Мөн түүнчлэн их дээд сургуулиудын сургалтын төлбөрийг инфляцын дундаж төвшингөөс дээш гаргахгүй байх, ялангуяа энэ зарчим төрийн өмчит их дээд сургуулиудад илүү үйлчлэх ёстойг Ерөнхий сайд сануулж байв. Иргэдэд хамгийн гол нь дарамт учруулахгүйгээр зохион байгуулахыг үүрэг болгож байлаа.
Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр яригдсан бас нэг том асуудал нь ажлын байрны хүсэлт байсан. Тэднийг ажлын байраар хангах боломжийн талаар Засгийн газрын тэргүүн мөн хөндлөө. Эхний ээлжинд Оюутолгой төсөлд 3200 хүнийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд монгол ажилчдаа бэлдэх боломжийг цаг алдалгүй зохион байгуулах үүрэг ч энэ үеэр өгөгдлөө.
Харин БСШУ-ны сайдын хэлснээр их дээд сургуулиудын сургалтын төлбөрийг есдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаагаар бодох тухай Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулж их дээд сургуулиудад мэдэгдлээ хүргүүлээд байгаа юм байна. Зарим их дээд сургууль төлбөрөө авчихсан байгаа учир буцаан олголт хийх үүргийг өгчээ. 100.000 орчим оюутан бүртгэгдсэн учир энэ тал дээр нэлээн хүч гарган ажиллаж байгаа аж. Төлбөрийнхөө талаар их дээд сургуулиуд мэдээгээ бүрэн гүйцэт ирүүлээгүй байгааг Ё.Отгонбаяр сайд хэлж байв. Инфляцийн дундаж түвшнээс нэмэхгүй байх, нэмсэн тохиолдолд үндэслэлтэй тайлбар авахаа БСШУ-ны сайд мэдэгдэж байсан. Үндэслэлгүй нэмсэн тохиолдолд Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу хариуцлага тооцох болно гэдгээ ч дурдлаа. Харин хичээлийн хэрэгслийн хувьд эцэг, эхчүүдэд хүрэх сурах бичиг өнгөрсөн оны үнээр хүрэх юм байна.
Оюутолгой төсөлд ажиллуулах мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд бэлтгэх 3200 ажилтны тухайд энэ компанитай ярилцан, эргэж мэдээлэх тухайгаа дурдаад тухайн хүний чадварыг илүү харж үзэх учраас иргэд бүгд орчихно гэж бодож болохгүйг анхааруулж байв. Өөрөөр хэлбэл тэднээс шалгалт авах аж. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн үндэсний зөвлөлийн уул уурхайн салбар зөвлөлийн шугамаар бэлтгэгдэж буй иргэдийг бусад компанид ажилд оруулах асуудлыг ч зохион байгуулж байгаа юм байна. Ажилчдыг бэлтгэхдээ аймаг орон нутаг, нийслэл дүүргээс тодорхой квотоор авах ажээ.
Эцэст нь Ерөнхий сайд С.Батболд энэ бүх ажил иргэдэд нээлттэй, ил тод, мэдээлэл нь зөв хүрсэн байх ёстойг анхаарууллаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ