Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Сингапурын сониноос

Томчууд баяр хүргэв

Олимпийн хоёр дахь өдөр чөлөөт бөхийн алтан медаль хүртсэн бяцхан нядхан Баатарзоригийн Батцэцэгт хамгийн түрүүнд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Баясгалан, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нар утсаар баяр хүргэж, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа баяр хүргэсэн илгээлт хүргүүлсэн байна. Түүнчлэн “Женко” Х.Баттулгын сингапур найз нар манай 11 тамирчин хүүхдэд гарын бэлэг өгөхөөр амласан гэнэ. Мөн Б.Батцэцэгийн алт авах торгон мөчийг ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге, Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Р.Мартинетти, Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Ким Чан Кью нар МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван нартай хамт үзэж сонирхсон нь таатай үйл явдал болов.

Алдар Балжиннямаев алдраа мандуулав

“Сингапур 2010”-д ОХУ-ын багт хүч сорьж буй буриад хөвгүүн Балжиннямын Алдар чөлөөт бөхийн хөнгөн жинд түрүүлж, олимпийн аварга цол хүртэв. Тэрбээр Ираны бөх Мехран Шейхиг 4-0ээр шигшээ барилдаанд ялан түрүүлсэн билээ. Түүнийг дагалдаж ээж нь хүрэлцэн ирсэн бөгөөд Монголын тамирчин Б.Батцэцэг гялалзтал сайхан барилдаж түрүүлсэнд сэтгэл их хөдөлж, бас хүү нь олимпийн алтан медаль хүртсэн нэн баяртай буйгаа илэрхийлэв. Дашрамд дурдахад Монголын “Алдар” спорт хорооны дарга О.Балжинням аварга ч бас монгол үндэстэн жаал Алдар Балжиннямаев алтан медалиар энгэрээ мялаасанд баяртай буй гэнэ.

Елена Исинбаева монголчуудтай дотносов

Энэ жил 28 настай, олимп, дэлхийн аварга, тулгууртай харайлтын од тамирчин Елена Исинбаева Монголын төлөөлөгчидтэй уулзаж, манай улсын түүх соёлыг зэгсэн сонирхож, Чингис Хааныг гүн хүндэтгэдгээ илэн далангуй өгүүлэв. Тулгууртай харайлтаар дэлхийн рекорд амжилтыг 36 удаа шинэчлэн тогтоосон татар бүсгүй 2013 онд зодог тайлах гэж буйгаа илэрхийлээд энэхүү наадамд олимпийн элчээр томилогдсондоо баяртай буйгаа илэрхийлж, анх удаа ямар ч сэтгэлийн дарамтгүй алхаж буйдаа баяртай байгаа ажээ. Мань бүсгүй Хятадын “Ли нинь” компанитай гэрээ байгуулсны дагуу Сингапурын хөгжлийн бэрхшээлтэй сургуульд 200 000 юаний спортын хэрэглэл материал хандивлах ёслолд оролцсон байна. Хэрвээ монголчууд тулгууртай харайлтыг хөгжүүлэхийг хүсвэл багш С.Бубкагийн хамт чинь сэтгэлээсээ туслахад бэлэн буйгаа Елена бидэнд илэрхийлсэн билээ.

Стефани гүнж дасгалжуулагч болсон нь

Усанд сэлэлтийн танхимд Монакогийн гүнж Стефани нэлээн сандарсан маягтай наашаа, цаашаа холхино. Энэ жил 45 нас хүрсэн гүнжийн төрсөн охин Паулина усанд үсрэлтээр маргааш өрсөлдөх тул ээжийн хувьд ийнхүү сэтгэл хөдөлж буй нь энэ гэнэ. Мэнд усаа мэдэлцсэний дараа Стефани бага зэрэг тайвширч, олон олимпод явсан болов ингэж сандарч үзээгүй хэмээн учирлана. Түүний элэнц өвөө нь 1920-оод онд олимпийн гурван алтан медаль хүртэж байсан бол авга ах Альберт нь таван олимпод бобслейн тамирчнаар уралдсан ажээ. ОУОХ-ны гишүүн Альберт ханхүү нь хааяа манай алдарт уран нугараач, өдгөө Герман улсад ажиллаж, амьдарч буй Энхцэцэгийг зоогонд урьдаг сурагтай. Харин Паулина охин 2012 оны Лондонгийн олимпод оролцох чин хүсэлтэй гэнэ.

Мирасмаэлигийн “дүү”

Афин 2004 олимпийн үеэр дэлхийн 2 удаагийн аварга, Ираний жүдоч Р.Мирасмаэли нь Израйл бөхтэй сугалаа таарсны дараа улс төрийн шалтгаанаар барилдахаас татгалзсаныхаа дараа Тегеранд ардын баатраар тодорч, олимпийн аваргатай тэнцэхүйц хэмжээний 120000 ам.долларын шагнал хүртэн лалын ертөнцөд дуулиан тарьж байсан нь саяхан мэт. Гэтэл Сингапур-2010 олимпийн хөвгүүдийн тэквондогийн 48 кг-ийн шигшээ тоглолтонд шалгарсан Ираний 16 настай М.Солеймани мөн л Израйлийн Г.Хаймовицийн эсрэг тоглосонгүй хөөрхөн шуугиан дэгдээв. Гэвч түүний дасгалжуулагч тамирчныхаа өвдөгний гэмтлийг Сингапур эмч нараар шалгуулсны дараа ОУОХ-ны ерөнхийлөгчид мэдээлэл хүргүүлж асуудал нэг тийшээ шийдэгдэв.

Либерийн усчид

Энэхүү олимпод бүх хүүхдүүд анх удаагаа оролцож байгаа нь тодорхой боловч Либери улсаас ирсэн хоёр хар жаалын бүх юм анхных ажээ. Тэд анх удаа усан сан гээчид сэлж, анх удаа онгоцонд сууж алсын Африкаас Сингапурт буужээ. Тэд загас бүхий задгай голд сэлж, бэлтгэлээ хангадаг байсан бөгөөд олимпод оролцох зөвшөөрөл ирмэгц 12000 км агаарын хүлгээр нисэн ирсэндээ бахархаж байна.

Экс-СССР-ийн бөхчүүд хүчтэй байна

Өсвөрчүүдийн олимпийн бөхийн тэмцээн хуучин ЗХУ-ын бүх ард түмний спартакиад шиг болж байх шиг. Нэгэн жинд Киргиз, Узбек, Украйны бөхчүүд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бол өчигдрийн барилдаанд А.Балжиннямаев, А.Пшнатов (Хоёул ОХУ), А.Магоемабиров (Азербайжан) нар түрүүлсэн байна.

Янз бүрийн алтууд

Канадын анхны алтыг чөлөөтийн охин Д.Ец ердөө 157 секундэд эх орондоо авчирсан бол БНАСАУ-ын хүндийг өргөгч Ким Сон Чул 257 кг-ийг өргөн байж нэгдүгээр байрт шалгарав. Харин Азербайжанаас ирсэн хөгшин царайтай бөхчүүд 4 дахь алтаа халааслаад байгааг хүмүүс онцолж байна.

БТСГ-ын удирдлага олимпийн тосгонд

БТСГ-ын дарга Ч.Наранбаатар олимпийн тосгонд зочилж, баг тамирчидтай уулзав. Тэрбээр хамгийн түрүүнд олимпийн анхны алтан медаль хүртсэн Б.Батцэцэг ба түүний багш Д.Мөнхбаатар нарт баяр хүргээд Засгийн газраас аварга тамирчинд 40 сая төгрөг, дасгалжуулагчид нь 20 сая төгрөгийн шагнал олгох болсныг дахин баталгаажуулав. Мөн 21-нд тэмцээн нь эхлэх жүдо, боксын тамирчдыг хичээл зүтгэл гаргахыг хүсээд, тамирчдын байр, тосгоны байдалтай танилцав. Түүнийг БТСГ-ын гадаад харилцааны хэлтсийн дарга Н.Оюунбат дагалдан явлаа.

“Малайз” Марал монгол жүдочны төлөө

Малайз улсад жүдо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж буй, Д.Маралгэрэл өөрийн анд Д.Энхбаатарт утсаар мэнд дамжуулж, тэмцээнд амжилт хүсэв. Тэрбээр яг одоо Тайпэй хотод болж буй олон улсын тэмцээнд багтайгаа оролцож буй бөгөөд жүдогийн тэмцээнээс өмнө Сингапурт амжиж ирэхээр яарч байна. Д.Маралгэрэл нь 1992 оны Барселона-92 олимпийн наадамд оролцож байсан ахмад тамирчин юм. Түүнээс өмнө Малайзад гавьяат Д.Баттулга уг албан тушаалыг 8 жил хашсан билээ.

Хамгийн, хамгийн … ба гавьяатууд

Монголын багийн хамгийн залуу тамирчин спортын гимнастикийн 14 настай охин Б.Соёлсайхан бол хамгийн “ахмад” нь 18 настай Г.Өлзийбадрах ажээ. Дасгалжуулагчдыг 36 настай гимнастикийн багш Ч.Энхтүвшин тэргүүлж байгаа бол усны зааварлагч Г.Галбадрах түүнээс 10 дүүгээрээ залуурхаж байна. Манай төлөөлөгчдийн хамгийн азай буурал олимпийн өвөө Ш.Магван нөгөөдөр нас сүүдэр 83 хүрэх бол бяцхан соёлоо маань 8 сарын 21-нд 15 настайгаа золгоно. Багийн ахлагч Х.Бадамсүрэн аж үйлдвэрийн гавьяат, ОУОХ-ны гишүүн Ш.Магван соёлын гавьяат, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн гавьяат бол БТСГ-ын дарга Ч.Наранбаатар гавьяат дасгалжуулагч цолтой билээ. Одоо олимпийн аварга, түүний багш нарын энгэрт Гавьяатын одон гялалзах нь дамжиггүй ээ!

Загас нь спортоосоо илүү

Арлын годгор Тувалу улсаас ганцхан бадминтоны тамирчин энд иржээ. ОУОХ-ны шинэхэн гишүүн Тувалугийн багийн ахлагч Т.Тоафагийн хэлснээр тэнд ердөө ганцхан талбай, 4-хэн тоглогч байдаг гэнэ. Энэ арал нь спорт биш, харин төрөл бүрийн загас байдгаараа алдартай юм байна.

Жентельмэн Себастьян Коэ монголчуудад номоо дурсгав

Москва-80 олимпийн 800 метрийн гүйлтийн аварга, Их Британийн нэрт тамирчин Себастьян Коэ энэ жил алтан медалийнхаа 30 жилийн ойг тэмдэглэх үүднээс “Winning mind” (Ялан дийлэхийн ухаан) дурамжийн ном бичжээ. Өдгөө Лондон-2012 олимпийн хороог тэргүүлдэг, англи жентельмэн олон газар уулзалт хийж, хүүхдүүдэд үнэтэй сургаалиа хайрласаар явна. Тэрбээр дандаа ялан дийлэхийн төлөө улайрах бус спортын утга учрын гүнзгий ойлгохын утга учрын тайлбарлах дуртай нэгэн. Себастьян Коэ уг номноосоо МҮОХ-нд нэгийг дурсган, Лондон-2012-т монголчууд олон хүний бүрэлдэхүүнтэй оролцохыг хүсэв.

Сингапур. 2010.08.18.
Ж.Отгонцагаан, Б.Өлзийтогтох.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж