Онцгой албан татварын хэмжээг өөрчлөв

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Онцгой албан татварын хэмжээг өөрчлөв

Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа А-80 автобензинд 220 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 150 000 төгрөг болгов. Харин АИ-92 автобензин болон дизелийн түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварыг хэвээр үлдээж 2010 оны наймдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ногдуулахаар болов.

Бусад алслагдсан боомтоор оруулж ирэх автобензин, дизель түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварын хэмжээг хэвээр мөрдөхөөр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Түүнчлэн өчигдрийн хуралдаанаар ЭБЭХЯ-наас оруулсан “Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. ОХУ-ын Роснефть компаниас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ наймдугаар сард долдугаар сартай харьцуулахад А-80 автобензин тонн тутамд 68 ам доллар, АИ-92 автобензин 3 ам доллараар өссөн учир 8 дугаар сарын хилийн үнэ дээр татвар хураамжуудыг тооцож, агуулахын өртөг үнээр худалдах нь зүйтэй гэж үзжээ. Газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ 2010 оны 1 дүгээр сард тонн нь 690 орчим ам.доллар байсан бол 8 сард 848 ам.доллар болж өсчээ. Цаашид хилийн үнэ буурах магадлалтай байгаа тул Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр нөөцөлсөн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тохиромжтой үе гэж ЭБЭХЯ-наас үзэж байна. Асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо. Дизель түлшний импортын үнэ 40 мянган төгрөгөөр буурсан хэдий ч өвөлжилтийн бэлтгэл, намрын ургац хураалтын ажил эхэлж байгаа учир татварыг нэмэхгүй байх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.

ИРГЭД ЗАСГИЙН ГАЗАРТАА ХАНДСААР БАЙНА

Төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллагуудад 2010 оны 2 дугаар улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлын тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Төрийн захиргааны төв байгууллагад иргэдээс 14877 өргөдөл гомдол ирсний 96.6 хувийг барагдуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.0 хувиар нэмэгджээ. Нутгийн захиргааны байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 95.6 хувьтай байна. Иргэд төрийн захиргааны төв байгууллагад хандан ихэвчлэн гэр, орон сууцаар хангах, ажлын байртай болох, газар эзэмших, хөдөлмөр эрхлэх, зээл, мөнгөн тусламж, эмчилгээний зардал  хүсчээ. Харин нутгийн захиргааны байгууллагууд малгүй болсон малчдын нийгмийн асуудал, банкны зээлийг хөнгөлөх, ажлын байр, мөнгөн тусламж, газар эзэмших, гэр, орон сууцтай болоход хөнгөлөлттэй зээл үзүүлэхийг хүссэн өргөдөл хүлээн авсан байна. 

УСАН САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮСИЙГ ТОГТООЛОО

Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн эргэлтүүдийн цэгүүд,  усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоосон цэг, ойн сан бүхий газрын хилийн газарзүйн солбицолыг тогтоосон ажлын хэсгийн тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан тусгай зөвшөөрөл нь цуцлагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад олгох нөхөн олговрын тухай журам боловсруулж 9 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газрын хуралдаанд оруулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт үүрэг болголоо.

Энгийн хамгаалалтын бүсийг улсын хэмжээнд 3335 талбайн 2833700 газарзүйн цэгийн солбицолыг тогтоож зурагт буулгасан байна. Улсын хэмжээнд 2007 онд  гадаргын усны тоо бүртгэлээр устай бүртгэгдсэн гол горхи, булаг шанд, нуур тойромын 71,6 хувийг хамруулж, энгийн хамгаалалтын бүсийг тогтоожээ.  Энэ ажлын хүрээнд 21 аймгийн 314 сумын Засаг даргын захирамж гаргуулан 89049,49 км.кв талбайг хамгаалалтад авч Усны мэдээллийн санд авч нэгтгэсэн байна. Хамгаалалтын бүсийг байршил, геологийн тогтоц зэргээс нь хамаарч хангайн уулархаг нутагт 200-500 м хүртэл, тал хээр, говьд 500-5000 м хүртэл зурвас үүсгэн газарзүйн солбицолыг хэмжиж баталгаажуулжээ. Хамгаалалтын бүс тогтоох ажилд төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн 483 албан хаагч, иргэн оролцон, ажлын 54 хэсэг гарч 2010 оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн 60 гаруй хоног ажилласан байна.

 
ТОВЧХОН

  • УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Д.Одбаяр, Б.Батбаяр, Д.Арвин нарын санаачлан боловсруулсан “Дархан цаазат газрын нутаг дэвсгэрээс зарим газрыг чөлөөлж, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзэн төсөл санаачлагч нарт уламжлахаар болов. Төсөл санаачлагчид Богдхан уулын болон Дорнод монголын дархан цаазат газрын нутаг дэвсгэрийн зарим хэсгийг чөлөөлөхөөр тогтоолын төсөл санаачилжээ. Дээрх газрууд нь Дэлхийн Хүн ба Шим мандалын дархан газрын сүлжээнд хамрагдсан, түүнчлэн хууль зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжийн ашиг сонирхолд нийцүүлэн дархан цаазат газрын зарим хэсгийг чөлөөлөх нь Үндсэн хуульд нийцэхгүй гэж Засгийн газар  үзлээ.

  • Засгийн газрын 2010 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Засгийн газар оны эхний хагаст цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд түлхэц болох томоохон арга хэмжээг бодит ажил хэрэг болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг нь дэмжих чиглэлээр хүчин чармайлт гаргаж ажиллалаа. Байгалийн гамшиг, зудыг хохирол багатай  даван туулах, малчдад тусламж, дэмжлэг үзүүлэх, хаврын тариалалт, уринш бэлтгэхэд онцгой анхаарсан байна. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан зэргийг хэлж болох юм.  Засгийн газар оны эхний 7 сард 43 удаа хуралдан 553 асуудал хэлэлцэн шийд гаргасан байна. 18 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар, 4 асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид, 60 асуудлыг Улсын Их Хуралд тус тус өргөн мэдүүлэхээр, 8 асуудлыг Улсын Их Хурлын Байнгын хороотой зөвшилцөхөөр, 34 асуудлыг хууль санаачлагчид уламжлахаар, 33 асуудлыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хойшлуулахаар, 61 асуудлаар Ерөнхий сайдын захирамж, 198 асуудлаар Засгийн газрын тогтоол гаргажээ.

  • Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж зэрэг 141 шийдвэрийн 217 заалтыг Засгийн газар хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнээс  59 заалт буюу 27.1 хувь нь биелж, 145 заалт буюу 67.3 хувь нь хэрэгжих шатанд, 12 заалтын биелэлтийг тооцох хугацаа болоогүй, 1 арга хэмжээ тасарсан байна.

  • “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөр худалдан авч нөөцөлсөн бензин, шатахууныг газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад гэрээний үндсэн дээр зах зээлийн үнээр худалдан борлуулж, орлогыг 2010 оны 11 дүгээр сарын 15-ны дотор улсын төсөвт төвлөрүүлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний болон Сангийн сайдад даалгалаа. 2008 оны 8,9 дүгээр сард нөөцөд авсан 28.29 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнээс одоо 24.09 мянган тонн үлдээд байна.

  • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 14 дүгээр хуралдааныг 2010 оны 8 дугаар сарын 26-30-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах нь зүйтэй гэж үзэв.

  • Өмнөговь аймаг дахь Гашуун сухайтын боомтыг “Химийн хорт болон аюултай бодис улсын хилээр нэвтрүүлэх боомтын жагсаалт”-д нэмж оруулав.

  • МИ-8 нисдэг тэрэгний осолд орж бэртсэн Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийн шүхэр, шүхрийн дагалдах хэрэгслийн техникч, дээд түрүүч Ж.Бадамжунайн эмчилгээний зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Дээд түрүүч Ж.Бадамжунай нь 2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраах үүргээ гүйцэтгэж яваад осолд өртсөн онцгой байдал үүссэн, хөлнийх нь дунд чөмөгний бэхэлгээ төмрийг авах боломж манай улсад байдаггүй учир Засгийн газар хөрөнгийн асуудлыг шийдсэн байна.

  • Улсын төсвийн хөрөнгөөр геологийн 1:50 000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажил хэрэгжүүлэх зорилгоор талбайг нөөцөд авлаа. 2010 онд шинээр нийт 24455,45 кв.км талбайд геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил хийхээр тусгасан бөгөөд үүний 30 хувь буюу 13385.6 кв.км талбайд геологийн судалгааны ажил хийхээр тооцжээ.

  • Монголын Хүүхдийн спортын 4 дүгээр их наадмыг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс 2011 оны 8 дугаар сарын 20-ныг дуустал орон даяар зохион байгуулах болов. Наадам нь өсвөр насныхныг спортын арга хэмжээнд өргөнөөр хамруулах, спортоор хичээллэх сонирхлыг нь өрнүүлэх, тамирчдын залгамж халааг илрүүлэх,  өсвөр үеийнхний өвлийн болон зуны олимпийн наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой юм.

  • “Монгол туургатан” хүүхдийн өвлийн спортын анхдугаар наадмыг 2011 оны 2 дугаар сард, “Монгол-2011” олон улсын хийн бууны аварга шалгаруулах тэмцээнийг 5 дугаар сард, “Чингис хаан-2011” дэлхийн цомын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнийг 7 дугаар сард Орхон аймагт, Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж