Оюутолгойд нэмж 3300 иргэн ажиллуулна

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Оюутолгойд нэмж 3300 иргэн ажиллуулна

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандигаас Оюутолгой төсөлд ажиллах хүчин бэлтгэх асуудлыг тодрууллаа.

-Оюутолгойд ажиллах хүч бэлтгэх талаар иргэд нэлээд сонирхож байна. Гаргасан шийдвэрийн талаар тодруулахгүй юу?

-Засгийн газраас хөрөнгө оруу­лагчидтай байгуулсан гэрээнд Оюутолгой төсөлд мэргэжилтэй мон­гол ажилчид бэлтгэж ажиллуулах тухай заасан байгаа. Энэ ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тогтоол батлахаар боллоо. Тогтоол ёсоор орон нутагт ажилгүй байгаа 3300 залууг бүртгэн хамруулж, мэргэжил эзэмшүүлэн үйлдвэрийн бүсэд ажиллуулна. Монгол залуусыг зөвхөн ажиллуулаад зогсохгүй уул уурхай, бүтээн байгуулалтын чиг­лэлээр нарийн мэргэжил эзэмшүүлнэ гэдэг утгаараа энэ нь их ач холбогдолтой ажил болох юм.

-Иргэд Оюутолгой төсөлд ажиллахыг хүсч байгаа ч нарийн мэргэжил эзэмшээгүй учир ажилд авахгүй байна гэх. Сургалтад хамруулж мэргэжил эзэмшүүлэх төлбөрийг хэн гаргах вэ?

-Саяхан Ерөнхий сайд орон нутагт ажиллахдаа хөдөөгийн иргэд, залуустай уулзаж санал сэтгэгдлийг нь сонссон. Тэд Оюутолгойд хүчний голдуу ажил хийж, гэрээгээр цалин­жих бус үйлдвэрийн бүсэд тогтмол ажлын байраар хангагдах сонир­холтойгоо илэрхийлсэн.  Ингэхийн тулд “Оюу­толгой” ХХК-иас Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдтэй хамт­ран тодорхой мэргэжлүүдээр тэтгэлэгт сургалт явуулахаар болж байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам­наас гаргасан хөдөлмөр эрх­лэлтийн эрэлтийн судалгааны дагуу зам барилга, хот байгуулалт, уул уурхай, ашигт малтмал зэрэг эрэлттэй мэргэжлүүдэд тус компани тэтгэлэг олгох юм.

-Орон нутгаас 3300 ажилгүй иргэ­нийг авахдаа ямар квот барих вэ?

-Мэдээж бүс нутгийн онцлогийг харах байх. Дээрээс нь аймгийн хэмжээн дэх ажиллах хүчний тоо, эрэлт хэрэгцээг харгалзан тодор­хой квотод хуваан өгч, шат дараатай бэлдэнэ. Ажилгүй иргэдийг бүрт­гэхдээ хөдөлмөрийн төв бирж, орон нутгийн засаг захиргаатай хамтарна.  Дийлэнх хэсэг нь Өмнөговь аймгийн залуус байх болов уу. Удахгүй Засгийн газрын хуралдаан элсэн цөлд болно. Энэ үеэр Ерөнхий сайд Оюутолгойн ажилтай биечлэн танилцах юм. Тэр үеэр илүү тодорхой болох болов уу.

-Улаанбаатар хотоос 3000 ажил­чин Оюутолгой төсөлд ажиллуулах шийдвэр гарсан. Тэднийг энэ тоонд хамааруулах уу?

-Улаанбаатарын төсөл бол үйлд­вэрийн үндсэн бүсэд хамаарахгүй. Оюутолгой цалинжуулж нийслэлийн хот тохижилт, өнгө үзэмжийг дээш­лүүлэх чиглэлээр ажил олгож байгаа. Орон нутгаас авах 3300 хүн бол Оюутолгойн үндсэн ажилтан болно. Нарийн мэргэжил эзэмшсэн эдгээр хүмүүс одоо ажиллаж байгаа  1400 хүн дээр нэмэгдсэнээр нийт ажиллагсдын 60 хувь нь монголчууд байна гэсэн гэрээний үндсэн нөхцлийг хангаж байгаа юм. Энэ ажилд хамгийн гол нь хөдөлмөрийн хэлэлцээрийн гэрээг чанд баримтлах ёстой.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж