
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг Бээжингийн олимпоос алтан медаль хүртэхэд Монголын төрийн өндөрлөгүүд биеэ ч цэгнэх чадваргүй Сүхбаатарын талбай дээр хөтлөлцөнхөн хөлчүүрхсэн удаатай. Энэ удаад сахилгын шийтгэл хүртэх нь холгүй япон эрд нударганы амт үзүүлснийхээ төлөө зодог тайлахаас өөр сонголтгүй болсон их аваргыг баярлуулах үүрэг ийн Ерөнхий сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болоод Монголын улс төр, бизнесийн нөлөө бүхий 100 хүнд ноогдож буй нь энэ.
Ийн хэллээ гээд Монголын нэрийг дэлхийд цуурайтуулсан их аваргыг гоочилдог энэ сэтгүүлч хэн бэ. Өчүүхэн хүний зангаар атаарахсандаа ингэж цаас үрж сууна гэх хүн гарах нь дамжиггүй. Иймэрхүү шүүмжлэл гарч л байдаг, гаргаж л байдаг нь аль хэдийнэ жам ёсны болсон гэхэд хилсдэхгүй. Гэсэн ч энэ бол хэлэх ёстой үг, хийх ёстой бичлэг гээд өөрийгөө хамгаалчихад буруудахгүй болов уу.
Учир нь олимпийн дөрвийн дөрвөн аваргатай улсын хувьд нэг улсын үндэсний бөхөөр хичээллэж, аагаа багтааж чадаагүйнхээ төлөө зодог тайлж буй Д.Дагвадоржийг онцгойлон ивээх шаардлагагүй гэдэгт итгэлтэй байна. Ааг омог хийгээд авгай хүүхний маргаанаар амжилтынхаа түүхийг зузаатгаж ирсэн түүний хажууд олимпийн аваргууд дуулгавартай дүү нь мэт бараадасхийн сууж байсан зураглал үнэндээ хөөрхийлөлттэй харагдаж байсан. Дэлхийн хэмжээнд нэрээ мөнхөлж, дэлхийн тамирчидтай өрсөлдөж ялалт байгуулсан тэднийг сумо бөхийн аваргаас дорд үнэлэх эрх бидэнд байхгүй. Гэтэл эрх мэдэлтэн хийгээд Асашёорюүг шүтэгчдийн хувьд юу яасан олимпийн аварга гэх маягийн үзүүлэх тоглолтыг олноос олон удаа хийдэг.
Сүүлдээ бүр утгаа алдаж Асашёорюүгийн Монголд хийх бизнесийнх нь зам нээлттэй байх ёстой гэдэг лоозон дэлгэрэв бололтой. Монгол хүнийхээ хувьд ураны лиценз эзэмшиж, ураны салбарт хүч үзэх гэнэ. Энэ тухайгаа “Би монгол хүн. Яагаад эх орондоо ураны орд эзэмшиж болохгүй гэж” хэмээн өөрийнхөө амаар хамгаалжээ. Ураныг монгол хүн эзэмших үү, гадаад хүн эзэмших үү гэдгээс илүүтэй дэлхийн энх тайванд аюул заналхийлэл учруулахгүй, улс орныг маань цацраг идэвхийллийн хөнөөлд устгачихгүй хүн л ашиглах хэрэгтэй. Түүнээс бус арван жилийн сахилгагүй бандиас их аварга хүртэл өссөн боловсрол нимгэн, баян чинээлэгтээ эрдсэн эрд ураны салбар үнэндээ хатуудах тоглоом байж болох л юм. Энэ бол сумо биш. Дээр нь түүний Ерөнхий сайдад гардуулсан жаазалсан урилгын цаана ч ямар эрх ашиг нуугдаж буйг тооцоолоод үзэхэд гэмгүй болов уу.
Өдгөө Монголын ураныг Орос, Япон гэсэн хоёр улс хамтарч ашиглах нь тодорхой болоод байгаа. Энэ нь Их аварга өөрийн сонирхлыг баталгаажуулах боломжтой гэсэн үг. Тэгэхээр албан ёсоор төрийн өндөр дээд хэмжээний урилгаар л өөр улс оронд айлчлах ёстой Ерөнхий сайд Японд энгийн нэг бөхийн хүсэлтээр очино гэхээр инээдтэй бас сонирхолтой санагдаж байна. Дээр нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга очино гэж байгаа. Иймд цаад талаас нь зодог тайлах урилгад очих хүндтэй зочдын эгнээнд багтсан бизнес эрхлэгчид нь Ерөнхий сайдтай уулзах хүсэлт гаргахгүй байна гэж байхгүй. Нэг ёсны энэ нь Их аваргын бизнесийг хөхиүлэн дэмжих, бартаа саадыг нь арилгах бодит дэмжлэг болж мэдэх юм. Мөн ах Д.Сумяабазар нь МАХН-аас нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж ялалт байгуулсан гэдгийг нь бодоод үзсэн ч гэр бүлийнхээ улс төрийн замналыг уртасгах сонирхол байхыг үгүйсгэх аргагүй.
Өнөөдөр хөлс, хүчтэй байлаа хүчтэнд тооцогддог үе аль хэдийнэ өнгөрчихсөн. Боловсрол мэдлэг, оюун ухааны хүч чадлыг үнэлдэг орчин үеийн монгол залуусын хувьд Асашёорюү бол нэг их шүтэж дээдлээд байх “үзмэр” биш. Мэдээж түүний сумогийн ертөнцөд гаргасан амжилтаар нь бахархах ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ Ерөнхий сайд эхнэрээ дагуулж их Наран улс руу найрлах гээд явах хэмжээний хүндэтгэл түүнд ахдана. Ядаж яагаад зодог тайлж, яагаад Монголдоо ирэхээс өөр аргагүй болсныг нь бодож үзэх хэрэгтэй баймаар.
Болоо ч үгүй монгол хүн гэдгээрээ түрээ барьж ураны салбарт бизнес хийнэ гэнэ. Спортод амжилт гаргасан хүн бүрт дуртай ордоо эзэмших эрх олгодог юм бол Бээжингийн олимпийн аваргуудад, Монголын нэрийг дэлхийд дарцаглаж яваа Х.Цагаанбаатарт стратегийн ач холбогдол бүхий ордоосоо нэг, нэгийг өгчихөд буруудах юм байхгүй. Учир нь тэдний амжилт Д.Дагвадоржийн дэргэд дэлхийд үнэлэгдсэн бахархал юм. Мэдээж энд мөнгөтэй төгрөгтэй, бэл бэнчинтэй гэдгийг нь харгалзаж үзэх хэрэгтэй л байх. Гэхдээ л бэлтэй айлын аархуу хүүд уран эзэмшүүлчихээд юунд нь найдах болж байна.
Тэр нэг л өдөр монголчуудын бахархал руу ус цацаж, өөрийгөө энэ улсын “хаан” гэвэл хэн тогтоон барих юм бэ. Үүнийг нь Японоос Монголд ирснийхээ дараахан Наран улсын талаар ямархуу гомдол унагаж байснаас нь харж болно. Амь амьдрал, алдар нэрийнх нь тоосгыг өрж өгсөн Япон улсыг тэрбээр хангалттай элдэвлэсэн. Их аваргын зангараггүй их аваргын өлмийд монголчууд удаан сууж чадахгүй л болов уу. Ерөнхийдөө их аварга асаалттай танк байж болно. Гэхдээ суусан газар бүртээ томорч, сул харагдсан бүхнийг өөрийн болгохоор зүтгэж, архины ширээний ард хүртэл Ерөнхий сайдыг дуудаад байх нь ч зохимжгүй байна.
Ядаж л гадуур үер болж, гурил будааны үнэ өсч, ирэх өвлийн хүйтэн хаяанд ирж өөрөөс тань өөр санаа тавих асуудал энэ Засгийн газарт хангалттай олон байгаа. Жирийн иргэдийн төлөө ажиллаж чаддаггүй гүйцэтгэх засаглалын тэргүүн жирийн бус санагдах таны төлөө Японыг зорьж, хундага тулгавал доромжлол гэгч тэр болох биз ээ, монголчуудын хувьд шүү дээ.
Г.ОТГОНЖАРГАЛ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин