхний боловсруулсан хуулийн төсөлд энэ тухай тусгасан уу?

– Тодорхой заалт бий.  Уул уурхайн орлогоос тусгай сан байгуулж, дээд боловсролд зарцуулдаг энэ хэлбэр манай улсад хэрэгжиж эхэлж байна. Дахин хэлэхэд,      хууль УИХ-аар батлагдвал Монгол Улсын дээд боловсролын санхүүжилтын тогтолцоог боловсронгуй болгох, санхүүгийн олон эх үүсвэрийг дэмжих,  суралцагчдад олгох тэтгэлэг, тэтгэмжийн арга, хэлбэрийг олон хувилбартай болгох, түүгээр дамжуулан  дээд боловсролын үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлнэ. Түүнчлэн өрхийн, ялангуяа хөдөөгийн малчин өрхийн ядууралд тодорхой нөлөөлөл үзүүлж, айл гэрийн төсөвт томоохон дарамт болж буй хүүхдийн сургалтын төлбөрийн ачааллыг хөнгөрүүлэхэд тустай гэж үзэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж