
Иргэд хичээлийн хэрэглэл, сургалтын материалын үнэ ханшийг ихээр хөөрөгдөж байна гэж ярьж байгаа. Бизнес эрхлэгчид хичээлийн хэрэглэл, сургалтын материалын үнийг үндэслэлгүйгээр нэмж байгаа нь зохисгүй. Үүн дээр анхаарал тавьж, зохих арга хэмжээг авах ёстой. Орон нутагт ажиллаж байхад тавьсан бас нэг шаардлага нь ажлын байрны асуудал. Иргэдээ ажлын байраар хангах боломж, нөхцөл бүрдэж эхэлж байна. Томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжих үед шаардлага хангасан нарийн мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй болно. Тиймээс энэ ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг даалгавар өгөгдсөн. Тухайлбал, 3300 хүнийг Оюутолгой төслийн хүрээнд сургалтад хамруулна. Иргэдээ мэргэшүүлж, бүтээн байгуулалтад оролцуулах ажлыг хугацаа алдахгүй хийх хэрэгтэй юм. Энэ ажлыг зохион байгуулахдаа аймаг орон нутаг, сум дүүргээр нь квотлон хэрэгжүүлнэ.
Засгийн газраас инфляцийн төвшинг барихыг хичээж байгаа ч дунджаар 13 хувьд хүрэх хандлага байна. Тиймээс их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг инфляцийн төвшингээс дээш гаргахгүй байх. Ялангуяа төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөрт түлхүү анхаарал тавьж, судалж үзэх хэрэгтэй байна. Их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн нэмэгдэл ямар үндэслэлээр тавигдсаныг шалгаж, сургалтын төлбөрийг зохих түвшинд барих үүрэг даалгавар өгч байна” гэлээ.
Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр “Бид их, дээд сургуулиудад албан ёсоор мэдэгдэл хүргүүлж эхэлсэн. Төрийн өмчийн их, дээд сургуулиудад энэ мэдэгдэл очсон”.
Яамны төвшинд ажлын хэсэг байгуулагдсан, ажиллаж байна. Их, дээд сургуулиуд төлбөрийн ханшаа бүгд ирүүлж амжаагүй байна. Бид Үндэсний статистикийн газраас оны инфляцийн дундаж төвшинг албан ёсоор гаргасан. Энэ төвшингээс дээш нэмэхгүй байх, төлбөрөө нэмсэн сургуулиуд үндэслэлтэй тайлбар өгөх, үндэслэлгүйгээр инфляцийн төвшнөөс илүү гаргаж төлбөрөө нэмсэн сургуулиудад хариуцлага тооцох арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Ерөнхий боловсролын дунд сургуулийн хувьд сурах бичгүүд өнгөрсөн оны үнээр сурагчдын гарт хүргэнэ. Хэвлэлийн компаниудад сурах бичгийн үнийг өнгөрсөн оныхоос өсгөхгүй байх ёстой гэдэг мэдээллийг хүргүүлсэн. Харин Оюутолгой төсөлд ажиллах 3300 хүнийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сургахдаа Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийг баримталж, “Оюу толгой” ХХК-тай хамтарч ажиллана. Монгол Улсын Ерөнхий сайдыг орон нутагт ажиллахад ажлын байрны асуудал, мэргэжилтэй ажилтан бэлтгэх тухай асуудал ихээр хөндөгдсөн. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, хүн бүр энэ төсөлд хамрагдана гэж ойлгож болохгүй. Бид сурлагын байдал, ажилд хичээнгүй чанар зэргээр нь иргэдээс шалгалт авна. Үүнээс гадна уул уурхайн үндэсний зөвлөлийн шугамаар бэлтгэгдсэн хүмүүсээ бусад компаниудад ажилд орохыг санал болгож байна. Нийслэлийн дүүргүүдэд энэ ондоо багтааж элсэлт авна” гэлээ.
Г.ДАРЬ