270 мянган га-д буудай тариалжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.21-нд нийтлэгдсэн

270 мянган га-д буудай тариалжээ

“Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар ХХААХҮ-ийн дэд сайд Жанимхааны Саулетэй ярилцлаа.

-“Атрын гурав дахь аян”-ыг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрч байна?

-Энэхүү хөтөлбөрийг 2008-2010 онд хэрэгжүүлснээр газар тариалангийн салбарт эрх зүй, эдийн засаг, техник, технологийн шинэчлэл хийгдэж хүн амыг дотооддоо үйлдвэрлэсэн аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангах боломж бүрдлээ. Улмаар дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, тариаланчид, механикжуулагчид, ногоочдын залуу халааг бэлтгэх, хөдөөд ажилгүйдэл ядуурлыг бууруулахад бодитой үр дүн гарч байгаа гэж ойлгож байгаа. Хөтөлбөр нь зөвхөн газар тариалангийн салбарт төдийгүй малын тэжээлийн үйлдвэрлэлийг сэргээж, улмаар эрчимжсэн мал аж ахуйн салбарын хөгжилд чухал түлхэц өгч мах, сүү, өндөгний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд ч чухал нөлөө үзүүлэх болно. Дэлхийн зах зээл дээр гурил, буудайны эрэлт хэрэгцээ нэмэгдэж, үнэ нь жилээс жилд өсөж байгаа өнөөгийн нөхцөлд манай орон хүний гар гарахгүйгээр өөрсдөө гурил, буудайгаа дотооддоо хангаж  байгаа нь энэ хөтөлбөрийн  нэг гол  ач холбогдол гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Уналтад орсон газар тариаланг дахин сэргээж, хөл дээрээ босгоход С.Баяр даргын Ерөнхий сайдын ажлыг хүлээн аваад дэвшүүлсэн таван төгөлдөршлийн нэг болох “Атрын  гурав дахь аян”-ы үүрэг, ач холбогдол үнэлж баршгүй гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ бол өнөөдөр бодит биеллээ олж, манай улсын түүхэнд үлдэх томоохон үйл явдал юм.

-“Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг зарим тоо баримтаар илэрхийлээч гэвэл…

-Импортоор авч байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрлэлийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын “Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийг 2008 онд УИХ-аар батлан, хэрэгжилтийг зохион байгуулж байна. Аж ахуйн нэгж, иргэдэд эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор тариалангийн бүсийн аймгуудад тус бүр 1.0-2.0 тэрбум төгрөгийн төсвийн итгэлийн зээл олгосны зэрэгцээ хүүгийн хөнгөлттэй зээлд 103 төслийг хамруулж, 10.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байгаа.Тодорхой хэмжээний үрийг шатахууны хөнгөлттэй үнээр олгосон. Аяныг хэрэгжүүлэх гарааны эхний жилд техникийн шинэчлэл хийхэд онцгойлон анхаарч 120-170 морины хүчтэй 140 ширхэг трактор, үр тарианы 41 комбайн, 35 морины хүчтэй 80 ширхэг төмсний иж бүрдэл бүхий трактор, 182 ширхэг хөдөө аж ахуйн чиргүүл дүүжин машиныг нийлүүлж, үнийг нь 50 хувиар чөлөөлөн 3 жилд багтаан төлөх нөхцөлтэйгээр 160 аж ахуй нэгжид олгосон. Яриад байвал хийсэн зүйл их байна. Энэ амжилтуудыг 2007 оны ургацтай харьцуулахад үр тариа 91.2 мянган тонноор, төмс 28.5 тонноор, хүнсний ногоо 1.5 мянган тонноор тус тус нэмэгдэж, жилийн хэрэгцээт буудайны 50 хувь, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 49 хувийг тус тус дотоодын ургацнаас хангасан байгаа.

Энэхүү тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2008 онд нийтдээ 32.7 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан байна. 2009 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд Засгийн газрын 12 дугаар тогтоол гарч, Үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх чиглэлээр 2009 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан.

Улаанбуудайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тариаланчдад эргэлтийн хөрөнгийн дэмжлэх үзүүлэх зорилгоор “Тариалангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, буудайнд мөнгөн урамшуулал олгох тухай эрх зүйн үндсийг бүрдүүлсэн.

“Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд 3 ангиллын 292 зүтгэх хүчний трактор, 74 ширхэг үр тарианы комбайн, 256 ширхэг хөдөө аж ахуйн чиргүүл, дүүжин машиныг аж ахуйн нэгж, иргэдэд 20-30 хувийн урьдчилгайтайгаар олгосон. 11 аймгийн 22 суманд техникээр үйлчилгээ үзүүлэх дундын нэгжийг байгуулснаар 4000 гаруй ногоочдын гар хөдөлмөрийг механикжуулсан. 46 мянган тоннын багтаамжтай хоёр элеваторыг Сэлэнгэ, Булган аймагт ашиглалтад оруулах ажлыг эхлүүлсэн.

Улаанбаатар хотод хүлэмжийн төрөлжсөн аж ахуйн нэгжүүдийг байгуулахад зориулан нийт 43,2 мянган метр квадрат талбай бүхий 310 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосноор таримлын нэр төрөл нэмэгдэх, зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний тоо, хэмжээ өсөхөөр байна.
Услалтын системийг шинээр барих, сэргээн засварлах ажилд Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлсний үр дүнд усалгаатай талбайн хэмжээ 5.3 мянган га-гаар нэмэгдэж 31.1 мянган га-д хүрэх боломж бүрдлээ.

Хөтөлбөрийн хэрэгжилтийн суурь он болох 2007 оны ургацтай харьцуулахад үр тариа 278.3 мянган тонноор, үүнээс улаан буудай 280.1 мянган тонноор, төмс 42.2 мянган тонноор, хүнсний ногоо 2.3 мянган тонноор тус тус нэмэгдэж, жилийн хэрэгцээт буудай 97 хувь, төмсний 100 хувь, хүнсний ногооны 50 хувийг дотоодын ургацнаас хангав.

-2010 онд дэвшүүлсэн зорилт юу байна. Учир нь улаанбуудайн талаарх яриа идэх талх, гурилтай холбоотой болохоор анхаарлын төвд байгаа.

-2010 онд 282.2 мянганд га-д үр тариа, үүнээс 270 мянган га-д буудай, 13.2 мянган га-д төмс , 7.1 мянган га-д хүнсний ногоо, 12.2 мянган га-д малын тэжээлийн ургамал тариалж 410 мянган тонн үр тариа, 158.5 мянган тонн төмс, 93.3 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авч улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангахын зэрэгцээ 274.3 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэнэ.

“Улаанбуудай, гурилын импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлэх тухай” “Газар тариалангийн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, танилцуулгыг боловсруулан холбогдох яамдаас санал авч УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлээд байгаа. “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хүрээнд үрийн чанарыг сайжруулах зорилгоор 2.0 мянган тонн Алтайский 99, 100 сортын элит үрийг импортоор нийлүүлж 30 хувийн урьдчилгайтай олгосон.

Архангай, Гоь-Алтай, Увс аймгуудад газар тариалангийн загвар аж ахуйн нэгж байгуулж тус бүр 10.0 мянган га эргэлтийн талбайг ашиглалтад оруулах зорилгоор техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсний зэрэгцээ 11 аймгийн 26 суманд техникийн дундын үйлчилгээний аж ахуйн нэгжийг шинээр байгуулж, холбогдох техник тоног төхөөрөмжийг олгож эхэлж байна. Үтрэмийн аж ахуйд техникийн шинэчлэлийг хийж үр цэвэлэх болон ачих машин, технологийн дэвшилд нийцсэн агуулах барьж ашиглалтанд оруулах зорилгоор 100 тоннын багтаамжтай 60 ширхэг босоо төмөр агуулах нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. “ Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 230 иж бүрдэл, 30.0 мянган м2 талбай бүхий нийлэг хальсан хүлэмж нийлүүлж хүлмэжийн төрөлжсөн аж ахуй байгуулах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлттэй нөхцөлөөр олгоод байна. Улсын төсвөөср хөрөнгө оруулалтын дэмжлэгээр 700 га талбайг услах хүчин чадалтай услалтын системийг сэргээн засах, 1150 га талбайг услах хүчин чадалтай 20 услалтын систем, 300 га талбайг услах 34 жижиг услалтын системийг тус тус шинээр барихад нийтдээ 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлж 2150 га талбайг усжуулах арга хэмжээ авч байна.

Халх голын бүс нутагт хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх мастер төлөвлөгөөний дагуу “ Халх гол” төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, уг төслийг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн Ерөнхий сайдын захирамжаар байгуулан шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.

Цаашдаа “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн техник тоног төхөөрөмжийн шиниэчлэлийг үргэлжүүлэх, үтрэм, агуулахын аж ахуйг хөгжүүлэх, таваарын буудайн чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, улмаар газар тариалнанг экспортын чиг баримжаатай салбар болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгаа.

         

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж