Нью-Йоркийн шүүх Монголын талд шийдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Нью-Йоркийн шүүх Монголын талд шийдвэрлэжээ

Мягмар гаригт болсон Холбооны давж заалдах шатны шүүхэд Нью-Йорк хот ялагдаж, шүүхийн шийд Монгол, Энэтхэг улсуудын талд гарсан байна.  Энэ нь дээрх улсуудын дипломат төлөөлөгчийн газрууд эзэмшиж байгаа боловч ашиглахгүй байгаа газраас татвар авахыг хүсэж байгаа хотын захирагч Блүүмбергийн захиргааны долоон жилийн оролдлогод няцаалт боллоо гэж “The New York Times” агентлаг мэдээллээ.

АНУ-ын давж заалдах шатны шүүхийн гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүх Энэтхэг, Монгол улсуудын давж заалдсан хэргийг дахин нягтлан үзээд Нью-Йорк хот дээрх улсуудаас 50 гаруй сая ам.долларыг татвар болон хүүнд авахаар нэхэмжилснийг үгүйсгэсэн байна. Давж заалдах шатны шүүх дээр Нью-Йорк хотын ялагдсан энэ хэрэг сүүлийн хэдэн жилийн турш маргаантай байсан юм. Өмнөх жилүүдэд Нью-Йорк хот энэ хэрэгт давамгайлах байр суурьтай байсан. Хэргийг харъяаллын дагуу АНУ-ын Дээд шүүхээс нягталж үзээд Нью-Йорк хотын талд шийд гаргасан. Түүний дараа зарим зүйлс дутуу байсантай холбоотойгоор доод шүүхрүү буцаахад доод шүүхэд хот мөн дахин ялсан. Энэ зуур Нью-Йорк хот Турк, Филиппиний засгийн газартай заргалдсан заргаа авч олон сая долларын төлбөр хийлгүүлж чадсан юм.

Гэвч 2009 онд Төрийн Департаментаас гаргасан мэдэгдэлтэй холбоотойгоор Нью-Йоркийн нэхэмжлэлийг шийдэх хандлага өөрчлөгдөх шинжтэй болсон бөгөөд уг мэдэгдэл Мягмар гаригт шүүхийн шийд Нью-Йоркийн эсрэг талд гарах үндэс болжээ. 2009 оны уг мэдэгдэлд гадаадын засгийн газруудын эзэмшиж байгаа, НҮБ болон консулын хэлтэст томилогдон ажиллаж байгаа ажилтнуудын үл хөдлөх хөрөнгийг татвараас чөлөөлөх ёстой талаар дурдсан байна. Төрийн Департаментаас гаргасан мэдэгдэл нь хугацааны хувьд буцаж үйлчилсэн байна.

Монгол Улсыг болон Энэтхэгийг төлөөлж байгаа хуульч Аарон Стифел шүүхээс гаргасан шийдийн талаар “Бүрэн ялалт боллоо. Одоо өмнөх болон ирээдүйн татвар гэсэн асуудал байхгүй боллоо. Энэ нь АНУ болон өөр улсуудын хоорондын зөрчилтэй асуудалд цэг тавьсан явдал болж байна” гэж ярьжээ.Нью-Йорк хотын корпорацын Майкл А.Кардозо шүүхээс гарсан шийдвэрийн талаар мэдэгдэл хийхдээ “Сэтгэл маш дундуур байна. Энэ шийдээс болж гадаадын улсууд Нью-Йорк хотын зарим өмчийг бүрэн эрхтэй ашиглаж, орон нутгийн татвар төлөгчдөд нэмэлт хүндрэл учруулах болно. Шүүхээс гарсан шийдвэрийг АНУ-ын Дээд шүүхэд давж заалдах болно” гэж мэдэгдсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж