
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд баруун есөн аймагт албан томилолтоор ажиллан иргэдтэй уулзах үед ажлын байр хүссэн, тэр дундаа Оюутолгойн бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэх хүн олон байсан юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд энэ талаар онцгойлон ярьж, асуудлыг системтэйгээр шийдэх үүргийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд нарт тус тус өглөө. Ингэснээр орон нутгийн залуус Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сурч мэргэжил эзэмшиж, улмаар Оюутолгой төсөлд ажиллах боломж нээгдэж байна.
Оюутолгой ХХК манай иргэдийг ажлын байртай болгоход зориулж гурван жилийн хугацаанд 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн 3300 хүнд мэргэжил эзэмшүүлэх юм. 2010-2011 оны хичээлийн жилд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн материаллаг баазыг бүрдүүлэх, сургалтын болон дотуур байрны зардал, суралцагчдад тэтгэлэг олгоход дээрх мөнгөнөөс зарцуулна.
Бэлтгэгдсэн мэргэжилтэй ажилчдыг Оюутолгой төсөл болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа уул уурхай, зам, төмөр зам, аж үйлдвэрийн парк байгуулах зэрэг томоохон төсөл, бүтээн байгуулалтад ажиллуулах талаар Оюутолгой ХХК-тай ярьж тохирохыг холбогдох сайд нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
Түүнчлэн ажилгүй иргэдийг нэмж сургах боломжийг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв бүрээр тооцож, аймаг, нийслэлээс суралцах ажилгүй иргэдийн тоог нарийвчлан гарган, суралцагчдад сар бүр олгох тэтгэлгийн хэмжээг тогтоох болж байна.
Ажилгүй иргэдийг сургалтад хамруулахдаа урьдчилан нарийн судалгаа гаргаж, бэлтгэлээ бүрэн хангасны дараа өндөр хэмжээнд зохион байгуулан, сургалтад хамрагдах иргэдийг “Илгээлтийн эзэд”-ийн нэгэн адил тооцож дэмжлэг, туслалцаа үзүүлэх юм.
Оюутолгой төсөлд ажиллах гадаадын мэргэжилтэн, ажиллах хүчний тоог жил бүр тогтоохдоо Оюутолгой ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа иргэдийн тоог тус компаний монгол ажилтны тоонд оруулан тооцож байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Одоогийн байдлаар Оюутолгой төсөлд 4366 хүн ажиллаж байгаагийн 1618 нь гадаадын, 2748 нь монголчууд юм.
Оюутолгой төсөл нь дотроо барилга, ган хийц, механик, цахилгаан, дамжуулах хоолой зэрэг бүх салбарыг багтаасан дэд төсөлд хуваагдсан. 2012 он гэхэд ил уурхай ажиллаж жилийн дараа баяжмал үйлдвэрлэж эхлэхээр тооцоолж байна. Энэ жилдээ багтан суурийг нь тавьж, ирэх хавар ган хийцийг босгож, механик, цахилгаан, дамжуулах хоолойн хэрэгслийг суурилуулахаар төлөвлөжээ.
Сургалтын төлбөрийг Хүний хөгжил сангаас олгоно
Инфляцын өсөлтөөс үүдэн их дээд сургуулиудын төлбөр нэмэгдсэн нь сүүлийн үед иргэдийн дунд бухимдал үүсгээд байгаа юм. Тиймээс ард иргэддээ энэ хүндрэлтэй асуудлыг шийдэхэд нь туслах зорилгоор Засгийн газрын хуралдаанаас сургалтын төлбөрийн талаар авах зарим арга хэмжээний талаар тогтоол гаргахаар боллоо.
Үүнд 2010-2011 оны хичээлийн жилд их, дээд сургууль коллежид суралцагчдын сургалтын төлбөрийн 2010 оны 9-12 дугаар сард ногдох хэсгийг суралцагч өөрөө хариуцан, үлдэгдэл төлбөрийг 2011 оны нэгдүгээр сараас эхлэн Хүний хөгжил сангийн хишиг, хувиас тооцуулж төлүүлэх зохицуулалт хийхээр болж байна. Үүнтэй холбогдуулан сургалтын төрийн сангаас сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж олгохдоо 2010 оны 9-12 дугаар сараар тооцох, 2011 оны нэгдүгээр сараас Хүний хөгжил сангаас хишиг хувиа сургалтын төлбөр хэлбэрээр авахтай холбогдуулан санал боловсруулах, сургалтын төрийн сангийн шалгуур үзүүлэлт, журам холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах арга хэмжээ авахыг БСШУ-ны сайд Ё.Отгонбаярт даалгалаа. Дашрамд дурдахад 2010- 2011 оны хичээлийн жилд их,дээд сургууль, коллежийн дундаж төлбөрийг 726 мянган төгрөг байхаар тооцож байгаа юм байна. 2011 онд Хүний хөгжил сангаас нэг хүнд 500 мянган төгрөг олгогдохоор төлөвлөгдөж байгаа бөгөөд зөрүүг оюутан өөрөө төлөхөөр байна. Энэ зөрүү нь ойролцоогоор эхний дөрвөн сард ногдох сургалтын төлбөртэй тэнцэхүйц болохоор байна.
Том төслүүдийг хэрэгжүүлэхдээ ил тод байхыг үүрэг болгов
Засгийн газраас хэрэгжүүлэхээр баталсан бүтээн байгуулалтын төслүүдийн явцын талаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт нар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, 2008-2012 оны Засгийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, УИХ-аас баталсан хөтөлбөр төслүүдийн хүрээнд ЗТБХЯ-наас дараах төслүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн болжээ. Тухайлбал барилгын салбарт 100 мянган айлын орон сууц, 96 сум дундын төв загвар төслийг хийхээр төлөвлөж байгаа бол, Авто замын салбарт 5572 км улсын чанартай автоа зам, 990 км хурдны зам, Улаанбаатар хотод 350 км автозамын шинэчлэлт, мөн Улаанбаатар хотод 212 км авто зам, долоон цэгт гүүрэн гарц барих юм байна. Харин төмөр замын салбарт төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын шинэ төмөр замын суурь бүтэц барих нэгдүгээр үе шатыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Мөн үйлдвэржүүлэх хөтөлбөрийн хүрээнд Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг эхлүүлэх юм байна. Дээрх төслүүдийг хэрэгжүүлж эхлүүлэхэд шаардлагатай байгаа холбогдох тооцоо, судалгааны ажлуудыг ч хийж дуусгажээ.
Засгийн газрын хуралдаанаас дээрх төслүүдийг яаралтай хэрэгжүүлж эхлэх, үүний тулд төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа санхүүжилтын эх үүсвэрийг уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэх баталгаа гаргах замаар бий болгох талаар шийдвэрийг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Тавантолгой ордыг ашиглах талаарх УИХ-ын тогтооолыг хэрэгжүүлэх тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын мэдээллээс үзвэл олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн түвшний уурхай байгуулах, бүс нутгийн зах зээлд нүүрс нийлүүлэх, борлуулах нэгэн гол тоглогч болох зорилгоо хангахын тулд Тавантолгой ордыг ашиглах ажлыг цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа аж. Ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч төрийн өмчит компани олборлолтын үйл ажиллагааг явуулах бэлтгэл ажлыг эхлүүлж, хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүүлэх талаар нэлээд ажил хийгдээд эхэлжээ. Тавантолгой ордыг ашиглах талаарх УИХ-ын тогтоолын үзэл санааг дэлгэрүүлж, нарийвчлан зохицуулсан тодорхой шийдвэрийг Засгийн газрын түвшинд гаргах шаардлагатай гэж Д.Зоригт сайд хэллээ. Ерөнхий сайд мэдээллийг сонссоны дараа энэ ажил нь нэгдүгээрт нээлттэй ил тод байх, чадварлаг баг ажиллуулах, мөн монгол улс өөрийн эрх ашгаа нэгдүгээрт тавих ёстой гэдгийг сануулаад, бүтээн байгуулалтын томоохон ажлыг эрчимжүүлэх үүргийг өглөө.
Томилолт амжилттай боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хөдөөгийн иргэдийн аж амьдралтай газар дээр нь танилцахаар баруун болон төвийн бүсийн есөн аймгаар яваад ирсэн билээ. УИХ болоод Засгийн газрын зарим гишүүд, яам агентлаг, хэвлэл мэдээллийн ажилтнууд бүхий өргөн бүрэлдэхүүнтэйгээр 5600 орчим км газрыг хорь гаруй хоногийн хугацаанд туулж, нийт ард иргэдтэй 21 удаа уулзалт хийжээ. Төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй байгууллагын ажил байдалтай танилцан, давхардсан тоогоор 6300 орчим иргэд албан хаагчидтай уулзах явцад 200 гаруй санал шүүмжлэл, хүсэлт гарсан байна. Энэ хугацаанд орон нутгийн хэмжээнд тулгамдаад байгаа 16 асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.
Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын орон нутагт хийсэн томилолтыг хэлэлцэж, хамтарсан Засгийн газрын хувьд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн танхимын гишүүд дүгнэлээ. Иргэдийн засгийн газартаа итгэх итгэл улам нэмэгдэж, хамтарсан Засгийн газар хамтраад юм хийж чадаж байна гэх урам очсон газар бүрт анзаарагдаж байсныг Ерөнхий сайд хуралдааны үеэр тэмдэглэлээ. Засгийн газар сайн ажиллавал бид ч бас ажлаа сайн хийх болно гэдэг эрмэлзэл их байгаагаа иргэд Ерөнхий сайдаас нуугаагүй аж. Малчдын зээлийн асуудал, сургалтын төлбөр, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, ажлын байрны хүсэлт зэрэг иргэдийн зүгээс тавьж байсан эдгээр асуудлыг цаг алдалгүй, системтэй шийдэхийг холбогдох сайд нарт Ерөнхий сайд үүрэг болголоо. Тухайлбал, оюутны сургалтын төлбөрийг “Эх орны хишиг”-ээс шийдэх боломжийг судлах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлахад шаардагдах улсын нөөц бүрдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг 2011 оны улсын төсвийн төсөлд тусгах зэрэг болон бусад зайлшгүй шийдэх ёстой асуудлуудыг аймаг бүрээр нь нэг бүрчлэн гаргаж, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт хугацаа заан үүрэг болголоо.Мөн хэрэгжилтэнд нь хяналт тавих ажлыг зохион байгуулалтайгаар хийхээр Засгийн газрын хуралдаанаас тохирлоо.
Ерөнхий сайдын энэ удаагийн томилолт өндөр ач холбогдолтой болсны хэрээр мөн хүлээлт бий болгож байгааг танхимын гишүүд тэмдэглэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас дамжууллаа.