Шинээр олдсон орд Угандаг өөрчилж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Шинээр олдсон орд Угандаг өөрчилж магадгүй

Угандад шинээр газрын тос олдсон нь хүн амынх нь гуравны нэг нь амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой тус улсад өмнө байгаагүй их орлого авчирж магадгүй гэж “CNN” агентлаг мэдээлж байна. Хоёр тэрбум гаруй баррель газрын тосны нөөц байгаа нь батлагдаад байгаа тул тус улс тун удалгүй гадны томоохон хөрөнгө оруулалтуудыг татах хандлагатай байна. Тус улсад үйл ажиллагаа явуулахыг сонирхож байгаа гадаадын компаниудаас хамгийн том нь Их Британийн “Tullow Oil” компани бөгөөд тус улсад олон зуун сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа. 2011 оны эцэс гэхэд анхны газрын тосны олборлолт хийгдэх болно гэж тус компани мэдэгдсэн байна.

“Энэ нөөц бол Угандагийн хувьд үнэхээр том зүйл. Жил бүр хоёр тэрбум ам.доллар оруулж ирэх дэлхийн хэмжээний том ордын талаар бид ярьж байна. Угандагийн өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулж үзвэл энэ бол асар том зүйл” гэж “Tullow’s” компанийн менежер Брайан Гловер “CNN” агентлагт ярьжээ.

Угандад газрын тосны нөөц байгаа талаар 1930-аад оноос эхлэн таамаглаж байсан ч сүүлийн үед л “Tullow” болон бусад компаниуд илрүүлсэн юм. Илрүүлсэн газрын тосны ордны нөөцийн дийлэнх нь Бүгд Найрамдах Конго улстай хиллэдэг Альбертин сав газрын дагуу байсан байна. Угандагийн асар их газрын тосны нөөц тус улсын эдийн засагт маш том нөлөө үзүүлэх бололцоотой гэж эдийн засагчид үзэж байгаа ч ил тод бус улс төр энэ их баялгийг хаашаа юуруу чиглүүлэх бол гэсэн болгоомжлол бас байсаар байна. Тус улсад авлига их газар авсан бөгөөд авлигатай тэмцэх явдал бага байна гэж Европын Холбоо саяхан гаргасан тайландаа өгүүлж байжээ.


Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж