Францаас цыгануудыг хөөн гаргаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.08.20-нд нийтлэгдсэн

Францаас цыгануудыг хөөн гаргаж эхлэв


Фото ©AFP

Франц өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн Румын ба Болгаруудын цыгануудыг нутгаасаа гаргаж эхэлжээ. Румыны цыгануудыг ачсан эхний онгоц өчигдөр Бухарестад буусан байна. Энэ өдөр нийт хоёр нислэгээр 93 хүн нутагтаа хүргэгджээ.

Сарын эцэс хүртэл Румынд 292 хүнийг буцаах гэнэ. Засгийн газар нийтдээ 700 хүнийг нутгаасаа гаргахаар шийдээд байгаа ажээ.

Францын эрх мэдэлтний хэлснээр тэднийг сайн дурын үндсэн дээр нутаг буцааж байгаа ба буцаж байгаа насанд хүрсэн хүн бүрт 300 евро хүүхэд бүрт 100 еврог тус тус өгч байна. Тэднийг буцаах ажлыг тэдний амьдарч байсан хууль бус лагеруудыг буулгахтай давхцуулан хийж байна. Одоогоор 50 орчим тийм сууринг буулгасан ба дахиад 250 орчим тийм лагерийг буулгах юм байна.

Хууль бусаар Францад амьдарч байгаа цыгануудыг буцаах талаар ерөнхийлөгч Николя Саркози долдугаар сарын сүүлчээр хэлсэн билээ. Саркозийн Засгийн газрын цыгануудын эсрэг авч байгаа арга хэмжээг Европын хүний эрхийн төлөө тэмцэгчид “фашист” гэж нэрлэж байна.

Хэдэн зуун мянган франц цыгануудаас гадна Зүүн Европын Румын, Болгарын 15 мянган цыган Францад амьдарч байна. Өнгөрсөн жилд зүүн Европын 10 цыганыг нутаг буцаасан боловч тэдний ихэнх нь эргэн ирцгээсэн байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж